Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоногт угаарын хийнд хордсон гэх дөрвөн дуудлагаар нийт 9 хүн эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 2 нь хүүхэд, 7 нь том хүн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хоёр том хүн хэвтэн эмчлүүлж байна.
10 дугаар сарын 02-24 хүртэлх хугацаанд нийтдээ 240 дуудлагаар 580 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Ойрын өдрүүдэд угаартсан гэх дуудлагын тоо буурч, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо багассан гэдгийг НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ.
НМХГ-аас нийслэлийн товчоодоор нэвтэрч буй автомашинуудад хяналт шалгалт хийж буй. Өнгөрсөн шөнө Өлзийтийн товчоогоор хоёр тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан байна. Мөн Эмээлтээр таван шуудай нүүрс оруулахыг завдсан үйлдлийг илрүүлжээ.
Өнгөрсөн шөнө тус байгууллагад түүхий нүүрс түлж байна гэсэн 13 мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу шалгалт хийсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгэн айл Налайхаас авсан 35 тонн түүхий нүүрсийг хадгалж байсан аж. Гэхдээ түүхий нүүрсээ түлээгүй байсан учраас арга хэмжээ аваагүй аж. Харин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Цасан гуа цэцэрлэг түүхий нүүрс түлсэн зөрчил гаргасан учраас арга хэмжээ авсан гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.
Агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын 14-20-ны хооронд хэмжигдсэн мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад РМ 10 хэмжээтэй тоосонцор 24 хувиар, РМ 2.5 тоосонцор 25 хувиар буурсан. Харин азотын давхар исэл 6 хувиар өсчээ. Автомашин тоо өссөн нь азотын давхар исэл нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг НАББГ-аас мэдээллээ.