Өнгөрсөн аравдугаар сард Бразилын Порто Алегре хотын иргэдийн хурлын төлөөлөгчид усны тоолуурын талаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан аж. Гэтэл арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн уг хуулийн төслийг хиймэл оюуны ChatGPT платформоор боловсруулсан нь өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болжээ. Учир нь уг хотын иргэдийн хурлын төлөөлөгч Рамиро Росарио хуулийн төслийг ChatGPT ашиглан боловсруулснаа хэвлэлд дэлгэсэн байна.
Тэрбээр уг хуулийн төслийг хиймэл оюунаар боловсруулахад ердөө 15 секундийн хугацаа зарцуулсаныг “Вашингтон Пост” сонинд ярьжээ.Росарио уг платформын асуултын цонхонд “Усны тоолуур алдагдсан тохиолдолд хотын ус, бохирын албанаас шинэ тоолуурын төлбөрийг өмчлөгчөөс авахыг хориглох захиргааны хуулийн төслийг Порто Алегре хотын гүйцэтгэх засаглалаас биш, хууль тогтоох байгууллагаас боловсруулах” гэсэн утгатай хүсэлтийг бичиж оруулсан байжээ.
Гэтэл уг ChatGPT хэдэн сарын турш маргаан болж байсан асуудлын шийдлийн хоёр хувилбарыг хэдхэн секундийн дараа гаргаж өгсөн нь Росариог ихэд гайхшируулсан гэнэ. Росарио хуулийн төслөө хиймэл оюунаар боловсруулсаныг мэдэгдэлгүй танилцуулахад хотын иргэдийн хурлын 36 төлөөлөгч хуулийн үг хэллэгт бага зэргийн өөрчлөлт оруулан бүгд дэмжсэн байна.
Порто Алегре хотын хурлын төлөөлөгчдийн дарга Хамилтон Соссмейер эхэндээ үнэнийг нуусан хэмээн Росариог буруутгаж, “буруу жишиг тогтоолоо” хэмээн шүүмжилж байсан бол харин сүүлд “Би хиймэл оюуны технологийн боломжийн талаар илүү гүнзгий уншиж судаллаа. Харамсалтай нь, эсвэл азаар ч гэх юм уу, ийм хандлага давамгайлах цаг үе ирж буйг би ойлгосон” гэж хэвлэлд ярьжээ.Харин Росарио хиймэл оюунаар боловсруулсаныг нь мэдвэл хэчнээн зөв шийдэл байсан ч хурлын төлөөлөгчид эсэргүүцэх магадлалтай байсан тул нуухаас өөр аргагүй болсон гээд “Хиймэл оюун ухаан төрийн байгууллагууд, албан хаагчдын нөөц бололцоо, цаг хугацааг оновчтой болгож, тэдний ажлыг илүү чухал зүйлд хандуулахад тусална гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Г.АМАРСАНАА