Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн баяраар олон хүн цугласан газар хүүхдээ аваачихгүй байхыг сэрэмжлүүлж байна

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийнажилтан Ч.Уртнасангаас хүүхдийн баярыг угтуулан гаргасан эмч мэргэжилтнүүдийн сэрэмжлүүлгийн талаар тодрууллаа.

-Улаанбурхны дэгдэлттэй холбоотойгоор Хүүхдийн баяраар олон хүн цугласан газар хүүхдээ аваачихгүй байхыг танай Шуурхай удирдлагын төвөөс уриалсан байна лээ, энэ талаар тодруулаач?

Тийм ээ, улаанбурхны дэгдэлттэй холбоотойгоор дараахь сэрэмжлүүлэг өгч байгаа.

Яагаад гэвэл Улаанбурхнаар зонхилон өвчилж байгаа 6 сараас дооших насны хүүхдүүдэд дархлаа сул юм уу, байхгүй байгаа, 6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдүүдэд дөнгөж өнгөрч буй 10 хоногт вакцин тарьсан. Энэ тарьсан вакцины үр дүн гарч дархлаа хараахан тогтож, амжаагүй байгаа. Иймээс хүүхдүүд маань халдвар авбал өвчлөх эрсдэлтэй учраас Хүүхдийн баяраар олон хүн цугласан газар хүүхдээ аваачихгүй байхыг сэрэмжлүүлж байгаа юм.

Одоогоор нийслэлийн бүх дүүрэгт болон хөдөөгийн ихэнх аймгуудад улаанбурхны өвчлөлийн 8200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. ХӨСҮТ-д 811 өвчтөн, 312 сахиур байгаагаас 500 гаруй нь улаанбурхны хүндрэл оноштойгоор эмчлэгдэж, хүлээн авах, яаралтай тусламж, амбулаториор долоо хоногтоо 4804 хүн хандаж үзүүлснээс 788 нь хэвтэж, 200-аад нь хүнд, хүндэвтэр байдалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ ачаалал ихтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн 1633 улаанбурхан өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тархвар зүйн тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ авч, аймаг, дүүрэгт мэдээлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Улаанбурхан өвчний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа голомтын арга хэмжээ, нэмэлт дархлаажуулалтын явц, хамралтын мэдээ, мэдээллийг өдөр бүр ЭМСЯ-ны шуурхаймэдээллийн төвд хүргүүлж, нийтийн мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлж байна.

– Олон хүн цугласан газар улаанбурхны дэгдэлт болох эрсдэлтэй юу?

Тийм ээ, эрсдэлтэй. Улаанбурхан агаар-дуслаар, амьсгалын замаар дамжиж халдварладаг, халдварлалтын зэрэг өндөр, бараг 100 хувьтай өвчин. Өвчин дэгдэлт байдлаар гарч байгаа өнөө үед цугларсан олон хүний дотор улаанбурхны халдвар авчихсан, өвчний эхэн үедээ маш их халдвар тараах үе шатандаа байгаа хүн явж байж болох юм. Хөнгөн хэлбэрээр өвдчихсөн тоохгүй явж байж ч болно. Өвдөөд эдгэрэлтийн шатандаа яваа хүн ч байж болно ш дээ.

Иймээс амьсгалын замын халдвараас сэрэмжлэх хэрэгтэй.

-Хүүхдийн баяр, цэцэрлэг сургуулийн төгсөлтийн элдэв баярын үеэрэцэг эхчүүд юу анхаарах вэ?

-Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхөд анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл өвөл хаврын улиралд ханиад шуухинаа хүрч өвчилж, дархлаа суларсан бага насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийнхэн амьсгалын замын бусад халдварт өвчин тухайлбал улаанбурхан өвчинд өртөх эрсдэл өндөр тул урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахгүй байх нь дээр.

-Нэг залуу эмийн санд ороод улаанбурхнаас сэргийлдэг эм, аминдэм байна уу гээд явж байхтай тааралдсан. Ер нь улаанбурхнаас сэргийлэхийн тулд юу анхаарах вэ?

-Олон нийтийн газраар битгий яв. Өрөө тасалгаа, анги танхимаа хоёр цаг тутамд 15 минутаар агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгах бодисоор халдваргүйжүүлэх хэрэгтэй. Амны хаалтыг зүүж, хоёр цаг тутамд сольж зөв хэрэглээрэй. Биеийн эсэргүүцлийг сайжруулахад сайн унтаж амрах, амин дэмээр баялаг, хөнгөн чанарын шингэцтэй хоол хэрэглэх, Өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд эмчийн зааврын дагуу хэвтрийн дэглэм баримталж, гэрийн нөхцөлд эмчилгээг бүрэнхийлгэж, хүндрэлээс сэргийлэх хэрэгтэй.

-Дархлаагаа сайжруулахын тулд юу хийх вэ?

-Хамгийн өвөрмөц найдвартай сэргийлэлт бол товлолын дагуу улаанбурхны эсрэг вакцинд хамрагдах явдал юм. Эмчийн зөвлөмж болгоогүй ялангуяа өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик эмийг хэрэглэхгүй байх.Септилин, иммуна зэрэг бие махбодийн өөрийгөө хамгаалах механизмыг эрчимжүүлдэг бэлдмэлүүд болон витамин С, витамин А, поливитамин зэрэг дархлааг дэмжигч амин дэмүүдийг нэмэлтээр хэрэглэж болно.

-Вакцинд хамрагдах ёстой зургаан нас хүртэлх хүүхдүүдийн хэдэн хувь нь хамрагдаж байна вэ?

-Улаанбурхны нэмэлт дархлаажуулалтын хамралтын мэдээг аймаг, дүүрэг бүрээс өдөр бүр авч нэгтгэж байна. Хамралт 5 дугаар сарын 27-ны байдлаар 80 гаруй хувьтай явагдаж байна. Хамралтын хувь бүрэн биелээгүй байгаа учраас дархлаажуулалтыг хугацааг тав хоногоор үргэлжлүүлж сунгаж 100 хувьд хүргэхээр ойрын хоногуудад эрчимтэй ажиллах шаардлагатай байна. Хүүхдүүдээ вакцинд нь хамруулахад илүү анхаарна уу.

-Улаанбурхан тусах эрсдэлтэй гэж үзсэн томчууд вакцин тариулах боломж бий юу?

-Боломжтой, Сайн дураараа улаанбурхны вакцин тариулж болно. Ажлын өдөр, ажлын цагаар, ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар тариулж болно. 1 хүн тун нь 10,000 төгрөгийн үнэтэй. 451798 дугаарын утсаар лавлаж болно. Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 611 хүн тун, ХААИС-ийн дотуур байрны оюутнуудад 525 хүн тун, Хүмүүнлэгийн их сургуульд 100 хүн тун, Хууль сахиулахын их сургуульд 300 хүн тун, 2-р сургуульд 44 хүн тун, АӨСҮТ-д 75 хүн тун, хил хамгаалах байгууллагад 188 хүн тун, Бамбууш ХХК-ийн 50 ажилчдыг вакцинд хамруулсан байна. Сайн дурын болон голомтын хавьтагсдад вакцин тарих ажил үргэлжилж байна.

-Жирэмсэн хүмүүс юу анхаарах вэ?

-Урьд нь улаанбурхнаар өвчилсөн болон товлолынхоо дагуу улаанбурхны вакцинд бүрэн хамрагдаж байсан бол жирэмсэнд их нөлөөлөөд байх зүйлгүй. Харьяа эрүүл мэндийнхээ төвийн эмчийн хяналтдаа сайн явах, улаанбурхны сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах нь зүйтэй.

Иргэдэд нэмэлт дархлаажуулалт болон дархлаажуулалттай холбоотой зөвлөгөө зөвлөмжийг 451798 утсаар тогтмол өгч байна.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *