Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа Д.Цээсэдтэй ярилцлаа. Тэрбээр 2000-2006 он хүртэл Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргын албыг хашиж байсан билээ.
-Таныг Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргаар ажиллаж байх үед хүүхдүүд голдуу ямар шалтгааны улмаас хоригдож байсан бэ?
-Манай оронд ардчилсан хувьсгал ялсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. 1990-2000 онд монголчуудын дунд хавтгайрсан архидалт газар авсан. Архи уудаггүй хүн ч архинд орсон. Айлд орсон ч, албан байгууллагад орсон ч “Архи уух уу”, “Пиво уух уу” л гэж асуудаг байлаа. 1990-2000 оны хооронд эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавих нь эрс багассан. 1980, 1990 оноос хойш төрсөн, хөдөө орон нутгийн зарим хүүхдүүд сургуулиа орхиж, мал дээр гараад, хот суурин газрын хүүхдүүд эзэнгүйдэж, бага зэрэг зэрлэгшиж эхэлсэн. Намайг 2000 онд “Хүүхдийн хорих” газрын даргаар очиход тэнд 100 гаруй хүүхэд хоригдож байсан. Тэдгээр хүүхдүүдийн тал нь бичиг үсэг мэддэггүй байсан, 70 хувь нь хулгай хийсэн, 20-30 хувь нь танхайрсан гэсэн шалтгаанаар хоригдсон байсан.
-Хүүхдүүд санамсар болгоомжгүйн улмаас хүний амь хохироосон тохиолдол гарч байв уу?
-Хүн амины хэргээр ганц хоёр хүүхэд л ял эдэлдэг байсан. Тухайн үед хулгай хийж амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болчихсон байлаа.
-Тухайн үед хүүхдүүдийн дунд танхайрах гэмт хэргийн гаралт өндөр байжээ. Хоромхон зуурын уураа барьж чадаагүйгээс хэн нэгний эрүүл мэндэд их, бага хэмжээний хохирол учруулах бүр амь насанд хүрэх тохиолдол өнөөг хүртэл байсаар л байна. Энэ нь юунаас болж байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг их байна. Би залуучуудад бурууг өгдөггүй. Тийм үйлдэл хийсэн нь буруу боловч яагаад тийм зүйл хийх болов, хэн ийм байдалд оруулсан бэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Энэ нь бидний амьдарч байгаа нийгэмтэй нягт холбоотой.
Одооны 30-40 насны залуучууд гэдэг шилжилтийн үеийн хүнд нөхцөл байдлыг тойроод биш, туулаад гарсан хүмүүс. Хоёр машин санамсаргүй шүргэлцэхэд л жолооч нар нь машинаасаа бууж ирээд өөрийнх нь нүүр амыг зүсчихсэн юм шиг хүлээн авч хоорондоо зодолдоод, бие биенээ гэмтээх тохиолдол цөөнгүй байна. Ингэж байгаа нь өрөвдөлтэй. Бидний үр хойч ийм ч болчих гэж харамсдаг. Үүний буруутан нь бид өөрсдөө л дөө.
-Та өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй ямар байна гэж хэлэх вэ?
-Нийгмийн сэтгэл зүй ямар байгааг хэлэхэд хэцүү л болчихсон байна. Юм бүхэн хоёр талтай байдаг хойно сайн ч юм байна, саар ч юм байна. Хүн хүнээсээ холдсон, хүнийг гэхээс илүү юмсыг хайрладаг тал руугаа орчихсон байна уу даа гэж хардаг. Эмнэлгээр үйлчлүүлэхэд хүртэл ялгамжтай байна. Төрийн эмнэлэгт үзүүлэхээр “Гайгүй дээ. Насных, насных” гэдэг. Хувийн эмнэлэгт очихоор “Та болохоо байчихжээ, хэвт, эмчлүүл” гэдэг.
Энэ хүмүүс мөнгө л бодож байгаа болохоос хүнийг бодохгүй байна. Эцсийн эцэст, энэ нийгмийг мөнгө л удирдаж байна. Нэрт зохиолч Лодонгийн Түдэв “Мөнгө маршал” гэж хэлсэн удаатай. Мөнгө хүнийг удирдах бус, хүн мөнгийг удирдах ёстой. Нийгэм солигдчихоор бүх зүйл өөрчлөгддөг юм байна. Б.Лхагвасүрэн гуайн толгой, хөл хоёрын тогтолцоо солигдсон тухай бичсэн шүлэг байдаг. Одоо яг л тийм болчихоод байна. Нийгмийн хөгжил хөлөө ололгүй, төр засгийн үйл ажиллагаа зүй зохистойгоор явалгүй олон жил боллоо. Дараагийн 30 жилд нийгэм сайхан болно гэж яриад л байна. Гэхдээ бид төр, засгийг хараад суугаад байж хэрхэвч болохгүй.
–Ийм нөхцөл байдлаас гарахын тулд юун дээр анхаарвал зохих вэ?
-Хамгийн гол нь иргэн бүр ахуй амьдралаа сайжруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Монголын нийгэмд хүн, юу ч хийгээд амьдарч болохоор байна. Яагаад гэвэл манай улсад дайн самуун дэгдээгүй, элдэв дарамт шахалт багатай, тайван амгалан байна. Харамсалтай нь, бид нийтээрээ ингэж чадахгүй байна. Хүүхэд багачуудыг хар нялхаас нь баяр ёслол, шоу цэнгээн, өргөмжлөл, одон медальд дуртай болгож байна. Үүнээс болж хүүхэд залуучууд хоорондоо муудалцаж, хэлэх хэлэхгүй үгээр нэгнээ хэлж байна. Энэ нь тэдний ирээдүйг харлуулж байна гэсэн үг. Өвөл болохоор хүмүүс “Хот утаа ихтэй байна” гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Гэтэл сэтгэл санаа, оюун ухааны утааг өөрсдөө үйлдвэрлээд, үр хойч руугаа цацаж байна. Нүүрсний утаа багасаж болно. Харин хүүхэд, залуучууд руу цацсан хар утаа нэг хэсэгтээ арилахгүй, аюултай зүйл. Энэ утаанд хордоогүй хүмүүс зөв сайхан явж байгааг нийтээрээ харж байна. Хүмүүс нэгнээ шүүмжилж, шалгаж, хянаж болно. Гэхдээ соёлтой, зөв, баримт нотолгоотой байх хэрэгтэй.
-Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрхээ хасуулаад, өргөст торны цаана суухыг харах танд амаргүй байсан болов уу. Тэдний өмнөөс халаглах тохиолдол их гардаг байв уу?
-Тухайн үед ихэнх хүүхдүүд хулгай, танхайн хэргээр ял авдаг байсан. Тэдний дунд хүчингийн, хүн амины хэргээр ял авсан хүүхдүүд ч байсан. 14-17 насны хүүхэд манай хорих ангид ирдэг. Тэр хүүхдүүд 18 нас хүрээд л насанд хүрэгчдийн хорих анги руу шилждэг. Насанд хүрэгчдийн хорих руу явуулчихвал архагуудын муу нөлөөнд автах тохиолдол байдаг учраас зарим хүүхдүүд 20 нас хүртлээ хүүхдийн хориход хоригддог. Нэг хүүд тохиолдсон явдлыг ярья. Их томоотой хүү байсан юм. Хүү гэртээ ганцаараа унтаж байтал үеэл ах нь орж ирээд, хүүг сэрээх гэтэл босоогүй юм билээ. Угз татаад босготол унтаж байсан хүүгийн уур гэнэт хүрээд, ширээн дээр байсан хутгыг авч, үеэл ахынхаа гуя руу дүрчихсэн. Хүний гуя дотор артерийн судас гэж байдаг. Харамсалтай нь, дүрсэн хутга нь яг артерийн судсыг нь дайраад тэр дороо цус алдаад нас барчихсан. Тэр хүү 15 жил хоригдох ял авсан. Нойр нь сэрсэн, сэрээгүйн зааг дээр санаандгүй хийчихсэн үйлдэл шүү дээ. Үүндээ хүү өөрөө ч их харамсдаг. Өмнөөс нь бид ч их харамсдаг. Их сайн хүү байсан учраас мужаан, сийлбэрчин болоод, хугацаанаасаа 2-3 жилийн өмнө суллагдсан.
-Та хоригдож байсан хүүхдүүдэд хандаж юу хэлж захидаг байв?
-Би хүүхдийн хорих ангийн дарга байхдаа тэнд байсан хүүхдүүддээ “Та нар санаатай, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдээд, төрийн хуулийн дагуу шийтгүүлээд, энд ирж байна. Хийсэн хэрэгтээ харамсах хэрэггүй. Өнгөрсөн зүйлийг яая гэх вэ дээ. Харин дахиад гэмт хэрэг хийхгүй, сайн сайхан явахыг л бодож, хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд нэгдүгээрт, биеэ бодоод, эрүүл саруул байж байгаад суллагдахыг бод. Хоёрдугаарт, энэ цагаа ашиглаад юм сур” гэж захиж хэлдэг байсан.
-Хүүхдүүд санаатайгаар гэмт хэрэг үйлддэггүй байх. Төлөвшөөгүй насан дээр нь ухааруулахын оронд бүхнээс тусгаарлаад хорих ч зөв шийдвэр биш болов уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хүүхдийг шоронд хорьж болохгүй. Тиймээс би хөдөлмөр, хүмүүжил, сэтгэл зүйн тусгай сургалт явуулдаг сургууль байгуулах хэрэгтэй гэж бодоод, зөвшөөрлийг нь аваад, хорих ангид Хан-Уул дүүргийн 110 дугаар тусгай сургууль гэсэн статустай сургууль байгуулж, сургалт явуулсан. Хэрэв ингэвэл хүүхдүүд ямарваа нэгэн зүйлийн цаадах, наадахыг ойлгодог болж, элдэв хэрэгт орохгүй байх дархлаа бий болно гэж бодсон юм.
-Та ахмад хүний хувьд хүүхэд залуустаа юуг аминчлан анхааруулах вэ?
-Залуучууддаа захиж хэлэх зүйл минь гэвэл нэгдүгээрт, биеэ эрүүл байлгах хэрэгтэй. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, сэтгэл санааны хувьд эрүүл байх хэрэгтэй. Гуравдугаарт, ном сонин уншиж байх хэрэгтэй. Ном уншдаггүй хүн ганцхан өөрийнхөө амьдралаар л амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдарсан байдаг гэж үг бий. Эцэст нь хэлэхэд, хамгийн чухал нь өөрийгөө таньж мэдэх, өөртэйгөө ажиллах явдал. Манай ард түмэн “Би дотор хүнтэйгээ нэг зөвлөлдчихье” гэж хэлдэг. Нарийн яривал, бурхан хүний дотор оршдог, амьдардаг. Хүн бүхэн өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг. Хүн хүнээ хүндэлж, хайрлаж, хүн хүндээ тус дэм болж амьдарвал хүний сэтгэл санаа амар амгалан, сайн сайхан байна. Хүнийг харааж, доромжилно гэдэг өөрийнхөө сэтгэлийг булингартуулж байна гэсэн үг. Тийм ч учраас өөрөө өөртэйгөө сайн “ноцолдох” хэрэгтэй.
Түүнчлэн хүүхэд, залуучууд уур уцаараа багасгах тал дээр өөртэйгөө ажиллах хэрэгтэй байна. Ухаанаа урд нь, уураа ард нь тавьдаг байх хэрэгтэй. Хүний амь насанд хохирол учруулна гэдэг хүний амьдралын болоод хүн чанарын эсрэг үйлдэл. Одооны залуучууд үг даахгүй, ачаа даахгүй, ааруул даахгүй гэж хүмүүс хэлдэг. Тухайн хүүхэд бие физиологийн онцлог болон төрж өссөн орчин нөхцөлөөсөө шалтгаалаад зарим нь ачаа битгий хэл ааруул ч даахгүй байна. Эрхийг нь зөрччихнө гээд аав, ээж нь ч хүүхдүүддээ үг хэлж чадахгүй болжээ. Хүүхдийнхээ өөдөөс ганц чанга дуугарчих л юм бол цагдаа сэргийлэх болоод явчихдаг. Энэ нь нүүдэлчин удамтай, хүүхэд хүмүүжүүлэх өвөрмөц зан заншилтай манай ард түмний шууд хэрэглэх арга биш. Харин ч хүүхдийн эсрэг, хүүхдэд буруу хүмүүжил олгож байгаа явдал. Хүүхдүүдийг хүнлэг бус, бусад хүнийг бүү хэл аав, ээжийгээ ч хүндэтгэдэггүй хачин араншинтай хүн болоход хүргэж байна гэж боддог.
Ө.Анхзаяа