Categories
мэдээ нийгэм

Хотын дарга хороодод хүрч ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хотоос гаргасан бодлого, шийдвэр хороонд хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцаж, хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч байгаа. Төрийн анхан шатны нэгж бол хороо. Хорооны дарга бол төр, иргэдийг холбох гүүр нь болдог албан тушаалтан. Энэ утгаараа хотын хөгжил хорооны ажлаас шууд хамаарах бөгөөд иргэдээ ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, төрийн үйлчилгээг иргэнд хүргэх талаар хотын захиргаа хороо хоёр нэг зорилготой, уялдаатай ажиллах учиртай.

Улаанбаатар хотын 9 дүүрэг 152 хороотой. Эдгээр хороонд нэг сая 300 мянган хүн амьдарч байдаг. Өрхийн эмчээс өгсүүлээд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гээд тулгамдсан бэрхшээл хороодод бий. Асуудал бүрийн араас нягтлан явах, иргэн бүртэй нүүр тулан ажиллах хариуцлагатай бөгөөд хэцүүхэн албыг хорооны дарга нар гүйцэтгэж байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хороодын дарга нарыг жил бүр сургалтад хамруулж, хотын дарга ч нийслэлийн хөгжлийн бодлого, зорилтоо танилцуулж, тэдний санаа бодлыг ажилдаа тусгадаг уламжлал тогтоод байна.

Хаврын бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийтдээ 363 тэрбум төгрөгийн 466 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Үүнээс боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын төсөвт 106 тэрбум төгрөг суусан. Энэ хөрөнгөөр 34 сургууль болон өргөтгөл, 52 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх юм. Үүнээс гадна БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрөв, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр есөн сургууль, 22 цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөжээ. Ганцхан энэ салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас харахад нийслэлийн хороо бүрт бүтээн байгуулалт өрнөнө гэсэн үг. Тиймээс ч бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд зөв таниулж, аж ахуй нэгж, компаниудтай хамтарч ажиллахыг хотын дарга С.Батболд уулзалтын үеэр тэдэнд захисан.

Хороонд тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хотын даргын зүгээс нийслэлийн агентлаг, хэлтсийн дарга нарт тус бүр нэг хороо хариуцуулсан. Тэдгээр албан тушаалтнууд хорооноос ирсэн ажил хэрэгч саналыг Нийслэлийн удирдлагуудын хуралд шуурхай танилцуулж, шийдвэрлүүлэхийг эрмэлздэг. Улмаар дээрх шийдвэрүүдийн мөрөөр Нийслэлийн Засаг дарга албаны бусад хүмүүстэй хамт хороодын ажилтай танилцаж буй нь энэ юм.

Сүүлийн өдрүүдэд хотын дарга С.Батболд ажил хариуцсан хүмүүстэй хамт Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хороодод ажилласан. Чингэлтэй дүүрэгт ажиллахдаа тэрээр Сервис центрийн асуудлыг чухалчилсан. Гэр хорооллыг хөгжүүлэх хотын даргын шинэ бодлого, шинэ төлөвлөлт бол Сервис центр буюу Дэд бүтцийн төв юм. Товчхондоо хашаандаа хаусанд амьдрах энэ төслийг Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд эхлүүлж байна. С.Батболд дарга “Жишиг Дэд бүтцийн төвийг Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байгуулна. Нийслэлийн төсөвт энэ ажилд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Халуун, хүйтэн усны шугамыг татаж, гэрэлтүүлэг, тохижилт, авто замын ажлыг хот хийнэ. Иргэд байншингаа дулаалж, хашаандаа шугам сүлжээ оруулсанаар Шинэ хотын хэв маягт амьдралын загварыг бий болгох юм” гэлээ. Уг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл нар Сервис центрийн ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд уулзалтад ирсэн иргэд хүйтэн байшингаа дулаан болгож, эзэмшлийн газартаа сайхан амьдрах боломж ойртож буйд талархалтай хандлаа.

Төрийн үйлчилгээ ойртож, хотын захиргаа нүүж ирэх гэж буйд Яармагийнхан баяртай байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарын танилцуулснаар одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагаар өдөрт 5000 гаруй иргэн үйлчлүүлж, 330 нэр төрлийн үйлчилгээ авч байна. Төр, захиргааны байгууллага руу хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог гэсэн судалгаа гарчээ. Энэ их төвлөрлийг сааруулахад УИХ-аар батлагдсан Яармагийн шинэ төвийн ерөнхий төлөвлөгөө чухал үүрэгтэй. Хан-Уул дүүргийн дөрвөөс наймдугаар хороонд нийтдээ 11 мянган иргэн байна. Хотын захиргаа Яармаг руу төвлөрөхөд дагалдаж үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэхээс гадна дэд бүтцэд холбогдох тул иргэдийн газар, орон байрны эдийн засгийн үнэлгээ өсөх сайн талтайг уулзалтад ирсэн иргэд хэллээ. Улаанбаатар хот шинэ төлөвлөлт, дагуул хот, суурьшлын шинэ бүсийн хөгжлийг чухалчилж байгааг хотын дарга уулзалтын үеэр тодотгосон. Яармагаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд парламентын төвшинд дээрх үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.

Хүн ам, газар нутаг ихтэй Сонгинохайрхан дүүргийн иргэд болон хорооныхон хотын удирдлагуудаас гэр хорооллын хөгжлийн бодлого болон Дэд бүтцийн төв төслийн хэрэгжилтээс гадна сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, авто замын асуудлыг хөндөж асуусан. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийг хуваах асуудлыг иргэд хөндлөө. Иргэд төрийн үйлчилгээ авах гэхээр очерь дараалал нь дуусдаггүй, батлагдсан төсөв нь дүүргийнхээ орчин нөхцөлийг сайжруулахад хүрэлцдэггүй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэлцдэггүй энэ байдлыг дүүргийг хувааж, ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар засах нь зүйтэй гэсэн саналууд гарч байлаа. Уулзалтад ирсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хотын даргыг хөрсөн дээрээ бууж ажиллаж байгааг сайшаасан. “Нийслэлийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороонд ажилласанаар нийтийн тээврийн асуудлаа шийдэж, авто зам барих компанид үүсээд байсан газар чөлөөлөлтийн ажлыг шийдвэрлэж, жишиг дүүргийн эмнэлэгтэй болох мэдээллийг иргэдэд өглөө. Хотын маань бодлого хаашаа явж байгааг мэдэж, саналаа хэлж, зовлонгоо ярьж, асуудлаа шийдүүлж чадаж байна. Ингэснээр их хотын хаврын бүтээн байгуулалтын ажлууд илүү их үр дүнтэй, ажил хэрэгч болж чадна” гэж тэрээр хэллээ.

Хотын даргын хороодод хүрч ажилласан уулзалтуудын сүүлийнх нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 170 дугаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон 32 жилийн түүхтэй “Ган хийц” үйлдвэр байлаа. 170 дугаар цогцолборт хамгийн олон хүүхэд буюу 802 хүүхэд цэцэрлэгийн 21 бүлэгт хамрагдаж байгаараа онцлог юм. Алслагдсан хороонд цэвэр цэмцгэр, тохилог цэцэрлэг байгуулж болдогийг 2016 оны сүүлээр ашиглалтад орсон уг цогцолбор харуулж байна. “Ган хийц” компани нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түлшний хэмнэлт бүхий евро стандартын “Бокра” яндангийн төхөөрөмж, “Ган хийц” бүрэн шаталтат зуух үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх зорилттой ажиллаж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *