Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт урьд шөнө хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд осол гарчээ. Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар цахилгаангүй байна. “ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт тог цахилгаан тасраад байгаа юм.
Эрчим хүчний сайдын тушаалаар“ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй фургон, вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас долоон хүний бүрэлдэхүүнтэй фургон машинтай бригад гэмтлийг арилгахаар гарсан байна. Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй маяти кран, 1 25 тоннын Хово кран, 1 КАТ / газар ухагч машин / таван ширхэг төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гарчээ.
Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллж байна.
Байгалийн аюулт үзэгдэл, онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн ослыг арилгах яаралтай арга хэмжээ авч, Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.