Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-д 300 саяын үнэтэй тоног төхөөрөмж бэлэглэв

Япон улсын “Nihon Kohden” корпораци, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Си-Ай-Ти ХХК хамтран энэ сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт нийт 300 сая төгрөгийн үнэтэй, өндөр хүчин чадал бүхий хяналтын мониторууд бэлэглэжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Япон улсын ЭСЯ-ын эрүүл мэндийн зөвлөх Ш.Токүмото нар баяр хүргэж үг хэлсэн байна.

ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх “ХСҮТ-д энэхүү чухал төхөөрөмжийг бэлэглэж байгаад баяртай байна. Монитор нь 24 цагийн турш тасралтгүй ажилладаг төхөөрөмж учраас ачаалалтай бөгөөд эвдрэл нэлээд гардаг. Гэхдээ “Nihon Kohden” корпорацийн бүтээгдэхүүн нь чанартай, бөгөөд эвдрэл бараг гардаггүй гэдгээрээ алдартай. Мөн япон төхөөрөмжийн тоон үзүүлэлт, хэмжээ, дүрс хамгийн зөв байдаг учир зөв оношилгоо хийхэд тустай. Энэ төхөөрөмж нь манай төвийн ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулахад ач холбогдолтой” гэжээ.

“Nihon Kohden” корпораци 1951 оноос эхлэн хяналтын монитор, тархины бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат зэрэг олон төхөөрөмж үйлдвэрлэж иржээ. Одоо дэлхийн 120 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа Япон улсын бахархал болсон дэлхийд алдартай компаниудын нэг юм байна. Бүтээгдэхүүнүүд нь чанартай учир эвдрэл маш бага гардаг. 25 жилийн өмнө Монгол Улсын 3-р эмнэлэгт Японы Засгийн газрын тусламжаар орж ирсэн зүрхний бичлэгийн аппарат өнөөдрийг хүртэл асуудалгүй ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *