Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ тээж байхдаа л зар тавиад үрчлүүлье гэж ярилцсан

-ЗАРЫН ДАГУУ ХӨДӨӨНӨӨС ИРЖ ОХИНЫГ НЬ АВЧЭЭ-

Автобусны буудлын дэргэдэх зарын самбар дээр алгын чинээ цаасан дээр “Нэгдүгээр сарын 4-нд төрсөн хүүхэд өргүүлнэ” гэж бичээд наасан нь олны анхаарал татаж байна. Гудамжинд “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зар наагаад утсаа үлдээсэн нь анхны тохиолдол гэж олон хүн өчигдөр шуугилаа. Энэ зарыг харсан зарим нэгэн нь цахим хуудастаа “Зар тавиад хүүхдээ зарчихдаг болсон юм уу” гэж дургүйцлээ илэрхийлжээ. Нөгөө хэсэг нь “Гудамжинд хүүхдээ хаяад явдаг эцэг, эхчүүдээс дээр байна. Ямар ч байсан хүний гарт өгье гэсэн нь зөв” гэж өмөөрсөн байв. Бид хүүхдээ бусдад үрчлүүлэхээр шийдэж, гудамжинд зар тавьсан эмэгтэйтэй ярилцлаа. Түүнийг Э гэдэг. Нөхөр таван хүүхэдтэйгээ амьдарч байгаад бага охиноо бусдад өгчээ.

-Уучлаарай. Та хүүхдээ үрчлүүлнэ гэж зар тавьсан байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Эгч нь 39 настай. Манай нөхөр надтай чацуу. Бид хөдөө амьдарч байгаад өнгөрсөн наймдугаар сард хотод нүүж ирсэн. Амьдрал хүнд байгаа учраас л ийм шийдвэр гаргалаа.

-Хөдөө ямар ажил хийж байсан бэ?

-Олдсон ажлаа л хийдэг байсан. Би цайны газарт туслах ажилчин, цэвэрлэгч гээд бага цалинтай ажил хийдэг байсан. Манай хүн барилгын ажил хийдэг. Зуны улиралд л ажилтай байдаг. Амьдрал үнэхээр хүнд байсан.

-Тэгээд нийслэлд ирж ажил хийе гэж бодсон уу?

-Тэгсэн. Том хүү маань нутагтаа коллежид сурдаг. Одоо аравдугаар анги. Дараагийнх нь наймдугаар анги. Гурав дахь охин минь тав, бага нь хоёрдугаар ангид сурдаг. Том хүүгээ үлдээгээд гурван хүүхдээ аваад ирсэн. Гурван хүүхэд маань 97 дугаар сургуульд сурч байгаа.

-Та хоёр ажил олж чадав уу. Хаана амьдарч байна вэ?

-Би нэг орон сууцанд орцны жижүүр хийж байгаа. Нөхөр барилгын ажил хийж байна. Гэрээ орхичихоод өөрсдөө л ирсэн. Сард 40 мянган төгрөг төлөөд түрээсийн байранд амьдарч байна.

-Та бага хүүхдээ ерөөсөө ярихгүй юм.

-Ажил хийж мөнгө олж, хүүхдүүдээ хоолтой болгоё гээд хотод ирсэн. Энд ойрын ах дүү байхгүй. Хотод ирэхэд жирэмсэн болчихсон байсан. Манайх хоёр охин, хоёр хүүтэй шүү дээ. Нас ч нэлээд явчихлаа. Тэгээд л төрөх хүүхдээ бусдад үрчлүүлье гэж шийдсэн.

-Хүүхэд үрчлүүлэх талаар судалсан уу. Яагаад гудамжинд зар тавихаар болсон юм бэ?

-Судалж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Нөхөртэйгээ ярилцаж байгаад зар тавья гэж шийдсэн. Жирэмсэн байхдаа ийм шийдвэр гаргачихсан байсан.

-Төрөөд хүүхдээ хараад тэр бодол өөрчлөгдөөгүй юу?

-Үгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрж 3.4 кг охинтой болсон. Охин минь эрүүл саруул, хөөрхөн хүүхэд. Гэхдээ өмнөх хүүхдүүдээ тэжээх гэж зүдэрч байж энэ хүүхдээ сайн хүмүүст өгсөн нь дээр гэж бодсон. Төрснийхөө дараа зараа хаана тавих вэ гэж ярилцаж байгаад ажлынхаа ойролцоо автобусны буудал дээр тавьсан.

-Зар тавьсны дараа олон хүн ярьсан уу?

-Зогсоо зайгүй утас дуугарч байсан. Зарим нь хүүхдийг чинь үзэж харъя гэнэ. Зарим нь таг болчихно. Яг ирээд үзсэн хүн байхгүй. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт нэг эмэгтэй яриад яг авах гэж байгаа юм шиг яриад байсан.

-Тэр эмэгтэй охиныг тань авсан юм уу?

-Дүү нар нь хүүхэдгүй юм билээ. Бидний наасан зарыг уншаад хөдөө байдаг дүү нар руугаа ярьсан юм билээ. Дүү, бэр хоёр нь Увс аймгаас өнгөрсөн ням гаригт ирсэн гэсэн. Тэгээд даваа гаригт манайд ирээд хүүхдээ аваад явсан.

-Та охиноо бүртгүүлээгүй байсан юм уу?

-Бүртгүүлээгүй. Бид хоёрын бичиг баримт дутуу. Тиймээс бүртгүүлээгүй байсан. Тэр хүмүүс ажил төрөлтэй, сайхан амьдралтай юм билээ. Охиныг минь зовоохгүй гэдгээ хэлсэн. Тэгээд ёс төр хийгээд охиноо аваад явсан.

-Хууль журмын дагуу бүртгүүлээгүй гэсэн үг үү?

-Бичиг баримт хөөцөлдөөгүй. Хотоос явах болоогүй гэсэн. Эргээд холбоо барих байх аа. Утасных нь дугаарыг хадгалж амжаагүй байна.

-Нялх биетэй байхдаа хүүхдээсээ хол байхаар танд хэцүү л байгаа байх даа.

-Хөхний сүү бараг ширгэж байна. Хар цай уугаад байхаар угаасаа сүү ороогүй шахам. Хоёрдугаар ангид сурдаг хүүхэддээ хөхүүлж байгаа.

-Бичиг баримт бүрдүүлж байж хүүхдээ үрчлүүлэхгүй бол хэрэгт орох юм биш биз?

-Мэдэхгүй юм. Гэхдээ бид хүүхдээ хаяагүй. Сайн хүмүүст өгсөн. Энэ хүүхдээ яаж сайн хүмүүст өгөх вэ гэж бодож байгаад л зар тавьсан. Хуульд юу гэж заасан байдгийг мэдэхгүй юм гэв.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байх ёстой. Үрчлэн авч байгаа хүмүүс нь тухайн хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах учиртай. Үүний дагуу сум, дүүргийн Засаг дарга хүсэлтийг хянаж, шийдвэрээ 20 хоногийн дотор гаргах хуультай. Мөн хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэх тухай хуульд заажээ.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *