Эрүүгийн цагдаагийн албаны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олон хүн худалдах гэмт хэргийн томоохон бүлгийг илрүүлсэн байна. Тодруулбал, 2020 оны эхээр манай улсын 11 эмэгтэйг Малайз руу гарган худалдсан гэх Н-д холбогдох хэргийг шалгаж эхэлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр хохирогч эх орондоо ирсэн. Тэгвэл саяхан таван эмэгтэйг Малайзаас тусгай үүргийн онгоцоор авчирчээ. Тэднийг Тайландын Хаант Улсын Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн ажилтануудын тусламжтайгаар авчирсан байна. Хохирогчид тусгаарлах байранд байгаа бөгөөд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Мөн дөрвөн хохирогч Малайзад байгаа ба тэднийг тусгай үүргийн онгоцоор ирүүлэхээр ярилцаж байна.
Үлдсэн хохирогчдын нэг нь Малайз Улсын цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэх эмэгтэй юм. Малайзын хууль хяналтын байгууллага гэмт хэрэг үйлдсэн гэх цагдаагийн алба хаагчаас гадна тэнд үлдсэн дөрвөн эмэгтэйг ч шалгаж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Д.СУВД-ЭРДЭНЭ