“Өдрийн сонин”-ы 2017.09.04-ний даваа гаригийн №187,188(5754,5755) дугаараас авч нийтлэв.
Есдүгээр сарын 1 болж, зунжин амарсан хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил эхэллээ. Харин ардын багш нар маань ажил хаялт зарлах шийдвэрээсээ ухрахгүй гэж байна. Тэд цалингаа нэмүүлэхийг Засгийн газраас шаардсан. Багш нарын үндсэн цалин ажилласан жилээсээ хамаарч сарын 535-650 мянган төгрөг байдаг гэнэ. Ийм өчүүхэн цалингаар өдөр хоногоо залгуулж байгаа хүмүүс өөдлөн дэвжихийн тухай санаад ч нэмэргүй. Монголын хойч ирээдүйг сурган хүмүүжүүлж, боловсрол олгож буй багш нарын ахуй амьдрал үнэхээр тарчиг байна. Тэр хэрээр сэтгэл санаа нь гундуу явна. Ард түмнээ мөр бүтэн амьдруулах нь төр засгийн үүрэг. Тэр дундаа сэхээтний давхаргыг бэлдэж байгаа багш нарын гэдсийг өлсүүлэхгүйн тулд цалин, хангамжийг нь сайжруулах ёстой. Гэтэл Засгийн газар “Мөнгө байхгүй” гэхчилэн багш нарын шаардлагыг саармагжуулах санаатай элдвийн зовлон тоочоод сууж байна. Салбарын сайд нь хүртэл гарч ирээд тэдний хүссэн цалинг өгч чадахгүй гэж байгаа харагдах юм. Үнэн хэрэгтээ эрх баригчдад мөнгө асар их бий. Ерөнхийлөгчийн сонгуулийг харахад л МАН ямар их мөнгө зарцуулсныг бүгд мэднэ. Хамгийн том даргаа Монгол Улсын Нэгдүгээр хүн болгохын төлөө яаж улайран шунасан билээ дээ. УИХ-ын дарга хэмээх өндөр албан тушаал нь багадаж, Төрийн тэргүүний сэнтийд санаархсан эрх баригчид дахин санал хураалтаар 310 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэчихсэн. Үүний 140 тэрбумыг нь хүүхдийн мөнгөнд зориулсан гэсэн тайлбартай. Харин 173 тэрбум төгрөгийг нь ард түмний саналыг луйвардахын тулд тараасныг хуулийн байгууллага шалгаж байгаа.Дээрээс нь энэ Засгийн газар Монголын толгой баячуудыг улам баяжуулах гээд 800 гаруй тэрбум төгрөгийн концесс өгсөн. Хагартлаа баяжсан тэдгээр олигархиуд Монгол Улсад ямар ч ашиггүй. Сайндаа л татвар төлж, таван хүнийг ажилтай болгосон нэр зүүгээд хамаг мөнгөө гадаадад гаргана. Төрд ямар ч ажил хийдэггүй хэрнээ хамгийн өндөр цалинг нь аваад зоолоод сууж байдаг Дэд сайдын албан тушаалыг энэ Засгийн газар бий болгосон.Хэнд ч хэрэггүй, ажлаа мэддэггүй, залуу сайдууд цахимаар дүүлэлдээд байгаа харагдах юм. Сошиалаар хов базан ангалзаж, энд тэнд очиж хэхэрсэн хэдэн хүнийг төр тэжээж байна. Тэдний сарын цалин 1.4 сая төгрөг. Үүн дээр туслах, жолоочийнх нь цалин, утасны төлбөр, шатахууны зардал, бичиг хэргийн мөнгө зэрэг нэмэгдээд сард гурван сая хол давна. Дэд сайд гэдэг хүнд жилдээ 39 сая төгрөг зориулж байна. Одоогийн Засгийн газар дахь 13 Дэд сайдын жилийн цалин хагас тэрбум болдог гэсэн тооцоо бий. Энэ бол 20 багшийн дөрвөн жилийн цалинтай тэнцэх хэмжээ. Их хэмжээний мөнгө үрсэн бас нэг шийдвэрийг хотын удирдлагууд саяхан гаргасан.Гэнэтхэн нэг өглөө төв замаар зүүн эргэхийг хориглоод авав. Ийм автозамын зохицуулалт хийхийн тулд 900 гаруй сая төгрөг зарцуулчихаад удалгүй цуцалж байх жишээтэй. Ямар ч тооцоо, судалгаа хийлгүйгээр бодлогогүй шийдвэр гаргаж, улсын мөнгийг үрэн таран хийж байна. Энэ юу ч биш. Жил бүр автозамыг тэлнэ гээд төө, сөөмөөр өргөсгөж, боржур, явган хүний замуудыг сольдог. Автозамын засвар, шинэчлэл нэрээр төрөөс их хэмжээний мөнгө зувчуулах аргыг эрх баригчид чадамгай эзэмшсэн байдаг.
Тэд өөрсдөдөө зарцуулах болохоор ингэж их хэмжээний мөнгийг гаргаж чаддаг. Харин эмч, багш нарт бол“Юу ч байхгүй, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна” гээд алгаа тэнийлгэдэггүй. Монголын сэхээтний давхаргыг бүрдүүлэгч, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч эдгээр эрхэм хүмүүсээс цалин харамлах хэрэггүй юм. Тэд бол өндөр цалинг авах эрхтэй хүмүүс. Багш хүн ямар ч сурлага муутай хүүхдэд итгэл найдварын өөдөө тэмүүлэх ганц үгийг хэлдэг юм. “Та нар Монголын ирээдүй юм шүү” гэдэг үгийг монгол багшаас өөр хэн ч сурагчдадаа хэлж чадахгүй. Харин эмч хүн бол монголчуудын эрүүл мэндийн манаанд нойр, хоолоо хугаслан зүтгэдэг буянтан. Энэ үүднээс нь харахаар хамгийн их ачийг нь санаж явах ёстой хүмүүс бол эмч, багш хоёр. Тиймдээ ч нүүдэлчин ард түмэн бид хэзээнээсээ багш, эмч нарт юугаа ч хайрлаж байгаагүй.
Хуучин цагт багшид хүүхдээ шавь оруулахын тулд өвлийн идэш, түлшийг нь бэлдэж өгдөг байлаа. Энэ бол “Багшийн маань гэдэс цагтгалан, гэр нь дулаахан байвал ардаа санаа зовох зүйлгүй хүүхдэд минь эрдэм сургана” гэсэн холч ухаан юм. Гэтэл өнөөгийн нийгэмд багш нар хамгийн ядуу, бэрх амьдралтай байна. Орон байр, унах унаа, өмсөх хувцас, өдөр тутмынхаа хэрэглээ гээд өмнөө тулгамдсан түмэн асуудлуудаа шийдэж дийлэхгүй байгаа. Хонхолзсон гэдэстэй, улайсан мөртэй багш нар самбарын өмнө нүүр бардам, өөртөө итгэлтэй зогсч чаддаггүй. Ийм хүн машин тэрэгтэй, тансаг хаустай, цатгалан гэдэстэй хүүхдүүдийн урд төвлөрч зогсоод хичээл заана гэдэг үнэхээр ичгүүртэй байдалд орж байна. Дээрээс нь оюун ухаан, эрдэм мэдлэг, урлаг, соёл ярьж, сургана гэдэг ардын багш нарын хувьд бараг гэмтэн мэт санагдана. Сурагчдаасаа дорд байдалтай байгаа багш яаж итгэлтэй хичээл зааж, тэдэнд зоригтой хатуу үг хэлж чадах юм бэ. Дарга хүнээр жишээ аваад үзье л дээ. Удирдагч өөртөө итгэлтэй байснаар дороо ажиллаж байгаа хүмүүстээ зааж, сургаж, чиглүүлдэг. Хэрэв өөртөө итгэлгүй байвал түүгээр удирдуулж байгаа хамт олон сүйрнэ. Яг үүнтэй адилхан багш нар өнөөдөр хүүхдүүдийнхээ өмнө хулчгар байдалтай байна. Шавь нартаа сул дорой байхыг заагаад өгчихдөг. Тэгээд ч хоосон ходоодтой хүнээс ямар ч хүнлэг чанар гардаггүйг бидний амьдарч буй нийгэм харуулж байгаа. Хүнлэг сэтгэлийг зааж өгөх ёстой багш өөрөө хүнлэг бус байхаар Монголын ирээдүй багш нарын амьдрал шиг бүрхэг болох нь ээ.
Багш нарын ажиллах нөхцөл хүнд байгаа нь үнэн. Хичээлд ашиглах үзүүлэн, бичиг цаасны асуудлуудыг нь салбарын яам анхаардаггүй хэрнээ үүнээс давсан үр дүн нэхнэ. Хүүхдүүдийнх нь хичээлд хэрэглэгдэх хэд гурван төгрөг татсаных нь төлөө эцэг, эхчүүд хэл ам гаргаж, багшийг шоронд явуулчих гээд амаргүй. Нэг багшид 35 хүүхэд оногдох стандарттай байтал өнөөдөр 50 гаруй хүүхдэд хичээл зааж байна. Ийм байхад хичээлийн хоцрогдол хэзээ ч арилахгүй. Тиймээс багш нарын орон тоог нь нэмэх шаардлагатай юм. Дээрээс нь хичээлдээ онц, сурлага сайтай хүнийг багш болгодог тогтолцоог боловсролын салбарт суулгамаар байна. Манай нийгэмд хамгийн онц сурлагатай нь нягтлан, эдийн засагч, тааруу нэгэн нь багш болдог жишиг бий. Сурлага сайтай хүүхдүүд мэдээж цалин өндөртэй, ирээдүйтэй мэргэжил сонгоно шүү дээ. Тэгэхээр багш мэргэжлийн үнэ цэнийг өсгөх цорын ганц гаргалгаа бол цалин хангамжийг нь нэмэгдүүлэх юм.
Багш нар цалингаа ахиулахыг шаардаж одоо дөнгөж дуугарч эхэлсэн юм биш ээ. Сануулахад 1995 онд долоон мянга орчим багшийг хамарсан том хөдөлгөөн орон даяар өрнөж, дараа жилийнх нь УИХ-ын сонгуульд одоогийн эрх баригч МАН навс ялагдаж байсан түүхтэй. Энэ хөдөлгөөн анх нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш нар удирдлагуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үүдэж байв. Тэдний маргаан хурцдаж, ажил хаялт зарлахад хүргэжээ. Хэдхэн хоногийн дараа хот, дүүргийн багш нар түр хороо байгуулж, тэр үед засаг төр барьж байсан МАН-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үл ойшоосон байдаг. Энэ нь багш нарын бухимдлыг улам ширүүсгэж, орон даяар жагсаал цуглаан болж өргөжжээ. Тэдний тэмцэл дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилж байв. Тухайн үед багш нарын байрлаж байсан өрөөнд цагдаагийн хурандаа До.Дамба гэж хүн савхин хүрмээ үлдээхдээ халаасанд нь чагнах төхөөрөмж хийж орхиод тэднийг тагнаж байсан гэх хэрэг ч мандаж байсан юм.
Ингээд Засгийн газар цагаан тугаа өргөж, багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж байлаа. Уг үйл явдал МАН-ыг сонгуульд унагааж, АН-ыг засгийн эрхэнд гарахад том түлхэц болсон юм. Энэ байдлаа бодсон ч эрх баригч МАН зоолсон дарга нараа цөөлж, багш нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй.Эрдэм ном зааж байгаа багш хүн омог бардам, эрмэг зоримог, хүнлэг байх ёстой.
М.МӨНХЦЭЦЭГ