Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах сарын аян эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өчигдрөөс эхэллээ. Аян энэ сарыг дуустал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриатайгаар үргэлжлэх юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргаснаас хойш жил бүр тодорхой уриа дэвшүүлж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг бий болгох, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх дадал олгох зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулдаг болсон аж.

Монгол Улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан сарын аян өрнүүлж буй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэдэд олгох зорилготой юм.

Аяны хүрээнд Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон холбогдох байгууллагууд дараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд

-“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх.

-“Нэн тэргүүнд ХАБ” үндэсний чуулганыг зохион байгуулах.

-Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдэгдсэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран Налайх дүүрэгт зохион байгуулах.

-Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх асуудлаар БНСУ-ын ХААЭА-н агентлагтай хамтарсан сургалт хийх.

-Осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудлаар Герман улсын ослын даатгалын газартай сургалт зохион байгуулах.

– Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тушаалаар батлагдсан ”Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг шинэчлэн найруулж, батлуулах бэлтгэлийг хангах.

-“Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах нийтлэг журам”-ыг боловсруулж, Хөдөлмөрийн болон Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулах.

-“Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”-ийг боловсруулж, Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлуулах. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх тухай Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 1998 оны 16 дугаар чуулганы тогтоолыг орчуулах, ослыг бүртгэх үндэсний статистик бий болгох. Асбестийн багц стандартыг боловсруулж, орчуулан батлуулах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *