Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл 36.2 хувьтай байна

Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх байдал одоогийн байдлаар 36.2 хувьтай яваа талаар АТГ-аас мэдээлж байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ) шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас энэ оны нэгдүгээр сарын 22-ны 15 цагийн өчигдрийн байдлаар 15.162 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байгаа аж.

Тодруулбал, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дорнод болон Завхан аймгийн ЗДТГ, ИТХ зэрэг байгууллагууд 50-иас дээш хувьтай мэдүүлгээ өгөөд байна.

Мөн мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, агентлагийн дарга 5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 3, бусад 3, нийт 13 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлэн 4:3 хувьтай байна.

АТГ хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна. Төрийн албан хаагчид ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх хугацаа дуусахд 24 хоног үлдээд буйг мөн сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *