Ардчилсан чөлөөт нийгмийн гол амин судас, чиг баримжаа нь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээр илэрхийлэгддэг. Энэ бол ардчиллын баталгаа, оршин тогтнохуйн үндсэн дархлаа нь юм. Монгол Улс Үндсэн хуульдаа ч энэ тухай тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж бий.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг, улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” хэмээн бүр чиг нарийн нягт заасан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд болоод дэлхий нийтээрээ даган мөрддөг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ийнхүү тодорхой зааж хуулиар хориглосон дархан эрхийг ямар ч нөхцөлд хааж боох ёсгүй. Тийм эрх дарх аль нэгэн албан тушаалтан, дарга сайд, төрийн удирдагч хэнбугайд ч байхгүй нь ойлгомжтой.
Тэгтэл өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-нд ИИХ-аар баталсан Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно гэж заасан байгаа. Хуулийнх нь заалтуудыг нарийвчилж авч үзье л дээ. Уг хуулийн 68 дугаар зүйлд “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана”, 68.6-д “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэжээ.
Хэрвээ уг хуулийг зөрчвөл нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн байх юм.
Ингэж шинээр дахин батлагдсан Сонгуулийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, ардчиллын гол шугам, суурь баталгаа нь болсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь 24 цагийн туршид таслан зогсоож, хүний эрхэд бүдүүлгээр халдаж эхэлсэн. “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэдэг нь хэвлэн нийтлэх эрхийг 24 биш 48 цагаар зогсоосон, цаагуураа чөлөөт хэвлэлийг боомилсон харгис заалт юм. Өдөр тутмын сонины редакци өмнөх өдөр нь мэдээ материалаа бэлтгэн хэвлэх үйлдвэрт шилжүүлдэг. Ингээд сонины шинэ дугаар өглөөний ургах нартай хамт уншигчдын гарт оюуны талх болж очдог. Сонгуулийн өмнөх өдрийн дугаарт аль нэгэн нэр дэвшигчтэй холбоотой нийтлэл, сурвалжлага байтугай ганц үг, өгүүлбэр ч гарах учиргүй гээд хуулиараа тас хорьчихсон.
Тиймээс Сонгуулийн тухай хуулийг сонгуулийн ид сурталчилгаа, кампанит ажлын оргил үед 48 цагийн турш чөлөөт хэвлэлийн амыг барьж, чөдөр тушаа болж байна гэж үзэхээс өөр аргагүй. Хүн олон нийтийн өмнө үг хэлж, сонин хэвлэлийн хуудаснаа өөрийнхөө санаа бодлыг бичиж, тунхаглаж байж үзэл бодлоо илэрхийлсэн болно. Хэрвээ үг хэлэх болон хэвлэн нийтлэх эрхийг нь хуулиар хориглочихвол тухайн иргэнд үзэл бодлоо илэрхийлж болох цорын ганц зам үлдэнэ. Тэр нь өөрөө өөртэйгөө ярьж, санаа бодлоо хуваалцах явдал. Хүн өөрөө өөртэйгөө ярина гэдэг үзэл бодлоо илэрхийлэх арга яав ч биш.
Сонгуулийн сурталчилгааг хориглосон өдөр хар пиар гээч нь газар авдаг. Тухайн тойрогт өндөр рейтингтэй байгаа нэр дэвшигчтэй холбоотой санаанд оромгүй мэдээллүүд тэр өдөр гарах магадлал өндөр гэдгийг судлаачид, ажиглагчид хэлдэг. Тухайлбал тухайн нэр дэвшигчийг санамсаргүйгээр амиа алдсан, автын осолд орсон, эдгэшгүй өвчтэй гэх худал мэдээллүүд өрсөлдөгч талынхнаас шуурч, хуурай өвсөнд ноцсон түймэр шиг газар авна. Энэ нөхцөлд нэр дэвшигч өөрийн биеэр юм уу, эсвэл сонгуулийн штаб нь мэдэгдэл хийх, сонин хэвлэлд хандах боломж байхгүй. Ийм л байж боломгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн заалт Сонгуулийн хуульд байгаад байна. Сүүлийн үед Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай яриа гарч байгаа. Хэрвээ өөрчлөх дээрээ тулбал Үндсэн хуулиа болоод олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн эдгээр заалтуудаа авч хаях хэрэгтэй. Ардчилсан Монгол Улсын гол тулгуур багана Сонгуулийн хууль хүний эрхэд бүдүүлгээр халдсан байж болохгүй. Бид олон улсын жишигт нийцсэн хуультай байх нь чухал.
Дэлхийн улс орнуудад сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагддагийг сонирхъё. Манайхны жишээ татан ярих дуртай АНУ-д сонгуулийн сурталчилгаа санал авах өдөр дуустал үргэлжилдэг. Бүр тодруулбал, сонгууль болох өдөр санал авах байрны орчимд сурталчилгаа явуулахыг хориглоод бусад газарт иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Мөн Америкт насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигладаг. Ухаандаа, Ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа гэхэд дунд сургуулийн хүүхдүүд Обамагийн юм уу хэн нэгэн нэр дэвшигчийн зурагт хуудсыг сонгуулийн өдөр тараагаад, “та энэ хүнийг сонгоорой” гээд наагуур цаагуур гүйлддэг. Ардчиллын өлгий нутаг АНУ сонгуулийн сурталчилгаанд ингэж хандаж байна. Тэгвэл манай улс сонгуулийн хуульдаа насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан гэсэн хатуу заалт оруулаад, түүнийх нь уршгаар Өвөрхангайд ялалт байгуулсан хоёр нөхөр Их хуралд суух эрхээ хасуулж байсан удаатай.
Санал авах эцсийн мөч хүртэл сонгуулийн сурталчилгаа, кампанит ажил нийтийг хамарч идэвхтэй өрнөдөг бэлээхэн жишээ Япон, Малайз, Венесуэль гээд дэлхийн олон оронд бий. Австрали улсад санал өгөхөөр ирсэн иргэддээ нэр дэвшигчдийн материалыг өгөөд оруулдаг жишиг ч байна. Сүүлийн үед дэлхий нийтийн томоохон хурлууд дээр сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24, 48 цагийн өмнө зогсоож буйг олон улсын шинжээчид шүүмжлэх болсон. Хуульч, судлаач, нэртэй эрдэмтэд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс нэг, хоёр хоногийн өмнө зогсоож, хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа нь амьдралд нийцэхгүй байна гэж үздэг. Үнэндээ цахим ертөнц хүчээ авч буй мэдээллийн эрин зуунд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг 24 цаг байтугай 24 секунд ч хааж боох боломжгүй, тийм эрх хэнд ч байхгүй. Чадах ч үгүй.
Яг үүнтэй зөрчилдөж буй заалт Сонгуулийн хуульд байгаа юм. 70.1.6-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ыг хориглоно гэж заасан. Хэрвээ зөрчсөн тохиолдолд “цахим хуудасны хандалтыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлнэ” гэнэ. Сошиал ертөнцийг, твиттер, жиргээг хянах боломж бий гэж үү. Нүүрээ нуусан хичнээн мянган жиргээч сонгуулийн эцсийн мөч хүртэл өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, сошиал ертөнц давалгаалж эхэлнэ. Үүнийг хуулиар хянах боломжгүй. Тэгэхээр хүний үзэл бодлоо илэрхийлэх хууль ёсны эрхийг нь хааж боогдуулсан, Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн хуулийн дээрх заалтыг даруй өөрчлөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүний эрхийг дээдэлсэн Монгол Улсад ардчиллын дархлаа улам батжих болно.