Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөнийн хүрээнд 1700 гаруй аж ахуйн нэгж 440 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдаад байна.
Үүний дотор газар тариалангийн 1200 гаруй ААН нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Хүнсний хувьсгалын хүрээнд дотоодын үйлдвэрлэгчид үндэсний хүнсээ өөрсдөө үйлдвэрлэж байх том зорилт тавьсны хамгийн гол бүтээгчдэд тариланчид орж байна. Манай улс энэ онд:
- 369.3 мянга га-д үр тариа,
- үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай,
- 18.4 мянган га-д төмс,
- 13.9 мянган га-д хүнсний ногоо,
- 89.3 мянган га-д малын тэжээл,
- 131.7 мянган га талбайд тосны ургамал,
- 7 мянган га-д жимс, жимсгэнэ,
- нийт 629.6 мянган га-д тариалалт хийсэн юм.
Урдчилсан дүнгээр улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаар хангах боломж бүрджээ. Ургацын урдчилсан балансаар 510 мянган тонн үр тариа, 165 мянган тонн төмс, мөн хэмжээний хүнсний ногоо хураах тооцоо гарчээ. Энэ жилийн урдчилсан дүнг өнгөрсөн оны ургацтай харьцуулахад 18 орчим хувиар өссөн дүнтэй, нэг га талбайгаас авах ургацын хэмжээ өндөр гарахаар байгааг ХХААХҮЯ-наас мэдээлж байна.