Монгол Улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан өнөөдөр өглөө Улаанбаатараас хөдөллөө.
Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна.
Тус судалгаа таван жил тутам хийгддэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 8 багийн 40 хүн, 20-25 хоногийн хугацаанд 21 аймаг, 8 дүүрэг, 95 сумын 2,250 өрх, 0-59 сартай 2,250 хүүхэд, 6-11 насны 1,750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2,250, нөхөн үржихүй насны эмэгтэй 2,250, 15-49 насны эрэгтэй 1,750 нийт 10,250 хүнийг хамруулах юм.
Тиймээс ард иргэд та бүхэн судалгаанд идэвхитэй оролцож, судалгааны багийханг дэмжиж, туслахыг НЭМХ-ээс уриаллаа.
Судалгаанаас гарах үр дүн:
- Тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэг (УИД,цус багадалт, төмөр, А ба Д аминдэм дутал, илүүдэл жин, таргалалт)-ийн тархалтын түвшинг судлан тогтооно.
- 6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг( илүүдэл жин, таргалалт, иод дутал)-ийн тархалтын түвшин, тэдний иод дутлын эмгэгийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл бус хүнс хоол болон давсны хэрэглээг судлан тогтооно.
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, төмөр, “А”, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.
- Төрөх нас (15-49)-ны эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт)-ийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.
- 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, давсны хэрэглээг судлан тогтооно.