Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын ажилтай танилцаж, шалгалт хийжээ.
Нисэх онгоц хөөрч, буух зурвасын “А” зоны газар шорооны ажлыг “Насны зам”, зурвасын “В” зоны газар шорооны ажлыг “Нэйшнл девелопер”, цутгамал хонгил байгууламжийн ажлыг “Очир төв”, терминал, гүүрийн ажлыг БНХАУ-ын “Сайнохидро бюро 9”, хөөрч, буух зурвасын цементээр бэхжүүлсэн суурь, хучилтын ажлыг БНСУ-ын “Сунгдо Гонсол Сувон” компани тус тус гүйцэтгэж байгаа юм байна. Өнөө жил хөөрч буух зурвасын барилгын ажлын хүрээнд ухмалын болон далан байгуулах ажлыг хийж гүйцэтгэх юм. Мөн нисэх буудлын 261 у/м терминал гүүрийн суурийн нүх ухах суурийн ажлыг эхлүүлчихээд байгаа аж.
Төслийн талбайд одоогийн байдлаар талбайн нягтын шинжилгээ, хөрсний физик механик шинж, бетоны дүүргэгч материалын физик шинж чанарын шинжилгээ, бетоны бат бэхийн шинжилгээнүүдийг хийж байгаа гэнэ. Хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн юм байна. Онгоц хөөрч, буух зурвасын барилга угсралтын ажлын техникийн шаардлагад суурийн доод үеийн ширхэглэлийн бүрэлдэхүүн тусгагдаагүй, цементээр бэхжүүлсэн суурийн нягтын хэмжээ нь холбогдох стандартуудын шаардлагын хэмжээнд хүрээгүй нь “Авто замын тухай хууль”-ийн холбогдох заалтыг зөрчсөн чанарын шаардлага хангахгүйгээр гүйцэтгэгдэж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэжээ.
Мөн тус газрынхан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэт дулааны цахилгаан станц”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ”, Дархан-Уул аймгийн “Дархан дулааны цахилгаан станц” компани болон цэвэр ус хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, шугам сүлжээ, барилга байгууламж зэрэг 17 аж ахуйн нэгж, байгууллага, 58 салбар, 245 объект, 363 тээврийн хэрэгсэл, 1365 хэмжих хэрэгсэл, 42 өргөх байгууламжид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар 360 гаруй зөрчил илрүүлжээ.
“Эрдэнэт дулааны цахилгаан станц” тоостой нөхцөлд ажилладаг хүмүүстээ тоосжилтоос хамгаалах зориулалттай хувийн хамгаалах хэрэгсэл олгоогүй байсан гэнэ. Мөн “Дархан дулааны цахилгаан станц” шуугиан, доргионтой нөхцөлд ажиллагсдын нөлөөлөлд өртөх хугацааг багасгах арга хэмжээ авдаггүй гэх мэт зөрчлүүд илэрчээ.
Д.САРУУЛ