Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгууль монголын улс төрийн хүчнүүдийг сориод авсан шаггүй хүндхэн сонгууль боллоо. Монгол Ардын Нам өргөтгөсөн парламентад багахан хувиар давамгайлах байр суурьтай болсныг гадны хэвлэлүүд онцолж байна. Харин Ардчилсан Намын хувьд 42 суудал авсан нь 2020 оныхоос том үсрэлт болжээ.
2024 оны УИХ-ын сонгуулийн гол онцлог нь томсгосон тойрог байлаа. Эдгээрээс Хөвсгөл, Булган, Орхон аймгийг багтаасан Хойд бүс буюу 4-р тойрогт нилээн чанга өрсөлдөөн ихтэй сонгууль болж өнгөрлөө гэж судлаачид дүгнэж байна. Шалтгаан нь улсдаа төдийгүй орон нутагтаа маш хүчтэй улс төрчид өрсөлдсөн тэр эрэмбээрээ ч ялалтыг байгуулж чадсан.
Энэ чангахан өрсөлдөөн улс төрийн намуудын нам дотрох эв нэгдэл хамтын ажиллагааг жинхэнэ сорьсон ялангуяа МАН-ын хувьд хүндхэн байсан гэж онцолж байна. Учир нь энд хоорондоо эрс ялгаатай, урьд өмнө төдийлөн харьцаатай байгаагүй аймгуудын Намын хороод хэрхэн ажилласан нь сонгуулийн үр дүнгээс илхэн харагдаж байна.
Хамгийн их сонгогчидтой Хөвсгөл аймгийн МАН-ын Хороо учраа ололгүй урсгалаар нь сонгуулийг дуусгасан бол хамгийн бага сонгогчидтой Булган аймаг нутгархаж, Орхон аймаг харин өөрийн намын нэр дэвшигчдээ чирч гаргаж, “улааруулсан” нь үр дүнгийн тооноос нь харж болно.
Хойд бүсийн 8 мандатын төлөө 87 нэр дэвшигч өрсөлдөхөд Хөвсгөл аймагт МАН-5, АН-3, Булган аймагт МАН-6, АН-2, Орхон аймагт МАН-7, АН-1 ялалт байгуулсан нь аймгуудын МАН-ын Хороодын дотоод удирдлага, зохион байгуулалт, эв нэгдэл хэрхэн байсан нь харагдаж байгаа юм.
Орхон аймгийн МАН-ын хороо 7/1 гаргаж чадсан нь үнэхээр магтууштай. Эндээс намын дотоод удирдлага, зохион байгуулалт дээрээс нь намынх нь даргын зангараг ч харагдаж байна. Харин энэ гурван аймгийн зангидаж суусан Хойд бүсийн менежер намын хороодоо нэгтгэж хангалттай ажиллаж чадсангүй гэж тоон өгөгдөлөөс уншигдаж байна.
Хэрэв Х.Баттулга бусдыгаа чирсэн бол өнгөрсөн жилүүдэд аймагтаа багагүй зүйл хийж амжуулсан Булган аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ гээд залуус УИХ-ын гишүүн болж болох л байсан.
Аймгийн хороод яаж ч “манаргалаа” гэсэн МАН институцийн хувьд хүчтэй гэдгээ бас л нотолсон үйл явдал боллоо. Нөгөө талаас АН болон бусад сөрөг хүчинд ямар өндөр боломж байгааг харуулж чадлаа. Сонгогчид зарим улс төрчдөөс үнэхээр уйдаж байгааг ч харууллаа. Сонгуулийн үр дүн бол улстөрчид төдийгүй улс төрийн хүчнүүдэд тавьж буй дүн байдаг хойно. Ямартай ч урладааны дүн ингэж л гарчээ
Б.Баатар