Categories
мэдээ соёл-урлаг

Хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг гаргалаа

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ болон БНСУ-ын Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-дын хооронд санамж бичиг байгуулж, “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-тэй хамтран хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг 2018 оны долдугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ болон “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-тай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хот ба Пусан хотын уран бүтээлчдийн хооронд бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлж, цаашид соёл урлагийн солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа болсон юм.

Мөн тус санамж бичгийн анхны ажил болгон Улаанбаатар хотноо 2018 оны 07 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд хоёр хотын уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнг Bluemon цамхгийн “Норфей Арт галерей”-д зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд нийт 50 уран бүтээлчийн уран зураг тавигдсанаас 25 бүтээл нь Пусан хотын уран зураачдын бүтээл байлаа.

Энэхүү үзэсгэлэн нь хоёр хотын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлч, эрдэмтэн судлаач, оюутан залууст уран бүтээлийн шинэ ололт, уран бүтээлийн санаа, харилцан туршлага солилцсон, хоёр хотын соёлыг сурталчилсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *