Хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын сангууд Хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхэд төлдөг үйлчилгээний хөлс 1 хувиас 0.25-0.5 хувь болжээ. Энэ нь дээрх төлбөр 50-75 хувиар буурч буйг Монголын Хөрөнгин биржээс мэдээллээ. Мөн хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлс 0.1 хувь байсныг 0.05 хувь болгож, 50 хувиар тус тус бууруулаад байна.
Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс ийнхүү хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулж буйг онцолжээ. Түүнчлэн Монголын Хөрөнгийн бирж:
- Компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар,
- компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулж.
- анхдагч зах зээлийн арилжааг илүү уян хатан нөхцөлтэй болгож, хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагч 0.15-0.4 хувийн шимтгэл төлдөг байсныг тэглэх зэрэг өөрчлөлтийг орууллаа.
Үүгээр зогсохгүй Монголын Хөрөнгийн бирж анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж байна. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5 хувиар буурах аж. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс хийж буй үйл ажиллагаа аж.
Үнэт цаас гаргагч нарын үйл ажиллагааг хялбарчилж, шимтгэл хураамжийг бууруулснаар хөрөнгийн зах зээлд оролцогчдын хүрээг тэлж, энэ хэрээр компаниудын ил тод байдал, засаглал сайжрах, баялгийн шударга хуваарилалт бий болох, дундаж давхарга өргөжин тэлэх үндэс суурь бүрдэх болно гэж үзэж байна.