Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх 20-иод тэрбум ам.долларын өртөгтэй төслүүдээ зарлахтай зэрэгцээд Хөгжлийн банкны асуудал босов.
Түмний боломжийг хулгайлж, төрөл садангаараа нийлэн төрийн мөнгийг баруун, солгойгүй авсан эрх мэдэлтнүүдийн балаг эхнээсээ ил болоодохов. Статистикаас харахад манай улсад үйл ажиллагаа явуулдаг арав орчим арилжааны банкууд нийтдээ 21 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байна.
Чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд. Харин үүний 1.8 их наяд нь Хөгжлийн банкных. АН, МАН-ын аль алиных нь үед төрд дээгүүр алба хашдаг нөхдүүдтэй ойр, холбоо сүлбээтэй хүмүүс зээл ахиу хүртсэн тухай нийгэм хэдийнэ мэддэг боллоо. Гэхдээ Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан зээлийн дүнг 2017 оноос өмнө ба хойно гэж хоёр ангилж болно. Хөгжлийн банк анхнаасаа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан. Тэр утгаараа 2017 он хүртэл тус банкны зээл УИХ, Засгийн газрын хяналттай олгогдож ирсэн. Тэгвэл 2017 онд батлагдсан шинэ хуулиар, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба үүнтэй холбоотой журмыг ТУЗ батална гээд хуулинд тодоос тод заагаад өгчихсөн.
Ингээд Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийг УИХ, Засгийн газар хянаж, батлах шаардлагагүй болсноор замбараагүй зээл олголтын хар данс зузаарч будлианы суурь тавигдсан хэрэг. Тус банкнаас 2017 он хүртэл 2000 орчим зээл гарч байжээ. Харин үүнээс хойш ердөө 50 хүрэхгүй эрх мэдэлтнүүдийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүд зээл авсан байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 2020, 2021 онд Монголбанк, Сангийн яамны шалгалт Хөгжлийн банкинд орж байжээ. Нууцын зэрэглэлд багтсан уг материалд Хөгжлийн банкийг хөмрөхөд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад оролцсон эрхмүүдийн нэрс дурайтал бичээстэй байгаа аж. Үйл ажиллагаа нь доголдсоныг яаралтай зарлаж, арга хэмжээ авах ёстой байтал 2020 оны сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлнө гэж үзэн хав дарсан тухай улс төрийн хүрээнийнхэн ярих юм билээ. Тэр бүү хэл, өндөр дүнтэй чанаргүй зээлдэгчдийг нийгэмд зарлах гэхээр намдаа өргөсөн хандив нь илэрчих гээд хаа хаанаа ихэд сандарцгаасан бололтой. Мэргэжлийн банкирууд тэрхүү хоёр удаагийн шалгалтаар олон ноцтой зүйл илрүүлсэн боловч дүгнэлт гаргалгүйгээр чимээгүй нууцын зэрэглэлд оруулсан гэх. Уг нь УИХ-д тайлагнах ёстой. Тэр мэдээлэлд Хөгжлийн банкаар хөлжигчдийн бүх зүйл тов тодорхой байгаа гэв.
Хөгжлийн банкны гол шийдвэр гаргач ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь хараат бус гишүүн байхаар хуулийн зохицуулалт үйлчилдэг. 2017 оноос өмнө ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газраас томилдог байв. Харин үүнээс хойш ямар журмаар хэрхэн яаж ТУЗ-д орж багтаж ирсэн нь сонирхолтой. Голдуу яам, тамгын газрын мэргэжилтнүүд гэдэг боловч дийлэнх нь Сангийн яамны харьяанд багтах эрхмүүд. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Хан Дай Ву, Н.Мөнхбат, Г.Амартүвшин нараас бусад нь бүгд Сангийн яамнаас угшилтай хүмүүс.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд улс төрийн томилгоогоор очиж, намынхаа болон сонгуулийн санхүүжилтэд асар их үүрэг гүйцэтгэсэн тухай ярьцгаах нь бий. Тэгвэл ТУЗ-д байсан гишүүд хэрхэн албан тушаал ахиж, дэвшиж байсныг сонирхуулъя.
Одоо нийтэд ил болсон мэдээллээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Б.Даажамба нарын үед хамгийн их дүнтэй зээл гарсан гэдэг. Б.Шинэбаатар 2014-2016 онд 924 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Чанаргүй активын хэмжээ 562 тэрбумаар хэмжигдэж байв. Одоо 362 тэрбум төгрөгийн зээлд зөрчил үүсээд байгаа юм. Б.Даажамбын хувьд нийт 400-гаад тэрбум төгрөгийн зээл гаргасан байна. Б.Шинэбаатар нь Фортуна Н.Батбаярыг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд байх үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар очсон. Б.Даажамба бол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед Хөгжлийн банкны ТУЗ-өөр томилогдож байсан. Тэрбээр Сангийн сайд асан А.Базархүүгийн хүү юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамба нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл дэвшсэн, ЭСЯ-нд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар хүртэл ажиллажээ. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Н.Мөнхсүх нарын үед ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай ажилласан байв. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатартай ойр гэгддэг. Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаас улс төрийн карьераа томруулсан тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргын албанд томилогдож байсан нэгэн. Одоо Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байна.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар өнгөрсөн 2020, 2021 онд ажиллаж байсан С.Наранцогтын хувьд Ч.Хүрэлбаатартай хамаатуулдаг. Учир нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нэлээд өсч дэвжсэн гэдэг. Тус яамны газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга болтлоо томорсон. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-д 2018 оноос байж ирсэн.
Хөгжлийн банкны ТУЗ-д байсан Б.Ганбат 2018 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга байсан бол 2019 онд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болон дэвшжээ. Тэрбээр 2021 он хүртэл Хөгжлийн банкны ТУЗ-д байв. Өөр нэг онцлох ТУЗ-ийн гишүүн бол М.Золжаргал. Тэрбээр Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн даргаар олон жил ажилласан хүн. 2017 онд Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг гардаж хийсэн. Харин 2020 онд ТУЗ-ийн гишүүн болсон нь олонд хардлага төрүүлээд авсан юм. Мөн Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын газрын дарга байсан Р. Мөнхтөр 2020 онд ТУЗ-ийн гишүүн болсон байх жишээтэй. Хөгжлийн банкны ТУЗ-д байсан хүмүүс дунд Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа хүний аминд хүрсэн Б.Махбалын нэр олны анхаарлыг татав. Тэрбээр 2016, 2017 онд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байхдаа Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Түүнээс гадна ХҮН-ын дарга Б.Найдалаа, “Капитал” банкны гэдгээр олонд танигдсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Чинбишрэлт гэх зэрэг олон сонин хүмүүс багтаж иржээ.
Хөгжлийн банкны удирдлагууд хөгжлийн зээлүүдийг эцэслэн баталдаг болсноор ТУЗ-ийн эрх мэдэл томорсон. Баталсан зээлийнхээ хэрээр намдаа оноо авч, албан тушаал ахиж дэвшиж байсан нь ч тодорхой байна. Зарим эх суралжийн хэлж байгаагаар зээл батлах болоход ТУЗ-ийн гишүүд мэр сэр алга болчихдог байж. Хөдөө, гадаа томилолттой гэх шалтаг тоочдог байсан гэнэ. Учир нь дээрээс шахсан даалгавраар том дүнтэй, эрсдэлтэй зээлүүдийг батлахаас эмээж, зугтдаг байсан гэцгээж байна. Иймд зээлийн хуралд биечлэн сууж чадахгүй бол цахимаар оролцдог байсан тухай яриа ч бий.