Categories
мэдээ цаг-үе

Хиймэл оюун ухаантай ертөнцөд бид ажлын байраа яаж хадгалж үлдэх вэ?

Аrtificial intelligence буюу хүний оюун ухааныг орлох хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралд далайн хар салхи шиг хүч түрэн орж ирж байна. Сүүлийн үед техник, технологийн ололт, шинжлэх ухааны анхаарлаа хандуулж байгаа сэдэв нь хиймэл оюун ухаан болоод байна. Дэлхийн толгой баячууд, технологийн салбарт бизнес эрхэлж байгаа эрхмүүд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх тал дээр хөрөнгө оруулалт хийх болж эхнээс нь туршилт, судалгааны ажлуудаа түргэвчлэх болсон нь нөгөө талдаа эмзэглэл төрүүлж байгаа юм. Хүний оролцоо багатай технологи нэвтэрч хүмүүс роботуудад зайгаа тавьж өгсөөр байна. Дэлхийд технологиороо тэргүүлдэг япончууд робот үйлдвэрлэлтээрээ гарамгай. Тус улсын эрдэмтдийн судалснаар ойрын таван жилийн дотор Япон улсад 2.5 сая хүн ажлын байраа роботуудад алдана гэдгийг тогтоожээ. “Мицүбиши”-гийн судлаачдын үзэж байгаагаар худалдагч, аялал жуулчлалын менежер, нягтлан бодогч, машинист, үйлдвэрийн дамжлагын ажилтнууд, хуульч, уурхайчин гэсэн долоон мэргэжлийн хүмүүс роботуудад ажлын байраа алдана гэжээ.

РОБОТУУДЫГ АЖИЛЛУУЛАХ НЬ ЭЗДИЙН МӨНГИЙГ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ЦАГИЙГ ХЭМНЭНЭ

Томоохон супермаркетуудад зул сарын баяр, Азийн Цагаан сар, улаан өндөгний баяр, валентины баярын үеэр кассан дээр “түгжрэл” үүсдэг. Ингэж түгжрэл үүсгэж байгаа шалтгаан бол худалдагч нь хүн учраас. Тэд андуурал эндүүрэл гаргана, үйлчлүүлэгчидтэй маргаан үүсгэж улмаар зохион байгуулагч, хамгаалагчаа дуудахад хүрнэ, мөнгөний хариулт өгөх гэж удна. Харин роботууд худалдан авагчийн барааг кодоор нь шууд бодоод бүр уутлаад өгнө. Энэ хооронд роботоос ямар ч хэл ам гарахгүй. Худалдан авагчдаа ч амар. Ийм учраас томоохон сүлжээ дэлгүүрүүд худалдагчдаа робот болгох саналыг дэмждэг аж. Үүнийг батлах гэсэн мэт Америкийн худалдааны “Амазон” сайт худалдагч, кассчингүй дэлхийн анхны супермаркетыг өнөө жил нээхээр болоод байгаа юм.

Сүлжээ дэлгүүрийн эзэд “Роботуудыг үйлчилгээний салбарт ажиллуулах нь цаг хэмнэх хамгийн зөв сонголт. Хүн хүний харилцаанаас үүсдэг удаашрал үгүй болно. Хэрэглэгч, худалдан авагчдад ч энэ таалагдах болно” гэсэн нэгдмэл байр суурь илэрхийлж байгаа ч үүнийг хүн төрөлхтний амьд харилцааг үгүй хийж байгаа алхам хэмээн шүүмжлэх хүмүүс ч буй. Шүүмжлэгчид “Эздэд шалтаг хэлдэггүй, цалин урамшуулал нэм гэж шаарддаггүй, чөлөө хүсдэггүй тийм л ажилтнууд хэрэгтэй. Тэд роботуудыг 24 цагаар 100 жил тасралтгүй ажиллуулахыг л хүсч байгаа” гэж хатуугаар тодорхойлж байгаа юм.

РОБОТУУД НИЙТИЙН ТЭЭВЭР, ХУУЛЬ, УУЛ УУРХАЙН САЛБАРТ Ч АЖИЛЛАХ БОЛНО

Дэлхийн улс орнууд нийтийн тээврийн хэрэгслүүдээ жолоочгүйгээр хэвийн ажиллуулах технологийг нэвтрүүлсээр байгаа билээ. Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл нь жолоочгүй. Тус улсын туршлагыг зарим орнууд сайшааж Эмират, Америк зэрэг улсууд зарим хотдоо уг технологийг нэвтрүүлсэн. Манай хоёр хөрш ч үүнийг сонирхож Шанхайд нэвтрүүлж эхэлсэн бол Москвад 2020 онд анхны туршилтаа хийхээр болоод байгаа юм. Иймээс удалгүй алга болох магадлалтай мэргэжлийн жагсаалтад машинистыг оруулжээ.

Үйлдвэрүүд бүрэн автоматжихын хэрээр хүний гар, хөлийн оролцоо үгүй болдог. Өнгөрсөн онд “Apple” автоматжуулсан дамжлагыг нэвтрүүлснээр 60 мянган ажилчнаа халсан. Хүнд үйлдвэрлэл хөгжсөн орнуудад үйлдвэрлэлийн дамжлагын шатанд хүмүүсийг ажиллуулах нь багассаар байгаа аж. Ингэхээр үйлдвэрийн дамжлагын ажилчин гэх мэргэжил удахгүй дуулдахаа байх гэнэ. Хуульч бол маш хэрэгтэй мэргэжил. Гэтэл Америкт хуульчид хэдийнэ роботуудад ажлаа алдаад эхэлсэн байна. Стэнфордын их сургуулийн “DNP” робот хуульч жилд 100 мянган хүнд үйлчилдэг бол “IBM” компанийн “Ross” нэртэй хуулийн автомат лавлах амжилттай ажиллаж олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа. Робот хуульчдад тулгарсан асуудлаа танилцуулахад маш богино хугацаанд мэдээллийг нягталж тал бүрээс нь гаргалгаа гаргаад эцсийн хариуг дор нь гаргадаг юм байна. Тиймээс ирээдүйд хуульчдын хэрэг үгүй болно гэж үзжээ. Харин энэ жагсаалтын долдугаар байрт уурхайн мэргэжлийг удахгүй устгана гэжээ. Гэхдээ үүнийг хүний сайн сайхны төлөө хэцүү ажлыг роботуудад шилжүүлж байгаа гэж тайлбарласан байна. Хамгийн хүнд хүчир ажил. Жилд олон мянган хүн уурхайн гүнд гэмтэж бэртэн, зарим нь амь насаа алдахад хүрдэг. Мөн мэргэжлээс шалтгаалах хүнд өвчтэй болж хоцордог. Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад энэ байдлыг халахын тулд роботуудыг хүний оронд уурхайн гүнд ажиллуулах төсөл эхлүүлжээ. Ингэхээр 2030 оноос роботууд уурхайнд гүнд ажиллах нь.

Одоогоор асрагч робот, харилцагчийн гомдол, иргэдээс ирсэн мэдээллийг цуглуулж дээд удирдлагадаа хүргэдэг робот ч ажиллаж байгаа. Зөөгч роботууд ч дэлхийн улс орнуудад бий.

15 ЖИЛИЙН ДАРАА РОБОТУУД ХҮНИЙ АЖЛЫН 47 ХУВИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГ БОЛНО

Америкийн хөдөлмөрийн биржээс гаргасан судалгаагаар 15 жилийн дараа бүртгэлтэй 700 гаруй ажлын байраас 47 хувь нь машинжих буюу робот гүйцэтгэх боломжтой болно гэжээ. Хиймэл оюун ухааны технологи улам хөгжиж, ахиц гарахын хэрээр хүмүүс роботуудад ажлын байраа алдсаар байх болно. Нээрээ тийм гэж үү хэмээн та гайхаж мэднэ. Улаабаатарын иргэд бидний хувьд 1990 он гарснаас хойш нийтийн тээвэрт тасалбар шалгагч буюу кондуктор гэдэг хүнтэй олон жил нүүр тулсан. Хамгийн яршигтай, хэцүү мэргэжилтэй хүмүүс кондуктор ч юм уу гэх бодол бараг хүн бүрт төрж байсан цаг үе саяхан. Гэтэл нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтэрснээс одоо кондуктор гэх хүмүүс алга болчихсон. Энэ бол хамгийн энгийн жишээ. Тэдний ажлыг одоо ямар техник гүйцэтгэж байна вэ гэхээр нэг муу жижигхэн аппарат. Картаа уншуулангуут “Оюутан”, “Өндөр настан”, “Хүүхэд”-ээр нь ялгаад картны үлдэгдлийг нь дэлгэцэн дээр гаргаад “Баярлалаа” гэж хэлж байна даг.

ДАРУЙ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ МЭРГЭЖЛҮҮД

Английн Оксфордын их сургуулийн гаргасан судалгаагаар банкны зээлийн ажилтан, теллер, зээлийн картын шинжээч, спортын шүүгч, үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, буудал, рестораны ресепшн, даатгалын судалгааны ажилтан, дэлгүүрийн худалдагч, үзвэр үйлчилгээний цэгийн мэдээлэгч, тасалбар борлуулагч, казиногийн диллер, хуульчийн туслагч, цаг засварчин, татварын газрын ажилтан, дата өгөгдөл оруулагч, номын санч, сийлбэрчин, гар утас, камерын засварчин, нүдний шил, линзний мэргэжилтэн, шавьж устгагч, инженер, зураг зүйн техникч, газар зохион байгуулагч, барилгын оператор гэсэн мэргэжлүүдийг даруй устах мэргэжил гэж үзжээ.

ХАРИНЯМАР МЭРГЭЖЛҮҮД УСТАЖ АЛГА БОЛОХГҮЙ ВЭ?

Бүтээлч байдлыг дэмжсэн, урлаг, соёл, уран сайхны мэргэжлүүд халдашгүй байх бөгөөд эдгээр салбарт роботууд халдаж чадахгүй гэж үзсэн байна. Дижитал мөнгөн дэвсгэртийн мэргэжилтэн, боловсролын ажилтан, бага сургуулийн багш, гал сөнөөгч, цагдаа, хүнс тэжээлийн мэргэжилтэн, мэс заслын эмч, дотрын эмч, эрүү нүүрний эмч, сэтгэлзүйч, чихний эмч, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг ухуулагч гэсэн ийм мэргэжлүүдийг роботууд хийж гүйцэтгэж чадахгүй. Учир нь эдгээр мэргэжлийн программыг роботуудад суулгалаа ч тэдэнд хүнийг гэх сэтгэл, хайр, хүндлэл байхгүй учир дээрх салбаруудад хэзээ ч роботуудыг ажиллуулахгүй аж. Гэхдээ Японд дуу хөгжим зохиодог хиймэл оюун ухаант технологи аль хэдийнэ хүрээгээ тэлж олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа. Үүнийг харин Оксфордын судлаачид байж болох зүйл ч, хэдэн жилийн дараа хүний зохиосон бүтээлд шахагдаж зах зээлээс гарна гэж үзжээ. Гэлээ гэхдээ урлаг, уран сайхны мэргэжлийг роботууд хэзээ ч гүйцэтгэхгүй юм байна гээд бүх хүн дуучин, жүжигчин, кино найруулагч, зураач мэргэжил сонгохгүй нь ойлгомжтой. Ингэхээр бид хиймэл оюун ухаан хүчтэй нэвтэрч байгаа энэ ертөнцөд ажлын байраа яаж хадгалж үлдэх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Роботуудын хэзээ ч гаргаж чадахгүй бүтээлч зан, ажилдаа чин сэтгэлээсээ халуун дулаан үнэнчээр хандах сэтгэл, хамгийн гол нь хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн мэдрэмжийг сонсч түүнийг ажил хөдөлмөртөө шингээж байх нь ирээдүйд ажлын байраа алдахгүй байх том хөшүүрэг болно. Роботууд өгсөн программын хүрээнд л нэг үйлдлээ мянгантаа давтдаг бол хүн дотоод сэтгэлээрээ чин үнэнчээр ажиллавал ямар ч хүрээнд баригдахгүй ажиллах боломжтой юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *