Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр /2014.10.28/ БНХАУ-ын “Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, тус корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюйтэй уулзалт хийв.
УИХ-ын дарга З. Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчдөд тус корпорацийн үйлдвэрлэлийн удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцуулав.
“Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, тус корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Фу Чэнюй уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, УИХ-ын даргыг тус корпорацийн үйл ажиллагаатай танилцаж буйд талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн буйгаа дуулгалаа.
УИХ-ын дарга З.Энхболд Фу Чэнюйд хандан, Монгол Улс БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс хийжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад Монгол Улсын Засгийн газар нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай. Нүүрс хийжүүлэх төслийн чиглэлээр хоёр улс хамтран ажиллах гол шаардлага нь Монгол, Хятад хоёр улсын агаарын бохирдлын өнөөдрийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахын тулд бид нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа бус, харин иргэдийн эрүүл мэндийн төлөө төр засгийн зүгээс нэн яаралтай хийж хэрэгжүүлбэл зохих ажил мөн. Миний бие БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй өчигдөр хийсэн уулзалтын үеэр нүүрс хийжүүлэх төслийн талаар “Синопек” корпорацитай хамтран ажиллах төслийн өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтанд оруулах санал гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж буйгаа илэрхийлсэн болохыг мэдэгдлээ.
Энэхүү уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.