Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Дээрх томоохон 25 байршлаас гадна хүсэлт гаргасан ногоочдод дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нэмэлт цэг гарган, ногоо худалдаалах боломжийг олгон ажиллаж байгаа юм. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбайд байрлах “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд л гэхэд Ховд, Сэлэнгэ аймгаас ирсэн 15 ногоочин 21 төрлийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо болоод таримал жимс, даршилсан ногоо худалдаалж байв.
Ногоочид: Үйлчлүүлэгчид ам сайтай, заавал дахин ирж ногоо авч байна
Ховд аймгаас үзэсгэлэнд худалдаанд оролцож буй ногоочин Г.Отгонсүрэн “Нийслэл олон хүний хөлийн газар болохоор орон нутагт ногоогоо борлуулахаас хамаагүй дээр байгаа. Орой ажил тарах цагаар үйлчлүүлэгч нэмэгддэг. Ногооны үнийн хувьд тээвэрлэж байгаа зардлаа нэмээд л боломжоороо худалдаалж байна. Баянзүрх дүүргийн зохион байгуулагч нар байнгын эргэх холбоотой ажиллаж, түрээслэгч бидэнд маш их анхаарал тавьж байгаа. “Хог цэвэрлэгээ болоод ариун цэврийн асуудал ямархуу байна” гэх мэтээр байнга ирж санал асуун, олон талаар дэмжиж байгаад нь баярлаж байна” хэмээн ярьж байлаа.