Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд-2017” мөсний баяр боллоо

Хөвсгөл аймагт жил бүр далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Хөх сувд-2017” олон улсын мөсний баярыг Хатгал тосгоны доод модот буланд 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү баярт гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл оролцсон байна.

“Хөх сувд-2017” олон улсын мөсний баярт ОХУ-ын уран гулгагч Аннагийн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэрийг олон иргэд талархан хүлээн авчээ. Тэрээр уран гулгалтаар 4 дэхь жилдээ хичээллэж байгаа бөгөөд дэлхийд алдартай Хөвсгөл нуурын мөсөн дээр өөрийн үзүүлбэрээ үзүүлсэндээ баяртай байгаагаа хэлж байлаа. Мөн Хангарьд хоккейн клубын тамирчдын үзүүлэх тоглолт, 30 гаруй чаргатай нохой, зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд олон байсан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.

Энэ удаагийн мөсний баярт 5 орны элчин сайд болон төлөөлөгчид оролцож, гадаадын болон дотоодын жуулчид өмнөх жилээс нэмэгдсэн, хүрэлцэн ирсэн зочид 2 өдрийн турш тэмцээн наадамд оролцож Хөвсгөл нуурын мөсөн дээр эрүүл агаарт амарч тухалжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран хаан их сарьдгийнхаа өвөрт, хатан тунгалаг далай ээжийнхээ мөсөн дээр Хөх сувд-2017 олон улсын мөсний баярыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж баярыг зорин ирсэн иргэд хоёр өдрийн турш байгалийн сайхныг бишрэн хамтдаа баярлаж, хийморь юугаан сэргээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *