Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn


ХНХ-ын сайдыг өнгөрсөн хугацаанд цөөнгүй удаа сольсон нь энэ салбарыг сүйрлийн ирмэгт аваачлаа гэдгийг улс төр, нийгэм судлаачид хэлж байна. Угтаа Засгийн газрын тэргүүн тус яамны сайдаар намынхаа эмэгтэй улстөрчдөөс томилох хандлага ажиглагддаг. Тэр утгаараа өнгөрсөн хугацаанд Д.Сарангэрэл гишүүнийг томилсон удаатай. Гэвч яамныхан болоод зарим улстөрчид түүний хэлсэн үгэн дээр нь дөрөөлөөд явуулсан. Дараагийн сайдаар улс төрийнхний ярьдагчлан “шантааж” Т.Аюурсайханыг томилсон. Гэвч удалгүй тэрбээр нүүрсний болоод бусад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан. Харин одоо хэн болох вэ. Хэнийг Ерөнхий сайд энэ салбарт томилох вэ гэдэг асуудал нийгмийн анхаарлыг татаад буй. Засгийн газарт нэг суудал эзгүй болсонтой холбоотойгоор сайдад горилогчид борооны дараах мөөг шиг олширдог. Энэ удаад Ерөнхий сайд хүнээ зөв таньж, мэргэжлийн томилгоо хийхгүй бол дахиад ч сайдын асуудал яригдах магадлал өндөр юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг сайдын асуудал байнга яригдвал дээрх хэлсэн нийгмийн асуудлууд Засгийн газрын бодлогод сөргөөр нөлөөлнө. Тиймээс Ерөнхий сайд уг асуудалд маш болгоомжтой хандаж байгаа хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Одоогийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн фракцаас хүнээ томилуулахаар гүйж байгаа бололтой. Н.Энхбаярын хувьд өөрийн намаа МАН-тай нэгтгэсэн нь цаанаа хэд хэдэн тохироотой явагдсан ажил гэдгийг хэн хүнгүй гадарлаж байгаа. Тэр утгаараа нэг тохироо нь сайдын суудал аж. Тиймээс тохиролцооныхоо дагуу өөрийн фракцаасаа МАХН-ын нарийн бичгийн дарга асан, өөрийн туслах асан Б.Тулгыг оруулахаар Ерөнхий сайдтай уулзаад яваа талаар Төрийн ордноор жиг жуг хийж байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сайд болохоор идэвхтэй амбицалж эхэлсэн. Энэхүү амбицаа өргөн фронтоор хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа нь нийгмийн өмнө ил тод болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч нийгэм болоод сайдгүй салбарынхан түүнийг хүлээж авах сонирхолгүй байна гэх мэдээлэл олон нийтэд түгээд эхэллээ.

Тэр утгаараа түүний сайдад томилогдох эсэх асуудал эргэлзээтэй ажээ.Гэсэн ч түүний фракц сайд болгохыг нь дэмжсээр байгаа юм. Гэхдээ эцсийн сонголтыг Ерөнхий сайд өөрөө хийх нь ойлгомжтой. Засгийн газрын тэргүүн юуны өмнө байр суурь нь дахин ганхахгүй хүнийг сайдаар томилох бодлого барьж байгаа гэв. Өөрөөр хэлбэл тохиролцоо, шантааж, фракцын нөлөөллөөс ангид хүнээр энэ салбарыг толгойлуулна гэдгээ намынхандаа хатуу сануулсан бололтой. Үүнээс үзвэл Ерөнхий сайдын зүгээс тохиролцоо гэх нэрийдлээр Н.Энхбаярын саналыг болоод салбарынхан нь эсэргүүцээд эхэлчихсэн гэх Б.Саранчимэгийг томилохгүй гэдэг санаагаа намынхандаа илэрхийлээд эхэлсэн бололтой. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн М. Оюунчимэгийн тухайд сайд болох магадлал өндөр байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тодруулбал, түүний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Мөн энэ хугацаандаа Өргөдлийн болоод Нийгмийн бодлогын байнгын хороог даргалж, одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж буй. Өнгөрсөн онд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлэх, мерит зарчмаар сайдын томилгоог хийх асуудлыг дотроо ярьж, уг асуудал нь олонхын дэмжлэг авсан гэдэг. Тэр утгаараа М.Оюунчимэг гишүүнийг дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох магадлал өндөр байгаа юм. Нөгөөтэйгүүр Д.Сарангэрэл гишүүн хэлсэн үгнээсээ болж үүрэгт ажлаа өгснөөр дараагийн сайд хэн болох вэ гэдэг асуудал сөхөгдсөн. Тухайн үед М.Оюунчимэгийн нэр нам дотроо их яригдсан ч хажуугаар нь Т.Аюурсайханыг шантааж хийсээр байгаад сайд болчихлоо гэдэг асуудал нийгэмд хүчтэй яригдсан. Тиймээс энэ удаагийн ХНХ-ын сайдад М.Оюунчимэгийн нэр голлон яригдаж байгаа сурагтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *