Үндэсний түүхийн музейд өнөөдөр “Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн түүхэн олдворууд нь Ноён уулын гурван аманд хийсэн судалгаа, малтлагын үр дүнд гаргаж авсан Хүннү гүрний үед холбогдох нэн ховор эд зүйлс юм.
Түүх сөхвөл, Монголд ажиллаж байсан анхны гадаад хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох “Монгол ор” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн уулын техникч А.Я.Баллод 1912 оны өвөл Ноён уулын Зурамтын аманд алтны судал хайх зорилгоор ухсан туршилтын цооногт эртний булш өртсөнөөр эдгээр олдвор нээгдэж байжээ.
Улмаар 1924 онд Зөвлөлт холбоот улсаас судлаач П.К.Козлов ирж, анх Ноён ууланд судалгаа хийсэн байна. Ингэхдээ Зурамт, Сүжигт, Хужирт гэсэн гурван аманд буй булшуудыг ч тоолжээ. Тухайн үед гурван аманд нийт 212 булшийг бүртгэсэн байдаг. Үүнээс хойш 100 орчим жил дахин судалгаа хийгдээгүй байсан бол 2021 онд ЮНЕСКО-гийн оролцооны хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн тооллогыг хийхэд гурван аманд 290 гаруй булш байгааг тогтоосон талаар судлаачид хэллээ. Эдгээрийн 80 орчим нь язгууртны булш юм байна.
Ноён уулын 20 дугаар булш нь язгууртных байх бөгөөд 18 метрийн гүнтэй буюу зургаан давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй, эд хэрэглэлийг оруулах, шороог гаргах зэрэг зориулалт бүхий үүдэвчтэй байжээ. 18 метрийн гүнд давхар модон бунхан байдаг, үүн дотор модон авс, хэрэглэж байсан хувцас, гоёл чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл бүх зүйлийг дагалдуулж тавьсан байна. Мөн дээд хэсэгт сүйх тэргийг нь дагалдуулж үлдээсэн байжээ. Тухайн үед язгууртан, ихэс дээдэс нь нөгөө ертөнцөд очоод эдлэл хэрэглэлүүдээ хэрэглэнэ гэж итгэдэг байсан аж.
Мөн язгууртны булшны дэргэд дагуул булш ч бий юм. Үүнд хамгийн ойрын шадар туслах, хамгаалагчийг дагуулж оршуулсан байх бөгөөд зарц, шивэгчнийг төлөөлүүлэн гэзгийг нь тасалж булшинд хийсэн байдаг тухай судлаач тайлбарласан юм.