Categories
мэдээ цаг-үе

Хөгшид хөгжөөнтэй

Зохиолч Ц.Доржготовын “Хөгшид хөгжөөнтэй” өгүүллэгийг толилуулж байна.

Хөгшрөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн ч өнгөрөөд л, утас ч дуугарахаа болих юм даа.

Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. Хүний мөрөөс болсон хөгшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө. Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдчих вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд:

-Цахилгаан хэд гарч хүүхээ? Гэж хашгирлаа. Залуу миний амьсгаанаас сэжиглэнгүй ярвайж над руу “хн… энэ яасан бүдүүлэг өвгөн бэ” гэсэн янзтай эвгүй хялайгаад дуугардаггүй. Эмгэн тэнд намайг шоолон жуумалзана. Аргагүй л дээ, би урдуур нь дайрсан юм чинь. Тэгээд надаас түрүүлж юм асууж чадалгүй хоцорсондоо хор нь хөдлөөд их таагүй царайтай байсан юм.

Ер нь дүлий болсноосоо хойш би их чанга ярьдаг болсон юм байна. Хөгшин тэгж сануулдаг юм. Тэгээд л өөрөө өөрийнхөө дууг сонсохоор л хэлж байгаа царай нь тэр. Тэгсэн эмгэн намайг дооглон жуумалзангаа нөгөө залууд:

-Цахилгаан тэгээд их гарч уу? гэж дүлий өвгөн намайгаа давахаар амаа дөнгөж хөдөлгөхөд нь би сонсоогүй ч гэсэн амных нь хайрцгаар хэлсэн үгийг нь уншаад мэдчихэж байгаа юм чинь. Тэгсэн нөгөө залуу таг. Эмгэн амыг нь харж нэлээн хүлээлээ. Нөгөө залуу шаал өөр юм бодсон гөлийсөн амьгүй нүдээр муу эмгэнийг маань баримал аятай эрээ цээргүй ширтсээр. Шар нь хөдөлсөн эмгэн ташаа тулж, цээжээ урагш нь омогтой нь аргагүй түрлээ. Тэрний нь харахаас миний инээд хүрээд яавч болдоггүй.

Тэгсэн хариугаа авч байгаа намайг эмгэн харснаа залуугийнх шигээ сурмаг намжирдаад:

-Үгүй ер. Хөгшин хүний намбагүй гэдэг нь, гэснээ нөгөө дугардаггүй залууд:

-Өвгөн бид хоёр галынхаа өрөөнд пийшин тавина. Тэгээд гал түлж цай, хоолоо хийдэг болно. Тэгэхээр наад муу цахилгаан чинь бараг гүйхгүй дээ гэлээ. Тэгсэн нөгөө залуу нүдээ бүлтийлгэснээ сая ам нээж:

-Ишш… Тэртэй тэргүй үхэхийн хооронд та хоёр гал түлнэ энэ тэр гэж ядаргаатайд яана даа. Өнөө ч үхээ бил үү, маргааш ч үхээ билүү. Тэрний оронд зүгээр амраар нь цахилгаанаа л хэрэглэ. Үгүй ер өө, бас их хэмнэдэг хоёр гарч ирэх нь хөөе гэж шоолоод гарч одлоо. Бид хоёр санаа алдсаар, хоёр биенээ харсаар үлдлээ.

Манай дунд охин “байрандаа засвар хийсэн, ирж үз” гэнэ. Очлоо. Тэгсэн эмгэн:

-Пээх… яасан гоё болгочихоо вэ? Үгүй ер нь манайх ч гэсэн байраа нэг үүн шиг, ер нь энэнээс ч гоё болгоё оо өвгөөн гэж дуу алдлаа. Тэгсэн манай эгч, дүү гурван хүүхэн зэрэг инээд алдаад:

-Та хоёр байр засна энэ тэр гэж мөнгө үрэхийн хэрэг юу байнаа гэцгээлээ. Энэ билэггүй үгэнд гэрээ гоёх гэсэн эмгэн маань хөөрхий гомдоод явчих шиг. Нүд нь уйлахад бэлэн гялалзана. Гурван хүүхэн хоорондоо шуугилдаад эхийнхээ гомдсоныг ч анзаарсангүй. Ганцхан би л мэдлээ.

Манай энэ гурван хүүхэн нэг уулзахаараа юу. Өнөө л ээмэг, бөгж энэ тэрийгээ урьд нь өч төчнөөн үзэж сонжсон мөртлөөсөө л заавал ч үгүй дахиад л дэлгэж, анх удаа харж байгаа юм шиг л сониучирхдаг хачин зантай улс. Энэ удаа бас л тэглээ.

Тэгсэн хөгшин маань бас ч гэж хүүхэн хүний сониуч зангаар тэр хэдийн ярианд оролцох санаатай наанаас нь дөхөөд л байна, ахиад л сууна. Тэгж тэгж сүүлдээ дуугай сууж тэссэнгүй бололтой “тэр нь л нүнжигтэй дээ, энэ ч дээ хуурамч юм” гэж үг чулуудлаа. Тэгсэн цаадуул нь даанч нэг авч хэлэлцсэнгүй дээ. Ээж рүүгээ хүний урманд хүн байна гэж тоож харсан ч үгүй.

Том охин нэг ганган элгэн дээл авчихаж. Тэгсэн нөгөө гурав чинь тэр дээлийг нь ээлжилж өмсөөд л, толины өмнө эргэлдэж, маяглалдаад л бөөн шаагилдаан. Дээр нь ач, зээ нар шуугилдаад сүүл рүүгээ толгой эргэх янзтай. Тэгсэн хөгшин маань “би нэг ийм дээл авбал надад зохих болов уу” гэлээ. Гурван хүүхэн жуумалзан шоолж байна. Тэгэхээр нь миний дургүй гэнэтхэн хүрч хөгшиндөө зориуд “чамд ёстой гоё зохино” гэж хашгирлаа.

Эмгэн хөөрхий их дуртай байна. Тэгсэн харин охидууд болохоор “Үгүй тэр ээ. Аавыг хараач ээ, бас авгайгаа өөд нь татах нь. Та тийм сүрхий юм бол чавганцдаа яг ийм дээл аваад өгчихөөч дээ” гэж шуугилдлаа.

-Ер нь авч өгсөн ч ер нь яадаг юм. Ерөөсөө ч авч өгнө. Чадахгүй гэж бодоо юу та нар гэж би ханхалзлаа. Эмгэн маань их л баяртай, надаар бахархаж харагдана. “Ерөөсөө тэр муу дээлийг нь аваад өгчихье” гэж би хатуу шийдлээ. Тэгээд тэднийхээс гарахдаа хөгшин маань гурван охиндоо:

-Үгүй ер, их гайхуулж гэнэ. Та гурав өөрсдийгөө нэг их хөөрхөн хүүхнүүд гэж боддог байх даа. Нарийн ярих юм бол та муу гурав миний багынхыг яаж гүйцэхэв дээ… гэж хэлээд хаалгыг нь тас хаалаа. Хаалганы цаана бөөн хөхрөлдөөн хоцорсон нь мэдээж.

Салхинд алхангаа хоёулаа харьжээ явтал өөдөөс зөрөх хүмүүсийн дундаас нэг яарсан хөвгүүн хар хурдаараа бид хоёрын дундуур зүсэн гарахдаа хоёуланг маань арагш нь харуулаад тавьчихлаа. Өнхрөөд уначихалгүй тогтож чадсандаа эмгэн бид хоёр их додигор үлдлээ. Үхэх яагаа ч үгүй байна гэж баясаж байгаа нь тэр. Дэгжин бүсгүй гоё машин жолоодон дэргэдүүр өнгөрөхөд нь эмгэн миний чихэнд надад дуулдахаар:

-Чи бид хоёр одоо…

-Айн?

-Чи бид хоёр оо… одоо залуу байгаа бол чи надад яг ийм машин аваад өгсөн дөө. Би ч дорхноо жолоодоод сурчихна, тийм ээ хө? Гэхэд нь би:

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Би чамд энэнээс ч гоё машин бүр ёс авч өгсөн гэж хариу хашгирвал гудамжаар явсан улсууд цөм сонссон бололтой хажуугаар зөрсөн хос хоёр бүр инээд алдан бид хоёрыг эргэн эргэн харсаар холдлоо.

Тэгээд хоёулаа бүр санаж байгаад нөгөө элгэн дээлийг нь авчихлаа. Хөгшин маань шинэ гоё элгэн дээлээ өмсөөд толиныхоо өмнө өөрийгөө шинжиж, шинжиж сүүлдээ уртаар санаа алдсанаа тайлаад өлгөчихлөө. Би:

-За наад дээл чинь чамд бол ёстой ургаж байна… гэж хэлсэн боловч тэр нэг ч их итгэсэнгүй. Хоёул дув дуугүй бодлогоширон нэлээн суулаа. Тэгсэн хөгшин маань босож бурхандаа зул өргөн залбираад, эрхээ авч мааниа уншихаар буйдандаа шигдлээ. Миний толгойд энүүнтэйгээ анх танилцаж байсан тэр сайхан мөчүүд хөвөрлөө.

Үргэж цойлсон, аймхай, ичимхий, турьхан охин харцаа буруулах боловч намайг өөр рүү нь харах тоолонд тормогор нүднийх нь харцтай миний харц заавал мөргөлдөнө. Тэгээд надаас зугатаан өөр өрөө рүүгээ гүйх шахам ороход нь үл ялим гунхалзах гоолиг нуруу, зэгзгэр урт хөлнийх нь алхаа гишгээг би араас нь шунамхай хараад авдаг сан. Мөн ч эмнэг, хонгор байв даа. Одоо энэ бүхэн надад тов тодхон үзэгдэж байна. Хожим надтай бүр танилцаад кино үзэхээр гэрээсээ гарах зуураа толинд нарийхан бэлхүүсээ харан эргэлдэж:

-Бэлхүүсээрээ бүдүүн хүүхнүүдийг харахаар бөөлжис цутгах юм аа гэж хөөрч дэвэлзсэндээ үг алдаж, ээждээ:

-За битгий гайхуул. Чи ч гэсэн мөдхөн ямар болоо билээ гэж зэмлүүлээд гэмшиж байсан нь саяхан мэт санагдлаа.

Хүүхдээ хөтөлсөн залуухан хүүхэн улам ч гоё болсон. Нас тогтож яваа мэргэжилтэн хүүхэн эрчүүдийн харцыг булаасаар явсан. Ээ дээ, хүний насаа гэж. Мөн ч охорхон юм даа. Одоо энэнээс маань тэр зөөлөн ухаалаг хөөрхөн харц нь л үлдэж.

Намайг насан турш хайрласан энхрий харц. Энэ харц байхад л бүх юм гүйцээ. Ер нь тэгээд энэ буянтай харцыг унтрахаас нь өмнө л өрсөж нүд аних юмсан даа. Би ч дээ, аргагүй л муухай хувиа хичээгч юм даа. Буйдан сандлаас буурал толгой нь дөнгөж цухуйх тэр маань эрхээ эргүүлэнгээ:

-Хөгшин минь дээ, юм бодохын оронд мааниа уншихгүй юу доо.

-За тэгье ээ, тэгье гээд би эрхээ имэрч эхэллээ.

Тэгсэн манай бага охин нэг өдөр “ээжийн авсан дээлийг үзэх гэж ирлээ” гэсээр уухилсан юм орж ирлээ. Тэгээд ээжийнхээ шинэ элгэн дээлийг өмсөөд толины өмнө нааш цааш нэлээн гунхалзсанаа эхийнхээ хүзүүгээр тас тэвэрч, хацарт нь хацраа нааж нялуурсаар нөгөө өрөө рүү түрж оруулаад хаалгыг нь хап гээд л хаалаа. Тэр дээл тэгээд өнгөрөв бололтой хөөрхий. Хэд хоногийн хойно би хөгшнөөсөө:

-Нөгөө дээлээ яасан бэ гэвэл,

-Өө, тийм дээл одоо надад дэндүү дэгждээд зохихоо больсон байна лээ гэж үл ялиг гунигтайхан хэлж билээ.

Сар гаруйхны дараа байна уу даа, нөгөө гэрлийн байцаагч залуу жуумалзсаар орж ирээд тоолуураас хэдэн тоо хуулж бичингээ тус тусын буйданд уйтгарлан шигдсэн бид хоёрыг өрөвдсөн үү яасан харж харж:

-За… хоёр хөгшин яасан бэ? Ай? Нөгөө пийшингээ тавиад л, галаа түлээд л, цахилгаанаа хэмнээд л байж байна уу? гэж эелдэгхэн нь аргагүй доогтойгоор хөхөрлөө. Бид хоёр ч сэтгэлээ тэнийтэл сайхан инээлээ.

Бид хоёрыг харсан багачуул яадаг юм дандаа л ингэж тоглож, цаашлуулж байх болж. Цаагуураа л өрөвдөөд л, өхөөрдөөд л байх шиг. Яахав ээ, яахав. Хорвоо хугацаатай юм сан хойно доо.

Ум мани бад ми хум.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *