Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуульд “туршилтын хугацаа”-г тусгана

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, …” эрхийг баталгаатай эдлэхээр заасан.

Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар (14 хоногоос 1 сар) цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэллээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан туршилтын болон сургалтын хугацааг ашиглан дадлагажих гэдэгт хамааруулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зорилгоор гэрээ байгуулдаггүй, аман хэлцэлээр ажиллуулдаг байна.

Тиймээс хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан хэмээн танилцуулсан.

“Туршилтын хугацаа” гэдэгт тухайн ажилтны мэргэжпийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, хувь хүний болон ажил хэргийн зан чанар нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож тогтоосон хугацааг ойлгохоор төсөлд тусгажээ. Хугацааг тохиролцох нь тухайн байгууллагын ажлын онцлог, гэрээний талуудын сонирхол, эрэлт хэрэгцээтэй холбоотой бөгөөд туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар тусгасан байна.

Ихэнх тохиолдолд ажилгүй иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “цагийн ажил” гэсэн зараар ажил олгогчтой аман гэрээ хийн уг ажпыг хийж гүйцэтгэдэг байна.

Ихэнх байгууллагад байнгын орон тооны ажилтан авч ажиллуулах шаардлагагүй ажлын байр гардаг байна. Манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байна хэмээн хууль санаачлагч тайлбарласан.

Иймд хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Н.Учрал, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа нар асуулт тавьж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд зарим ажил олгогчид иргэдийг аман гэрээгээр авч ажиллуулчихаад, ажилдаа тэнцэхгүй байна гэсэн шалтгаанаар цалин хөлс өгөхгүй явуулдаг асуудлыг хөндсөн.

Энэ талаар хуулийн төсөл санаачлагч хариулахдаа, хуулийн төсөлд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээлгэхээр тусгажээ. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000- 10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд оруулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *