Морин хуурын чуулгын удирдаач тус чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун хүндээр өвчилж, яаралтай элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай болсон талаар мэдээлэл цацагдсан. Түүний биеийн байдал тун хүнд, нэг сарын дотор БНСУ-д элгээ солиулах шаардлагатай болсон гэнэ. Урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, шавь нар нь аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Эгшгэн өргөл” хандивын тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болж, АНУ-д суралцдаг шавь нар нь Ажиа гэгээний төвийн байранд “Сэтгэлийн дэм” хандивын тоглолт хийх гэж байгаа талаар хэвлэлүүд шуугисаар… Гэвч энэ бүхэн түүний эмчилгээний зардал болох 250-300 сая төгрөгийг бүрдүүлж эс чадах ажээ. Хамгийн харамсалтай нь ийм хагалгааг манай эх оронд хийх боломжгүй юм байна. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олноос нийт хилийн отряд, ангийн бие бүрэлдэхүүнд хандаж Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслах уриалга гаргав. Ардын жүжигчин Ц.Батчулууны хил, хилчдийн сэдэвт уран бүтээлээс “Цэрэг эрийн гэргийн дуу”-г хилчид бид хамгаас сайн мэднэ хэмээн тэд онцолж байна. “Эх орон, уртын дуу, морин хуур гурав хүйн холбоотой. Тиймээс бидэнтэй хамт энэ бүхнийг хайрлан хамгаалж ирсэн, ардын урлагийн эрхэм хилчин Ц.Батчулуун ахдаа амьдрал бэлэглэх дэмжлэг үзүүлцгээе” хэмээн ХЦДБЧ-ынхан уриалж байна.
Хандивын данс. ХААН банк 5031089680 (төгрөгийн), ХХБ 404187482 (валютын) юм байна.