Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг Хүйсийн говьд бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрч, бөхөнгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан болон Монгол бөхөн бүхий аймгуудын хамтарсан хамгааллын ажлын үр дүнд 3000 гаруй үлдэж, мөхлийн ирмэгт байсан Монгол бөхөнгийн тоо толгой 8500 гаруй болон өссөн. Гэвч малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулахгүй бол бөхөнгийн амьдрах нутаг хумигдах аюул нүүрлээд байгаа аж. Нэн ховор бөхөнгийн гол тархац нутаг бол Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан, Завханы Дөрвөлжин сум юм.
Харин Монгол бөхөнгийн гол бүс нутаг болох Хүйсийн говьд өнгөрсөн зун бороо хуртай байж зуншлага сайтай байсан ч Баянхонгор, Говь-Алтай аймгийн бусад сумаас малчид отор нүүдэл хийн ирснээр Монгол бөхөнгийн өвөлжилт хүндрэх төлөв ажиглагджээ. Цаашдаа малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулж, байгаль орчинд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол цөлжилт үүсч нэн ховор болон ховор амьтдын амьдрах нутаг хумигдах аюул нүүрлэхээр байгааг албаныхан хэлж байна.