Гадаадад очиж хар бороор олон жил амьдарч яваад ирсэн нэг нөхөр маань дээрх үгийг ярьсан юм. Тэрбээр хэлэхдээ солонгос хүмүүсийн амьдралын философи нь ийм юм билээ.
Ер нь суурин газар амьдардаг хүмүүсийн соёл бидний ярьж хэлдэг сургаалаас их өөр гэдгийн нэг жишээ нь энэ гэв. Анх сонсоход ихэд хувиа хичээсэн өөдгүй үг мэт санагдана.
Манайд чинь юу, юу гэж сургадаг билээ дээ. “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй явсан нь дээр” гэх мэтчилэн. Энэ сургаалууд нэг бол амьдрал нь төгсөрчихсөн, юугаар ч дутахгүй болчихсон хүнд таармаар. Бас гэгээрээд бодьсадва болчихсон хүнд тохирмоор санагддаг. Үхэх үйлтэй өнөө маргаашаа яая гэж яваа, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж явдаг мань мэтэд давын өмнө зуун төгрөг нь хэрэгтэй болоод байдаг нь гачлантай.
Сургаал бол зуун нөхөр нь зөв гээд байдаг. Ингээд зөрчилдөөд эхлэхээр дотоод сэтгэлээ хуурахаас өөр арга үгүй болно. Дотоод сэтгэл буюу өөрийн “би”-гээ хуураад эхлэхээр хэнийг ч хуурахад бэлэн болчихдог золиг шиг байгаа юм.
Найз нөхдөөр хүрээлүүлсэн, тэднээсээ юугаа ч харамладаггүй хүнийг олонтаа харж явлаа. Ийм хүнд найз нөхдийнх нь ач буян нь эргэж тусалсан тухай ч олонтаа сонсож байв. Гэхдээ л дийлэнхдээ өөрөө л хоосон ядуу, байгаа юмгүй, амьдрал нь нэг тийм орон гаран л байдаг даа.
Хүнд санаа тавихдаа өөрийгөө битгий мартаарай л гэсэн үг юм болов уу, дээрх үг. Яадаг ч байсан өөрийн амьдралаа эхэлж бүтээх нь тухайн хүний үүрэг хариуцлага байдаг гэдгийг хэлсэн байх. Тэгэхээр тийм ч муу үг биш аж.
One reply on “СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүний амьдралд санаа тавих нь өөрийнхөө амьдралыг сүйрүүлдэг DNN.mn”
Ядарч явна даа гэж олон хүнд тусалж байлаа. Улам л давардаг юм билээ. Ажилгүй нэгийг ажилтай, орлогогүй нэгийг орлоготой, орон сууцыг нь томсгох гэх мэт. Улам л даварна.