-ӨНДӨР-УЛААН СУМЫН СУРГУУЛИЙН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-
Одоогоос 58 жилийн өмнөх төмөр хулгана жилийн намар гэж өвс ногоо өтгөн ургасан, уулын ам бүрээс булаг шанд ундарсан, хүн малын зоо нь тэнийсэн, “Чулуут”, “Баянгол”, “Хануй”, “Азарга”, “Цагаан булаг”, “Цахир”, “Шаврын гол”-уудын ус нь эргээсээ халин урссан, уулын ой мод нь өтгөрөн шаргалтсан, унаган залуу байгаль байлаа. Ийм цаг үед хөх ногоон даалимбан дээлтэй, улаа бутарсан хацартай, хээ шаагүй, хөдөөний малчин айлын төрмөл хүрэн бор царайтай, 34 хүүхэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын тэр үеийн долоон жилийн сургуульд нэг анги болж байв. Ангийн багш Ж.Ричиндаш гэж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй бие сэтгэл, хэл яриа, үйл хөдлөл нь цоглог, инээд тодруулсан залуухан эрийн сурагчид боллоо.
Биднийг 1-6 дугаар анги төгстөл багш минь “А” үсгийн эхлэлээс, тооны хүрдийн цээжлэлээс цаашид суралцах ирээдүйн замыг зааж, чиглүүлж өгсөн буянтан юм аа. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг дээ. Тэгвэл манай багш монгол бөхийн удамтай, аав нь сумын наадамд гурван удаа түрүүлж байсан сумын заан Жандаг гэх буурал байсан сан. Тэдний хүүхдүүд дундаас манай багш Ж.Ричиндаш суманд нэг түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн сумын заан юм. Түүний дүү Ж.Батдорж гэж сумын заан байв. Харин багшийн хүүхдүүд нь улсын начин Р.Цоггэрэл, аймгийн арслан Р.Түвшинбаатар нар. Манай багш урлаг спортоороо сумандаа од нь байлаа. Тэрбээр гар бөмбөг, ширээний теннис сайн тоглодог, сумын клубт дуучин, бүжигчин, найруулагч болдог. Түүнийг сургуулийн хашааны хаа нэгтээ чанга дуугарахад тоглож, сахилгагүйтэж байсан хүүхдүүд чимээгүй болж хичээлдээ ордог байлаа. Тэр үеийн залуусын гоёл болсон герман цагаан малгай духдуулсан, монгол дээлийг маш цэвэрхэн өмсөж, гутлаа гялалзтал тосолж, гэнэн цагаан сахилгагүй нэгэнд хайртай, самбар дээр зурсан мэт бичдэг багш байлаа.
Бидний үеийнхэн аав ээжийнхээ дэргэд нэгдэл нийгмийн мал маллах, эмнэг хангал сургах, хурдан морь унах, хашаа хороо барих, хадлан өвс, түлээ бэлтгэх, сааль сүү авах, идээ цагаа хийхэд гаршсан, бие хаа томтой, их ажилсаг хүүхдүүд байжээ. Ангийнхан дотор хичээл номондоо сайн, төлөв томоотой, сахилгагүй ч хүүхдүүд байлаа. Манай ангийнхан “Бадрал” нэгдлийн хадлан өвс бэлтгэх, “Хануй”-н баригадын төмс ногоо хураах, сургуулийн шургааган хашаа барих, өвлийн түлээ бэлтгэх ажилд хавар бүр явж, нэгдлийн жолооч Н.Гончиг гуайн “ЗИС-5” машинаар олон удаа мод ачиж буулгаж, хагалж хөрөөдөж бэлтгэсэн дээ. Дотуур байранд суудаг хэд, гадуур айлаар суудаг хэд маань нийлж, сургуулийн зарим багш, сум нэгдлийн албан хаагчдын гэрийн түлээг хөрөөдөж хагалах, охидууд маань цагаан сарын бууз, банш хийж, шар тосны сайхан боорцог олж идэх гэж л ажилладаг байлаа. Сургуульдаа мориор ирж, хичээл тараад замдаа уралдаж давхисаар хариад даалимбан цүнхээ гэртээ оруулж тавиад, малчин айлын бүхий л ажилд ханцуй шамлан ордог доо. Хагас, бүтэн сайн өдөр өвөл хаврынхаа сумын төвд байх үеийн түлшний модоо уулнаас бэлтгэж, үхэр тэргээр газар газраас орж ирдэг байсан. Бид чөлөөт цагаараа бөх барилдах, гар бөмбөг, ширээний теннис тоглох, Баянголын мөсөн дээр тэшүүрээр гулгах, Урангийн аманд цанаар гулгах, гахай, матик цохих, гэрийн унинд товх хадаад сургуулийн хойд толгой дээрээс дүнзэн дэлгүүр хүртэл гулгадаг байлаа. Тэр толгой маань улам намсаж, урд хэсэг газар нь хонхойн доошилж байгаа нь, газар хатаж, хавчиж байгаагийн шинж үү дээ. Ингэж хүүхэд бага насаа үдэн өнгөрөөж, нэг мэдэхэд долоон жилийн сургуулийн сүүлчийн долдугаар ангийг төгсөх, 1966 оны есдүгээр сарын 1-нд зургадугаар ангийн “А” ба “Б” бүлгээс 36 хүүхэд нийлж орсон юм аа. Бидний дундаас нэг хэсэг нь мал дээр гарч, зарим нь завсардаж хоцорсон биз ээ.
Зуны турш сургуулийн хүүхдүүдийн дуу чимээ тасарч байх үед ангийн багшаар Г.Чимэдрэгзэн гэж тоо, физикийн мэргэжилтэй залуу ирж буй сураг гарах нь тэр. Сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт болж, томоос том хүүхдүүд цугларч байтал дунд зэргийн нуруутай, зассан шагай шиг цэвэрхэн, тэр үеийн хэллэгээр гонжоом өмсөж, ромбо зүүсэн багшийг сургуулийн захиргаанаас бидэнд танилцуулж, яриа хөөрөө болов. Хоёр анги нийлсэн болоод ч тэр үү, нэлээд задгай байсан хэд хоногийг ангийн багш маань ажиглаж, төгсөх анги учраас биднийг нэг гарт барьж ажиллах чигийг сургуулийн захиргаанаас өгсөн бололтой. Багш маань бидэнтэй нэг бүрчлэн уулзаж, судалгаа гарган авч, ар гэрийн байдлыг маш сайн судалж, өмнөх зургаан жилийн дүнг хичээл нэг бүрээр гаргаж, цаашид яаж ажиллах, ямар сургуульд орох санал хүсэлтийг сонсож, сургуулийн захиргаанаас багш нар хичээлд гэнэт ирж сууж, хяналт тавьж, оройн цагаар олон цагийн давтлага өгч ажилладаг байсан. Г.Чимэдрэгзэн багш элэг нэгт ахан дүүсийнхээ хүүхдүүдийн төлөө чин зүрхнээсээ ажилласнаар сурлагын түвшин жигд сайжирч байв. Анги төгсөх улсын шалгалтандаа сурлага чанарын өндөр амжилт үзүүлж, ангиараа шахам техникум, арван жилийн хувиар авч их амьдралын харгуй замд хөл тавьсан юм даа.
Ангийн андуудаас Ж.Орилбий, Б.лхагва-сүрэн, Н.Өлзий-Орших, Чимидравдан, Б.Чойжилсүрэн, Бадам нар их, дээд сургууль төгсөж, Ө.Гарвуулхаасүрэн, Ч.лонжил, Ж.Жавзандорж, П.Галбадрах, Ж.Чимэдцэеэ, В.Наранцэцэг, М.Пүрэвдулам, Х.Цээван, Н.Сосорбарам, Ш.Бумууноров, Я.Марууш нар, Г.Нямжав, А.Жадмууцол, Н.Дашцэрмаа, Ч.Замдий, С.лхагвасүрэн, Ж.Дамцагдулам, Д.Хандсүрэн, Б.Пунсалдулам нар техникум төгсөж, сумын Засаг дарга “Атар Өргөө” ХХК-ийн захирал, банкны захирал, авто, ойн болон барилгын инженер, багш, Ня-Бо, цэцэрлэгийн багш, Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, эмч, сувилагч, нисгэгч, холбоочин зэрэг албыг нэр төртэй өргөж явхын сацуу эх орныхоо хэрэгцээт газарт ажиллаж, амжилт бүтээлийн эзэд болцгоосон билээ. Бага анги болон долдугаар анги төгсөгчдөөс МҮОНРТ-ийн ажилтан байсан Дондовравдан гавьяат холбоочин, Азарга багийн Пүрэвсүрэн аймгийн хошой аварга малчин болж, Төрийн дээд одон медальтан, салбарын тэргүүний ажилтан, байгууллагын аварга болсон хүмүүс хэд хэд байна. Ангийн нөхдөөс олон сайхан анд маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж, мартагдашгүй сайхан дурсамжууд сэтгэлд хадгалагдан үлдэж дээ.
Төрийн Захиргааны болон Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан Ж.Орилбий