Нийгмийн энэ их стресс бухимдал заримыг маань сөхрөөж байна. Ийм цаг үед монголчуудад эр зориг, эрч хүч, бүгдийг даван туулна гэсэн итгэл үнэмшил юу юунаас илүү чухал. Хүнд өвчний өөдөөс эр хүн хүн шиг сөрж зогссон, өчүүхэн ч сөгдөлгүй даван туулсан олны танил нэгэн эрхмийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Энэ хүн бол Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Батмөнхийн Чинбат юм.
-Таны олны хүртээл болгоод удаагүй байгаа “Цасан вальс”-ийг сонслоо. Ямар сайхан мэдрэмж вэ. Энэ их нийгмийн бухимдлаас холдуулж чадаж байна шүү…
-Тийм үү, тийм мэдрэмжийг өгч байгаа бол сайхан байна шүү. “Цасан вальс” хөгжим маань мэндлээд удаагүй байна. Надаас гарч байгаа, миний хүүхэдтэй ялгаагүй тийм л нандин бүтээл. Ингэж бодож хийсэн, хамгийн аз жаргалтай үед маань та ярилцлага авахаар ирлээ. Шинэ уран бүтээлээ сошиал хаягтаа оруулаад л хэн нэгнээс “Чинбаагийн маань “Цасан вальс” ирж буй шинэ бүхний эхлэлийг хөгжмийн эгшиг, сэтгэлгээ дуурслаар төгс зохицуулж та бидэнд илгээсэн хайрын бэлэг байлаа. Баяр хүргэе. Хорвоод хайраас илүү хүчтэй сайхан зүйл үгүй” гэж сэтгэгдэл орж ирсэн. Ингээд л гоё сэтгэгдэлүүд урссан даа. Одоо та бид хоёр энэ өрөөнөөс гараад нийгэм рүү орно. Нийгэм маань хэтэрхий стресстэй байна
Хүн бүр яарсан, биенийхээ урдуур орох гэсэн. Машин сигналдсан, уурласан… Ийм баймааргүй л байна. Ийм байлгахгүйн төлөө хийж чадах миний ажил хөгжим бичих л юм даа.
-Таныг зорьж ирсэн нь монголчуудад урам зориг өгсөн ярилцлага авах хүсэл юм. Өнөөдөр зарим маань өвчин зовлонгийн өмнө сөхөрч байна. Та ч ялгаагүй саяхан нүүр тулсныг бид мэднэ. Бахархалтай нь та даван туулсан. Анх тэр өвчнийг мэдээд хүнд цохилтод орсон байх. Тухайн үед юу болсон, тэр хүнд өвчнийг монгол эр хүн, эр зориг, тэсвэрээр яаж даван туулсан талаар ярилцъя. Хүнд сэдэв үү, та юу гэж бодож байна?
-Ярья л даа, болохгүй нь юу байна.
-Та уран бүтээлээ туурвиад нийгэмд гялалзаж явсан олны танил хүн. Тийм хэцүү мэдээ сонсоно гэж зүүдлээ ч үгүй явсан байх?
-Анх хүндэрснээ сонсоод сэтгэлээр нэг их унаагүй. Хамгийн гол нь хүн сэтгэлийн хаттай байх ёстой. Би сайхан гэр бүлд төрж өссөн. Дутагдах, гачигдах зүйлгүй амьдрал дунд явж ирсэн. Түших сайхан ханьтай. Аав минь бурхан болсон ч ээж минь хажууд байна. Хүний ээж амьд байхад бүхнийг эмчилдэг. Мөн миний эгч, найзууд, урлагийнхан маань байсан. Би ер нь их олонтой хүн юм гэдгээ илүү их мэдэрсэн цаг хугацаа байлаа.
-Өвчин зовлонгийн өмнө үргэлж хүн өөдрөг байдаггүйг бид бүгдээр л мэднэ…
-Тэр мэдээж. Сүүлдээ бие хүндрээд ирэхээр өөрийн эрхгүй сэтгэл санаагаар унадаг юм билээ. Тэр үед хүний хань ижил, ах дүүс, анд нөхөд, танихгүй хүмүүс хүртэл ямар агуу хүч, ямар их хайр өгдөг юм бэ. Маш их хүчийг өгч байсан. Намайг огт танихгүй хүн надад эрч хүч өгч байхад надад унах эрх байгаагүй. Гудманд нэг эгч таарснаа “Миний дүү битгий унаарай” гэсэн. Насаар нэлээд дүү хүү тэвэрч аваад “Ах аа танд хайртай шүү” гэх жишээтэй. Намайг хөгжимчин, хөгжмийн зохиолч гэдгээр тэр бүх хүн намайг таньж байсан. Үүнээс би хөгжим гэдэг ямар аугаа, ямар гайхамшигтай, ямар ид шидтэй юм бэ гэдгийг дахин ойлгосон. Тэр үед л би өөрийгөө бусдад хайр түгээдэг юм байна, миний хөгжмөөс хайр цацарч байдаг юм байна гэж мэдэрсэн. Мөн надад хөгжим маань хань болсон. Яг л миний хань шиг, миний ээж шиг, миний гэр бүл шиг. Би хагалгаанд орох эцсийн мөч хүртлээ хөгжим туурвисан.“Чи унаж болохгүй шүү. Чи илүү сайхан хөгжим зохиох ёстой. Тиймээс илүү чанга, илүү хүчтэй, эр зоригтой бай” гэж хөгжим надад хэлж байсан. Түүнийх нь дагуу л болсон.
-Хилийн дээс давж, хүний нутагт хүнд хагалгаанд орох тэр өдрүүдэд танд юу бодогдож байв?
-Тийм мөчүүд ямар хэцүүг туулсан хүн л мэдэрнэ.Тасартлаа л баяжчихаагүй бол мөнгө санхүүгийн асуудал Монголын бүх гэр бүлд хүнд тусч байна. Намайг өвдөөд хэвтэхэд эрүүл мэндийн системийн талаар сонин хэвлэлүүд их хөндөж бичсэн дээ. Эрүүл мэндийн системийн асуудлыг хөндөхөд би сэдэв болчихсон байсан. “Энэ хүнийг чинь хагалгаанд орчих хэмжээний мөнгөтэй гэж бодсон шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ үгүй байж” гэхчилэнгээр. Би хандив авахгүй гэж хувьдаа шийдсэн. Ийм яриа гэр бүл дотор яригдаад, хаагдсан. Санхүүгээ тодорхой хэмжээнд болгосон. Тэгээд л Монголоос ниссэн. Нисэх буудал дээр “Хурд”-ын Д.Отгонбаяр, продюсер Н.Халиун, “Emotion”-ийнхон, гэр бүл, найзууд, ойр тойрныхон маань бүгд намайг гаргаж өгсөн. Дотроо гунигтай байсан. Гэхдээ би эргээд эд нартайгаа уулзана гэж бодож байсан. Хүн хэзээ ч хатуу юм бодож болохгүй. Бүх зүйл таталцлын хүч дээр явдаг учраас зөв санаатай, эр зоригтой, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой юм билээ. Яг тийм сэтгэлээр би найз нараа, ээжийгээ үнсээд Сарнайгаа хөтлөөд онгоцонд суусан. Сонгосон эмнэлэг “Анам” нэртэй Солонгосын тэргүүлэх эмнэлэг байсан. Хүнд энерги, мэдрэмж гэж байдаг шүү дээ. Би тэр эмнэлгийн үүдээр орохдоо орчин тойрноо, өнгөрч байгаа хүмүүсийг хараад их сонин тайвширчихсан. Жигтэйхэн тайвшраад бараг эмчтэйгээ уулзаагүй байхдаа энэ эмнэлгийг сонгосон нь зөв байж. Энд хагалгаанд оръё. Хагалгаа амжилттай болох юм байна гэж бодсон. Надад хагалгаа хийх Ким эмчтэйгээ уулзсан чинь их дулаахан хүн санагдсан. Эмчлүүлж байгаа эмчдээ бүтэн сэтгэлээр итгэх гэж чухал юм бий. Би эмчээ хараад энэ хүн намайг аврах юм байна гэж бодсон. Энэ бүхэн хагалгаа хийхээс өмнөх процесс. Тиймээс даваад гарна гэсэн сэтгэлийн тэнхээгээр хөглөгдөөд л байсан.
-Хүнд хэцүү үед хэн нэгний хэлсэн ухаалаг үг хүчтэй тусдаг гэдэг. Хагалгаанд орохын өмнөх мөчид хэний хэлсэн үг танд бодогдож байв?
-Намайг Монголоос явахад “Харанга”-ын Я.Одсүрэн ах “За миний дүү хагалгаанд орох гээд хэвтэж байхад чамд юм юм бодогдоно. Эмнэлгийн багаж хэрэгслийг чи бөмбөр гэж сонсоорой. Дээрээс чинь тусч байгаа хурц гэрлийг нар гэж бодоорой. Янз бүрийн эвгүй чимээ сонсогдох ч юмуу, амьсгал, зүрхний аппаратыг хөгжмийн хэмнэл гэж хүлээж авдаг юм шүү” гэж хэлсэн. Одсүрэн ах тийм айхавтар. Тэгж хэлж байгаа юм. Хагалгааны ширээн дээр гарахад үнэхээр эвгүй. Нэг их сонин хавчиг орон дээр хэвтүүлээд унтуулга руу оруулах гэж байгаа юм. Тэрэн дээрээс би орчин тойрныг харахдаа байгаль болгож харсан. Нүдэндээ мод, цэцэг ургуулаад. Монголынхоо уултай, устай нэг их сайхан газар л байгаа гэж төсөөлөөд. Надад ямар солонгос хэл байх биш. Эмнэлгийнхэн яриад л байгаа юм. Би дотроо “Ийм мундаг эмч нар байхад амжилттай болно” гэсэн сэтгэлийг ургуулж байсан.
-Я.Одсүрэн ах амьдрал үзсэн хүн байна шүү…
-Тийм хүн бидний дэргэд байгаа нь сайхан. Хагалгаа хийсний дараа хүн наркозоосоо сэрдэг. Ухаан балартчихсан байж байгаад нүдээ нээгээд харахад нэг сонин газар байх шиг байсан. Маш их өвдөж байсан. “Миний өвчнийг намдаагаад өгөөч” гэж хэлэх гэсэн чинь хэлж чаддаггүй. Хоолой руу урт гуурс хийчихсэн. Дуугарах гэсэн нэг үсэг, нэг авиа ч гарахгүй болохоор хүн сандарчихдаг юм билээ. Үүнийг хагалгаанд орж байгаа хүн бүр мэдмээр юм билээ. Хэдэн хормын дараа л би ойлгож байгаа юм. Дуугарах гэж тэмцээд, хүчлээд хэрэггүй гэдгийг. Хуруугаа гозолзуулаад байдаг, нөгөөдүүл чинь ойлгодоггүй. Ингээд би тухайн мөчөөс өвчинтэйгөө байлдаж эхлэх ёстойгоо ойлгосон. Хүн гэдэг амьтан ер нь зовлонг их даадаг юм билээ. Ямар ч зовлонг шүү. Хүн гэдэг агуу тэвчээртэй золиг юм даа л гэж бодох болсон.
-Тийм хүнд үетэй нүүр тулсны дараа л өөрт ямар их хүч байгааг мэддэг юм байна гэж үү?
-Тиймээ. Яг тэгж мэдэрдэг. Ийм зүйлд хүн бүр ороод байхгүй шүү дээ. Хүн тэсвэр тэвчээрийн туйл юм билээ.Бас нэг юм мэдэрсэн. Үүнийг ярьж болдог сэдэв үү, болдоггүй юу мэдэхгүй юм. Та бол намайг яриулаад байна. Параллель ертөнц байдаг гэдгийг би тэндээс хараад мэдэрч ойлгосон. Юу мэдэрсэн гэхээр хүн бусдад муу юм хийж хэзээ ч болохгүй. Хэзээ ч шүү. Энэ амьдралаас, тодорхой цаг хугацааны дараа ертөнцийн жамын дагуу бид буцна. Тэр үед шүүх шүүгч нар сууж байгаа шүү. “Чи амьдралдаа ямар хүн байсан, чи хүний амьдрал, нартын ертөнцөд хүнд ямар муу юм хийсэн бэ хө” гэдэг асуулт тавигдана гэдгийг би мэдэрсэн.
-Та яг юу мэдэрсэн гэж. Хүнд муу юм хийж болохгүй гэдгийг хүн бүр мэднэ. Сүсэглэж биширдэг шашин бүрийн номлолд ч бий. Гэхдээ л хийдэг. Тань шиг мэдрээгүй болохоор тэр?
-Хүн өвдөж байж өвчин гэдгийг мэднэ. Ээжийгээ аавыгаа алдаж байж хагацлын зовлонг мэдэрнэ. Хүн бүх юмыг өөрийн мах, цусаараа мэдэрч байж ойлгодог зовлонтой амьтан юм шиг байна. Ухамсрын түвшинд өндөр хүн хоёр дахиа алдахгүй гэдэг. Тийм нь хэд билээ. Будда, бөө, христ, ислам… бүх шашны номлолд муу юм хийж болохгүй гэсэн нэг л агуулга бий. Үүнийг би бодитой мэдэрсэн. Үүнээс цааш би давж ярихгүй. Яримааргүй байна. Би хүнд хайртай. Хүмүүст хайртай. Юм бүхэн амьтай гэдгийг тэндээс ойлгож байгаа юм. Амь байна. Харилцан шүтэлцээ бий. Хорвоо дэлхийн бүх юм хайран дээр тогтож байгаа юм. Байгаль дэлхийгээ бид хэр сайн хайрлаж чадна төдий чинээ удаан оршин тогтоно. Тэр хайранд нь бид амьдарч чадна. Энэ ойлголтыг би маш сайн мэдэрч авсан. Энэ бүхнээ би аялгуу, эгшиг, нот болгож буулгахыг хичээдэг хүн. Байгаль надад мессэж өгч байна. Тэр мессэжийг би ард түмэндээ хүргэх гэж хичээж яваа.
-Та хагалгаанаас гараад нүдээ нээж харахад таны хажууд ойрын хүмүүсээс чинь хэн зогсож байв?
-Хэн ч байгаагүй. Нэг хүнийг л би их хайсан, Сарнайг. Хагалгаанд ороход бид хоёул адилхан орон дээр түрэгдээд нэг зааланд орсон. Хоёулаа гар гараасаа атгалцаж байгаад салаад явсан. Нэг нь элгээ тайрч өгч байгаа. Нөгөөх нь элгийг нь авч байгаа ийм л тавилан. Наркозоос сэрчихээд өвдөөд байгаа хэрнээ Сайрнайг л хайгаад байсан. Яаж байгаа бол, миний хань. Зүгээр байгаа, яасан бол. Өвчин намдаах хийлгэсэн болов уу.. гээд л. Тэр надад их хэцүү байсан. Өрөөний гадна эмч нар, ойр дотны хүмүүс байгаа. Тэд баярлалдаж, тэврэлдээд, уйлалдаад. Гадаа хүмүүс тэгж байхад дотор би Сарнайгаа бодож байсан. Гадуур миний эгч тогтож чадахгүй нааш цаашаа холхиод л. Сэхээн амьдруулах тасгийн вакум өрөөнд намайг оруулсан. Би Сарнай гэж хэлэх гэхээр сэтгэл эмзэглээд чаддаггүй. Сарнайг ярихаар ярьж чадахгүй. Сарнай хаана байна гэж асууж чадахгүй. Тийм л байсан.
-Бүх юм хоолой дээр тээглэчихээд үү?
-Чаддаггүй юм билээ. Ойр тойрныхон орж ирээд Сарнайг ярих гээд “С” гэхээр л сонсож чаддаггүй. Хүн гэж тийм сонин. Би бүр аргаа бараад сүүлдээ “С” үсэг надад битгий ярь гэж хэлсэн. Ханийгаа хайрлаад, өрөвдөөд дотроо үхэж байгаа юм. Үүнийг үнэхээр ярих юм биш. За тэгээд “С” үсэг “Са..” болж, “Сар..” болж нэмэгдсээр Сарнай болтлоо 10-аад хоносон шүү.
-“Амжилттай боллоо… Зүв зүгээр байгаа…” гэж мянга сайхан үг сонсоод ч ханиа харахаас нааш тайвшраагүй бололтой. Тэгэхээр 10 хоногийн дараа та гэргийгээ харжээ дээ?
-Тэгсэн. Өөрийн нүдээр харахаас нааш хэзээ ч тэр үгнүүдэд итгэж, тайвширч, уужирдаггүй. Тиймээс л би Сарнай гэж хэлж, сонсож чадахгүй байсан юм. “С” үсэг сонсож чадахгүй болтлоо хачин эмзэг болдог юм билээ. Манай хүн тэр эмнэлэгт “Баатарлаг монгол эмэгтэй” гэсэн нэртэй болчихсон байсан. Айхавтар хатуужилтай эмэгтэй гэж эмнэлгээрээ нэг ярьцгаасан байсан. Хагалгаанаас хойш хоёрхон хоноод хөл дээрээ босчихсон юм билээ. Хүмүүс зүгээр л шок. Эмч нар нь ч шок. Нөгөө талд Сарнай бас намайг санаад байгаа юм. Хурдхан шиг л хань дээрээ очих юмсан. Яаж байгаа бол гэсэн сэтгэл нь босгочихож байгаа юм.
Миний хувьд хүний дээд гэдэг бол эхнэр. Тэр бол гайхамшигтай эмэгтэй. Нэг өдөр цаадах чинь над дээр үсээ хоёр хуваагаад сүлжээд боочихсон орж ирсэн. Одоо сайн санахгүй байна, 10-аад хоногийн дараа байх. Тэгж уулзсан. Хараад уйлсан. Ямар хөөрхөн, ямар сахиусан тэнгэр шиг харагдсан гэж санана. Тэр бол үнэхээр агуу тавилан. Надад ёстой гоё байсан. Сарнай над дээр орж ирж хоёулаа тэврэлдэж уйлаад тэгээд түүнээс хойш Сарнай гэдэг нэрэнд дасаж эхэлж байгаа юм. Их сонин.
-Монгол эмэгтэйн ухаан, гэр бүлийн нандин харилцаа, чинхүү хайр сэтгэл та хоёроос их тод харагдсан. Мэдээллийн хэрэгсэл, сошиал орчин нэг хэсэгтээ л тэр мэдээгээр амьсгалсан даа. Бахархмаар, бас та хоёрыг хайрламаар байсан?
-Найруулагч Н.Наранбаатар хэдэн жилийн өмнө Ромео Жульета жүжгийг тавьсан. Тэр жүжгийн хөгжмийг нь би бичсэн. Ромио Жульетта хоёрын дуу тэгж мэндэлсэн.
Мянган жил чи намайг хайрлаж чадах уу, чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь.
Мянган жил би чамайг хүлээсээр, хүлээсээр үлдэнэ хайрт минь
Маргааш учрах юм шиг үүрд чамайг хүлээнээ, би чинь хайрт минь… гэж. Яг л бид хоёрт зориулаад биччихсэн юм шиг шүлэг. Б.Замбалгарав, Сарнай хоёр клипэнд нь дуулдаг. Тэгсэн дараа нь бүх зүйл сайхан болоод, бид хоёр UB pаlace-ийн тайзан дээр хамт дууллаа шүү дээ. “Эргээд ирлээ, Чинбаа ба friends” тоглолт хийсэн. Тэр бол агуу сонин тавилан. Яруу найрагч Р.Эмүжин хүртэл Чинбаа Сарнай хоёрт зориулаад биччихсэн юм шиг ямар сонин юм бэ гэж ярьж байсан. Н.Наранбаатар хүртэл энэ хоёрт л зориулчихсан юм шиг гэж байсан. Юм гэдэг цаанаасаа учиртай. Бүх юм зурагтай. Бурхан тэнгэрийн заавраар явж байна.
-Та маш хурдан сэргэсэн, хөл дээрээ боссон. Уран бүтээлдээ эрч хүчтэй орсон. Энэ юуны хүч вэ. Таныг эмнэлгийн орон дээрээс тийм хурдан босгосон тэр хүчтэй үгийг хэн хэлэв?
-Олон сайхан хүний үг надад хүч тэнхээ өгсөн. Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч, тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэлийн үгээ надад явуулсан. “Босоорой миний дүү. Хүчтэй байгаарай. Хамт байгаа шүү” гэсэн. Би Монголын төр хэлж байна гэж хүлээж авсан. Энэ үг намайг орноосоо босоход хүчтэй нөлөөлсөн. Би тэр үгийг маш ихээр хүндэлж авч өөрийн эрхгүй нулимс урссан. Маш их сэтгэлийн тэнхээг авсан. Ерөөсөө унасан, өвдсөн тэр бүхэнд хүнд үг л хэрэгтэй байдаг. Сэтгэлийн тэнхээтэй болгох үг асар хүчтэй юм билээ. Тэр л хүнийг босгоод ирдэг юм билээ.. Дараа нь монгол түмэн маань хандив өгөөд л эхэлсэн. Найман настай хүүхдээс наян настай буурай хүртэл байсан шүү. Эмээ нар нь явууллаа шүү гээд тав, зургаан азай буурал маань мөнгө нийлүүлээд явуулчихсан байсан. Үнэхээр хайр төрж байгаа юм. Би эхлээд хандив цуглуулахгүй гэж бодож байсан гэж хэлсэн дээ. Гэтэл хандив болоод явчихсан. Тэр бүхнийг надаас нууж байсан юм билээ. Сүүлд нь би мэдсэн. Тэгээд л сэтгэлээ сул тавьсан. Олон нийтийн сүлжээ рүү орохгүй байсан. Гэрийнхэн “Чамайг ингэж дэмжиж байна шүү. Энэ хүн ингэлээ шүү. Тэглээ шүү” гээд тэр бүхнийг хэлсэн. Хөл дээрээ зогсож байгаа маань монголын ард түмний минь хүч байсан. Тэр бүхэн нь намайг одоо бос. Хийх ёстой юмаа хийгээгүй байна. Одоо хий гээд байгаа юм шиг. Бос миний хүү, хүчтэй байгаарай гэсэн сэтгэлийн асар их тэнхээг өгсөн үйлдэл байсан. Би хотын унаган хүүхэд. Гэхдээ би их азтай. Миний ээжийн эгч Дуламжав гээд сайхан хүн байсан. Тэр хүн надад хөдөөгийн тэр сайхан борог амьдралыг их ойлгуулсан. Зун болохоор л би Борнуур руу явчихдаг. Морь малтай ноцолдоод л, хурга ишгээ хариулна. Тэгж явсан маань надад хөгжим зохиох, байгалийг хайрлах энэ олон гайхамшигтай сэдлийг өгсөн. Сэтгэлийг өгсөн. Одоо бол бүх юм робот, компютерчлагдаад, бүх хүн фэйсбүүк дотор амьдарч байгаа. Тэр дундаа монголчууд. Энэ нь хүмүүсийн янз бүрийн хов руу дэндүү оруулж байна л даа. Тийм учраас би “Цасан вальс” шиг олон хөгжим бичихийг хүсч байна. Та ч өөрөө “Таны хөгжмөөс ямар сайхан сэтгэлийг авч байна аа” гээд ороод ирж байна шүү дээ. Энэ л уран бүтээлч болсны утга учир оршиж байгаа байх.
-Бүхнийг даван туулаад эх нутгийнхаа хөрсөнд буухад юу бодогдож байв?
-Солонгост суугаа Монголын Элчин сайдын яамнаас надад хамгаалалтын юм шиг хувцас өгсөн. Онгоцонд байсан хүмүүс намайг онцгойгийн ажилтан гэж бодсон байх аа (инээв). Ганцаархнаа нэг л их баглачихсан, нүдний шил, хамгаалалтын хувцас болчихсон хүн Буянт-Ухаа дээр буусан. Эх нутагтаа буух гэдэг ёстой зүйрлэх юмгүй сайхан. Яг ковидын үе таарсан л даа. Онгоцонд суугаа хүмүүсийг дарааллаар, нэрийг нь дуудаж тулгах гэхчилэнгээр. Хүмүүс уурлаад сүйд болж байсан. Надад бол яг үнэндээ тэр бүхэн огт тээртэй санагдаагүй ээ. Эдгэрээд, эрүүл саруул болоод эх орондоо ирж байгаа надад ууртай уцаартай байгаа монголчууд маань хүртэл сайхан харагдаж байсан. Онгоцоор ирсэн хүмүүсийг бүгдийг нь хотын гадна, уулын аманд аваачсан. Эргэн тойрон уул. Ядраад бүгдээрээ унтацгаагаад, өглөө босоод уул руу харсан чинь бэлд нь адуу бэлчиж байсан. Хачин болдог юм билээ. Монгол эр хүний морины сүнслэг мэдрэмж гэх үү, тэрийг хараад уйлчихсан. Тийм байж болох уу. Тэгээд л найзууд руугаа ярьж эхэлсэн дээ. Хүмүүсийн яриа сонсох хүртэл сайхан санагдаад. Тэгэхэд 21 хоног хорионд байлгадаг байсан шүү дээ. Надад бол огтоосоо хорионд байгаа юм шиг санагдаагүй. Тансаг гоё мэдрэмж байсан. Тэгсэн Мөнхбат гээд найз маань “Чи зүгээр байж байхаар карантиндаа хөгжмөө зохиогоод суу л даа. 21 хоног гэдэг урт шүү дээ” гэсэн. Ингээд доор байсан хяналтын хүмүүсээс гуйж, гуйж нэг юм даралтад хөгжим оруулж ирсэн.
-Хагалгааны дараах өдрүүдийг даван туулж, хэвийн амьдралдаа орлоо. Та их өөрчлөгдсөн үү?
-Тэгж их хайрлуулчихсан хүн чинь хүн хайрлаад л байдаг юм байна. Намайг бүр “Чи чинь хүний хайлан болчихсон юм уу” гэж хүртэл хүн хэлж байсан. Хүн л бодогдоод байдаг. Дээрээс нь өөр оронд очоод үхээд сэрчихсэн болохоор Монгол гэдэг омогшил л дийлээд байдаг юм билээ, их сонин. Урьд нь би АНУ-д очиж америкуудтай тоглож байсан шүү дээ. Тэр үед ялгаагүй л монгол, монгол, монгол гээд байсан. Монгол гээд сэргэх миний шалтгаан яасан дуусдаггүй юм бэ. Тийм байгаа биз дээ. Сая би “Disney On Ice” шоуны хөгжмийг бичлээ. Нөгөөх нь “Ringling Brothers and Barnum & Bailey”олон улсын циркийн хөгжим бичсэн. Эдгээрт дандаа л АНУ-ын мундаг продюсерууд хамт ажилласан. Тэрэнд Чинбаа гэдэг нэр үлдэж байгаа нь надад сонин биш санагдсан. Би “Монгол” гэж дуудуулаад байгаа нь надад гоё байсан. “Disney On Ice” шоуны найруулагч “Монголын хөгжмийн зохиолчийн хөгжим энэ шоуны оргил байлаа” гэж хэлсэн. Тэгэхээр би Монголоор онгирч байгаа биз дээ. Миний хамгийн анхны “Цагаан хар цагаан” CD байдаг. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Монголд төрийн дээд айлчлал хийхэд миний тоглосон, миний найруулсан хөгжмүүд ард нь яваад байсан. Тэр үед би их жаахан байлаа шүү дээ. Би тэндээс маш их урамшсан. Хөөх, АНУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж байхад миний хөгжим ард нь яваад байна шүү дээ гээд их баярласан. Хүүхэд байхдаа тэгж би төрөө хүндлэх, төрт ёсыг ойлгох сэдэл тэндээс төрсөн шүү. Тиймээс би Монгол гэдэг нэрэндээ уягдаад байдаг юм. Би дөрвөн жил дараалж төрийн наадмын хөгжмийг нь хийлээ. Энэ мэтчилэнгээр даалгавар ч юм шиг зүйлүүд ирдэг.
-Одоо шинэ уран бүтээлүүд дээрээ зогсоо завгүй сууж байна уу?
-Би саяхан Бээжин рүү явж “Мodern sky” стиудэд хөгжмийнхөө тохиргоог хийлгэчихээд ирсэн. Тэр маань удахгүй олны хүртээл болно.Тэр хөгжмийн нэр нь “Ирээдүй танаа өргөе”. Энэ бол эх орондоо ирэхэд зохиогдсон анхны хөгжим. Он гараад миний дуулсан дууны, төгөлдөр хуурын гээд том хэмжээний цомгууд маань эгшиглэж эхэлнэ. Хөгжим сонсохоор хүний мэлмий нээгддэг. Хөгжим сонсохоор бие арзганаад, заримдаа инээмээр, заримдаа уйлмаар болдог шүү дээ. Тэр бүхэнд хүний сэрэл, мэдрэмж асар их хөгжиж байдаг. Супер мэдрэмжтэй болж байна гэсэн үг. Дараа дараагийн хүлээж авах хөгжмүүд. Тэрэндээ бэлдэж, дасч байна. Оюун ухаан тэлж байна гэсэн үг шүү дээ.
2 replies on “Хөгжмийн зохиолч Б.Чинбат: Хүнд хагалгаанаас сэрэхдээ би Сарнайгаа л эхэлж бодсон. Тэр бол гайхамшигтай эмэгтэй DNN.mn”
huviin asuudlaa olon niited delgeed baih ni tiim ch saihan bish, ger bol otro hair talarhlaa ilerhiilj bail deer dee,
НАМАЙГ ХААШ НЬ ХИЙСЭН ЮМ БОЛ