Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвлөмж өгөв

Авлигатай тэмцэх газрын Зөвлөмжийг тус газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт өнөөдөр гардуулан өгөв.

Уг Зөвлөмжид, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр дайлж, цайлах, бэлэг өгөх, аливаа хөнгөлөлттэй болон төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг байдлыг таслан зогсоох, зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, салбарын хэмжээнд хуулиар зөвшөөрсөн давхар ажил эрхэлж болох ажлын жагсаалт гаргах, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхдээ тэдгээрийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтын механизм бий болгох, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлуулах асуудлыг судлан үзэх, санал, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Зөвлөмжид дурдсан асуудлуудыг анхааралдаа авч цаашид салбарын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бүх шатны байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үеэр илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Засгийн газрын гишүүн-сайдад хүргүүлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *