ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 13, 14-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглохоор болжээ. Ингэхдээ анх удаа 32 хунтайгаар тоглохоороо онцлог аж. Эл тоглолтын талаар тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва “Өнөө жил манай театрын 60 жилийн ой тохиож буй. Эл ойн хүрээнд цуврал арга хэмжээ, тоглолтууд хүргэхээр төлөвлөсний эхнийх нь “Хунт нуур”. Уран бүтээлчдийн нөөц, тайзны багтаамжаас шалтгаалаад өмнө нь манайд ийм өргөн бүрэлдэхүүнээр тоглож байгаагүй. Харин энэ удаа тус балетыг бид дэлхийн жишигт дүйцүүлэхийг хичээж байна. Ингэхдээ Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва агсны 1975 онд дэглэснийг хөндөөгүй” гэлээ.
Бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг “Хунт нуур”-ын гол дүрүүдэд ДБЭТ-ын шинэ, залуу гоцлоочид бүжиглэнэ. Тодруулбал, үзэсгэлэнт цагаан хун Одеттад Б.Марал, хорон санаат хар хун Оделлияд Б.Хулан, хунтайж Зигфридэд А.Тэмүүлэн нар гоцлох юм байна.
Ташрамд дурдахад, ДБЭТ-ынхан өнөө жил сонгодог урлагийн олон улсын фестиваль зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд энэ хүрээнд ОХУ, Япон, Итали зэрэг улсын дуучид, бүжигчид, удирдаач нарыг урьж, оролцуулах юм байна. Мөн “Дангина”, “Говийн домог” нэртэй үндэсний сонгодог бүжгэн жүжгүүдийг шинээр толилуулахаар төлөвлөжээ.