Categories
мэдээ нийгэм

Хотын дарга эрүүл мэндийн салбарын ажилчдад мэндчилгээ дэвшүүлэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газар байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Эрүүл мэндийн сайд хатагтай Сарангэрэл ээ

Эгэлгүй буянт үйлсийн эзэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаа

Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, нийслэлчүүдийнхээ элэг бүтэн амьдралын төлөө цаг наргүй ажиллаж ирсэн та бүхэндээ дэлгэр намрын билэгтэй, баяр дүүрэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Нийслэл хотод эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай хүргэхэд анхаарах, орчин үеийн дэвшилтэт технологи, ангаах ухааны ололтыг нэвтрүүлэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн тэгш дүүрэн ой тохиож байна.

Ардын хувьсгалын он тооллоос удаагүй арав гаруйхан жилийн дараа буюу 1938 онд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэдэх Эрүүлийг хамгаалах хэлтэс нэртэйгээр 5 орон тоотойгоор батлагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Нийслэлийн эрүүл мэндийн газар найман арван жилийн хугацаанд боловсон хүчний хувьд бэхжиж, чадавхижсан төдийгүй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх хүртээмж нь нэмэгдсэн нь энэ байгууллагын цар хүрээ өргөжин тэлснийг илтгэн харуулж байгаа билээ.

Өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар 50 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, харьяа эрүүл мэндийн байгууллагын тоо 26-д хүрч, 142 өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан Монгол Улсын хүн амын тал хувь буюу статистикийн тоогоор 1.5 сая иргэнд их эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан гээд нийтдээ 7 мянга хүрэхгүй ажиллагсадаараа дамжуулан хүн бүр, айл бүхэнд хүрэхийн төлөө чармайн хөдөлмөрлөж байгааг нийслэлчүүд талархан хүлээн авдаг. Учир нь Нийслэлийн эрүүл мэндийн салбарын бодлогыг ангаах ухааны салбартаа манлайлагч, тэргүүлэгч, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд үеийн үед тодорхойлж ирсэнтэй холбоотой юм.

Монгол улсын хүн амын тал хувийнх нь амь, амьдрал, эрүүл мэндийг гартаа атгаж байгаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынханд маань алдах эрх байдаггүй. Хором бүр үнэ цэнэтэй. Хийх ажил бүр нь хүний эрдэнэт амь настай холбоотой байдаг. Тийм ч учраас “Эмч тандаа баярлалаа” гэдэг сайхан үгийг иргэд маань харамгүй та бүхэндээ хайрладаг.

Хотын даргын зүгээс болон хувь хүний хувьд ч та бүхэндээ баярын энэ өндөр индэр дээрээс “Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлалаа” гэдэг үгийг хэлье.

Түүхт 80 жилийнхээ ойг угтан Нийслэлийн эрүүл мэндийн газар шат дараалсан олон ажил хийсний үр дүнг манай иргэд хүртэж байгаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн “Жишиг өрхийн эмнэлэг”, Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”, 3 дүүрэгт байгуулсан мэс заслын яаралтай тусламжийн тасаг болон өчигдөр үүд хаалгаа нээсэн “Шүд, эрүү нүүрний төв” зэрэг эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг нэрлэж болно.

Нөгөө талаас эмч, эрүүл мэндийн салбарынхаа боловсон хүчнийг чадавхжуулах, орчин үеийн тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын авто машинаар хангах, харьяа эрүүл мэндийн 25 байгууллагын 50 гаруй барилга байгууламжийг үе шаттайг засварлах зэрэг олон асуудалд Нийслэлийн удирдлагын баг онцгой анхааран дэмжиж байгааг дуулгахад таатай байна.

Хоёрхон жилийн дотор Нийслэлийн эрүүл мэндийн салбарт 17 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн тоон мэдээлэл бий.

Мөн энэ хугацаанд дүүрэг, нийслэл, улсын тодотголтой 18 эмнэлгийн гадна орчныг тохижуулсан нь та бүхэндээ барьж байгаа бидний бас бэлэг юм.

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад Нийслэл хот манлайлан ажиллаж байна.

Түүхт ойн энэ өдөр та бүхэн маань баяраа тэмдэглэхийн зэрэгцээ хүн амын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл хэрэгт амжилт олохын зэрэгцээ, өмнөө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэнэ гэдэгт Нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийт Улаанбаатарчууд итгэл төгс байна.

Орчин үеийн анагаах ухаан, хүн амын эрүүл мэндийг дэмжих, чиг хандлага, эрүүл мэндийн талаархи Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас баримталж буй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийслэлчүүддээ тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйлсдээ их амжилт олохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *