Энэ сарын 18-нд ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод Монгол улсын консулын газар нээгджээ. Ингэснээр Хятадын зүүн хойд бүс нутаг дахь иргэд Монгол улсын консулын үйлчилгээг шуурхай авах боломжтой болсон байна. Хөлөнбуйр хот нь Хятад, Орос, Монгол 3 орны хилийн зааг дээр байрладаг. Үндэсний зэрэглэлийн 8 боомттой. Тэдгээрийн дотор Хайлаарын агаарын боомт, Өвдөг боомт, Ар Хашаат боомт нь Монгол улсад нээлттэй ажиллаж байна. 2014 онд дээрх боомтуудаар 100 мянга гаруй зорчигч дамжин өнгөрсөн байна. Мөн боомтын бараа эргэлтийн нийт хэмжээ 400 мянган тоннд хүрчээ.
Хөлөнбуйр дахь консулын газар монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Монголын зүүн аймгууд болон Хятадын зүүн хойд бүс нутгийг хамарч, Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол улсад хөрөнгө оруулахад тус дөхөм үзүүлэх аж. Түүнчлэн Хятадын зүүн хойд бүс нутаг болон Монголын зүүн аймгуудын боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, олон улсын барааны гүйлгээ, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдаа хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграцчиллын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм байна. Хөлөнбуйр дахь Монгол Улсын консулын газрын даргаар Д.Ганболд, орлогч даргаад Д.Ганбаяр, А.Гэрэлмаа нар томилогджээ.