Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр өдөр хуралдаад ч Ерөнхий сайдаа тодруулсангүй

Сүүлийн хэдэн өдөр АН-ынхан анхаарлын төвд байлаа. Гэхдээ тэдний хийгээд яваа улс төр, өрнүүлээд байгаа үйл явдлаас ард түмэн хоёр зүйлийг ойлгосонгүй, мэл гайхаж хоцорлоо.

Нэгдүгээрт зүв зүгээр ажлаа хийж байсан Засгийн газраа ордны хуйвалдаанаар огцруулсны учрыг олохгүй байна. Ард түмэн “Н.Алтанхуягийн Засгийн газар яалаа, ямар нэгэн буруу юм хийл үү” хэмээн өөр хоорондоо асууж сураглаж сууна. Үнэндээ улс төрийн судалгаануудыг үзвэл АН-ын рейтинг лав сүүлийн хоёр жил 37 хувиас унаагүй. Дэргэд нь сөрөг хүчин МАН-ын үнэ цэнэ шалдаа бууж, рейтинг нь 25 хувиас хэтрэхгүй байна. Энэ үзүүлэлтүүд монгол түмний дунд эрх баригч хүчний нэр хүнд өндөр байгаагийн баталгаа. Засгийн газар нь сайн ажилласны гавьяа. Шууд хэлэхэд дараагийн сонгуулиар монголчууд АН-ыг дахиад сонгохын нотолгоо юм.

Ийм үед засгаа огцруулсны учир юу вэ. Бодоод байх нь ээ өөрсдийгөө ард түмний бүрэн төлөөлөл гээд итгэчихсэн жиргээчдээс бүх зүйл болох шиг боллоо. Мэдээж тэд ард түмнийг бүрэн төлөөлж чадахгүй. Учир нь өдөрт идэвхтэй жиргэдэг 50 хүн л сошиал ертөнцөд байдаг гэлцдэг. Тэдний дийлэнх нь Ардын намын нэр сүрийг хамгаалж явдаг, тэр зүгийн угшилтай хүмүүс байдаг юм гэсэн. Эрх баригчдыг үзэн ядсан, хийсэн бүтээснийг нь үгүйсгэсэн, Ерөнхий сайдыг нь муу муухайгаар цоллосон доромж жиргээнүүдийг “нисгэдэг”-ээс нь харвал эргэлзээд байх ч юм алга. Угаасаа улс орон сүйрч, ард түмэн өлбөрч үхэх нь хэмээн ухуулж улаан дарцаг дэрвүүлдэг хүмүүс.

Харамсалтай нь ордны хуйвалдагчид тэднийг ард түмэн гэж эндүүрээд хэлсэн ярьсан ёсоор нь Засгийн газраа түлхэн унагав. Жинхэнэдээ ард түмэн тэр твиттерийг чинь мэдэхгүй. Тийм завтай хүн ч байхгүй. Муу ч, сайн ч сонин уншиж, зурагт үздэг болохоор тэндээс твиттер гээчийн тухай олж сонсдог нь дамжиггүй. Ийм байхад 50 жиргээчийн үгэнд орж засгаараа тоглосон учраас ард түмэн эрх баригчдыг барьж идэхийн наагуур юм болж байна. Төсвөө баталж, эдийн засгаа сэргээхээс эхлээд уул овоо шиг их ажил байхад Засгийн газраа огцруулж, албан тушаал ярьж суугааг нь буруутгаж байна.

Хоёрдугаарт сая болсон АН-ын ҮЗХ-ны хурлыг ард түмэн ерөөсөө ойлгосонгүй. Төрийн эрх барьж, засаг авч яваа мундагууд намынхаа гол байгууллагын хурлыг хийнэ гэлээ. Намын даргаа сольж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж, найман гишүүнээ хөөчих ч юм шиг болоод явчихав. Гэтэл эхний өдрөө юу ч хэлэлцсэнгүй. Хэн энэ хурлыг удирдах юм гэж таван цагийн турш хэрэлдэв. Ардчилсан холбооны анхны цуглаанууд дээр дарга болж индэрт суухын дон туссан гэлтэй залуучууд ийм тэмцэл өрнүүлдэг байсан гэдэг. Аргагүй тэр үеийг санагдуулам хөл толгойгүй бужигнаан ҮЗХ-ны хуралд биелэлээ олжээ. Э.Бат-Үүл дарга “Н.Алтанхуягийн намын дарга байх бүрэн эрхийн хугацаа дууссан учраас хурал даргалах ёсгүй” гэж заргалдаад болоогүй тул санал хураалтаар асуудлыг шийджээ. Ингээд өөртэй нь хамт нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нараар хурлыг удирдуулж, санааг нь амраагаад эхний өдөр өнгөрчээ.

Бэлээхэн намын дарга, генсек хоёр нь байсаар атал тэгтлээ үзэлцэн байж, хурал даргалсныхаа үр ашгийг харамсалтай нь Э.Бат-Үүл баатар дараагийн өдөр нь гаргасангүй. Тэрээр ҮЗХ-ны хурлын шийдвэрт нөлөөлж чадсангүй. Учир нь хуралд суусан 170 гаруй гишүүний 70 хувь нь намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг намын даргаараа үлдлээ. Угаасаа ч намын даргын албыг өгөх, үгүйг Их хурлаараа л шийддэг. Тэгэхээр Э.Бат-Үүл дарга ҮЗХ-ны хурлыг бүтэн таван цагийн хэрүүл болгон хувиргасан нь ердөө Н.Энхбаяртай хийсэн гэрээг хүчингүй болгохын төлөө байсан юм гэж үү. Ингэж л ойлгогдохоор зүйл болжээ.

Ямартай ч удаан хуралдаагүй гэдэг шүүмжлэлд өртөөд байсан ҮЗХ-ны хурлыг хийсэн нь олзуурхууштай хэмээн намынхан нь ярьж байна. Хүлээлт үүсгэсэн шигээ үр дүнтэй байсан уу гэдэг дээр шүүмжлэлтэй хандах хүмүүс байгаа юм. Н.Энхбаяртай байгуулсан Н.Алтанхуяг даргынхаа гэрээг хүчингүй болголоо. Ингэснээр дараагийн шинэ Засгийн газрыг заавал МАХН-тай биш, МАН-тай ч байгуулж болох үүд хаалга нээгдлээ. Чухам аль намтай хамтрахыг УИХ дахь АН-ын бүлэг шийдэх нь шиг байна. Мөн намын Их хурлаа арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр товлов. Энэ хурлаар намын даргын асуудлыг ярихаар боллоо гэдгээс өөр дорвитой шийдэл гаргасангүй. Хоёр өдөр суугаад ч шинэ Ерөнхий сайдынхаа нэрийг тодруулсангүй. Найман гишүүний асуудлаа ч шийдсэнгүй, дахин цуглахаар болоод тарав. Тиймээс яах гэж хоёр өдөр хуралдаж, хэрүүл хийцгээснийг нь ард түмэн ойлгосонгүй үлдлээ.

Хурал ч яахав болдгоороо болсон гэнэ. АН-ынхан хэзээний ширүүн хуралддаг. Тэр шинжээрээ Ардын намаас ялгардаг ардчилалтай хэмээн гайхуулдаг. Энэ л жишгээр үргэлжилсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би энэ Н.Алтанхуягтай өмнөх Засгийн газрын үед хамт ажиллаж байлаа. Сая энэ Засгийн газарт ч хамтарч ажиллалаа. Үнэхээр ажил урагшаа яваагүй. Энэ хүнийг засаг барьж байгаа хугацаанд Монгол Улс хөгжихгүй. Ийм л учраас түүнийг огцруулах кноп дарсан” гэдэг үгийг улаан нүүрэн дээр нь хэлсэн сурагтай. Харин М.Батчимэг гишүүн “Ерөнхий сайдыг огцруулах эсэх дээр ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байсан учраас хаяж гарсан юм биш. Угаасаа Н.Алтанхуяг даргын нүүр рүү нь харж байгаад огцруулах кноп дарна гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Залуу шинэ үеэ дэмждэггүй, дээш нь гаргадаггүй гэсэн шүүмжлэл ч хурлын үеэр хүчтэй өрнөсөн дуулдана. Жишээ нь ҮЗХ-ны гишүүн н.Дарханцэцэг Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдэд хандаж “Та нар хэзээ залуучуудаа дэмжиж байсан юм. Өөрсдөө албан тушаалд гарахыг урьтал болгодог. Тиймдээ л өөрийнхөө Засгийн газрыг татаж унагалаа” гэх утгатай үгс чулууджээ. Хариуд нь С.Эрдэнэ гишүүн “Та нар шиг юмнуудыг танихгүй юм байна, хэн юм та нар битгий хуц” хэмээн хэлсэн ч дуулдана. С.Баярцогт гишүүн “Өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг унасан, том компаниуд өрийн сүлжээнд орсон, гадны хөрөнгө оруулалт тасарсан нь Ерөнхий сайдын буруугаас болсон” гэх утгатай үг хэлсэн сурагтай. Энэ мэт эцэс төгсгөлгүй хэрүүлээр дүүрэн хурал болжээ.

Заалнаас УИХ-ын дарга З.Энхболд дараагийн Ерөнхий сайдад 33 гишүүний нэр дэвшүүлж, задгай ярилцъя гэдэг санал гаргаж. Гэвч дэмжлэг аваагүй юм байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын дараагийн тэргүүнээр Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан нарыг нэр дэвшүүлье гэдэг саналууд ч цувсан сурагтай. Хэрэв тэднийг нэр дэвшүүллээ гэхэд Р.Амаржаргалыг МоАХ, Шонхор фракц дэмжинэ. Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж нарын хэн нь ч байсан Алтан гадасынхан дэмжих хандлагатай байжээ. Л.Гантөмөрийг Алтан гадасынхан дэмжих болсноос үүдэлтэй юү ямар ч гэсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нэг ардчиллынханд хандаж “Та нарт дараагийн Засгийн газраас хоёр ч суудал олдохгүй шүү” хэмээн дайрсан гэх яриа байна.

Мөн МҮДН фракц хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Н.Батбаяр, Д.Эрдэнэбат нарыг дагаж, Ц.Баярсайханыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр болсон. Нөгөө хэсэг нь МоАХ, Шонхортой хүч хавсрах нууц тохироонууд ч байсан гэлцэнэ. Гэвч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар шийдэхгүй гэсэн учраас энэ тохироонууд УИХ дахь АН-ын бүлэг дээр нээлттэй сэдэв болон үлджээ.

Харин АН-ын хяналтын хорооныхон “Р.Бурмаа, Ж.Батзандан нарын гишүүдийн нэр дээр маш их гомдол ирсэн. Тиймээс Хяналтын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан гишүүдийг намаас хөөх шийдвэр гаргасан” гэдгээ танилцуулсан байна. Үүнийг нь сонссон Р.Бурмаа гишүүн “Намайг хөөгөөд өгөөч” хэмээн гуйсан гэх мэдээлэл бий. Эцэст нь АН-ын Хяналтын хорооны найман гишүүнийг хөөсөн шийдвэр процедурын алдаатай байсан учраас хүчингүй болгож, энэ асуудлыг дараагийн ҮЗХ-ны хурлаар нэг тийш нь болгохоор тогтжээ.

Ер нь ҮЗХ-ны хуралд ирсэн 170-аад төлөөлөгчийг фракциар нь хуваавал Алтан гадас, МҮДН-ийнхэн нийлээд 90 гаруй хүн байж. Шонхор, МоАХ фракцийнхан ч нэлээд жин дарж байсан бол нэг ардчиллынхан 20, гучуулаа байсан сурагтай. Харин хуралдаанд ҮЗХ-ны гишүүн бүү хэл намын гишүүнчлэлгүй нөхдүүд олноороо ирсэн учраас фракциудын зүгээс гомдол гаргаж, зарим нэг хүнийг хөөсөн тухай мэдээ бий. Хаалттай хийсэн хурлаа жиргээч гишүүд нь нийтэд дэлгээд, задгай хэрэлдсэн АН-ын ҮЗХ-ны хурлаар ийм л сонинтой байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *