Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийнх нь “нүд нээгдсэн” шинэ цагийн Хорезм буюу Узбекистан орноор DNN.mn

Энэ улсыг газрын зурагнаас ажвал Монгол Улсын баруун хилээс баруун урагш даруй дөрвөн мянган километрт орших аж. Монголоос Узбекистан улс руу автомашинаар явбал нэг ийм зайтай байх нь. Гэхдээ бид энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан газрын холыг агаарын цэнхэр хөлгөөр товчлон хүрлээ. Газраар явсан бол багадаа тав хоногийн зайг тавхан цагийн дотор туулан зорьсон газраа хүрнэ гэдэг тэнгэрийн хөлгийн гайхамшиг гэлтэй. Эх орноосоо өдрийн 15 цагт ниссэн ч эх газрын Узбекистаны нийслэл Ташкент хотод өдрийн 17 цагт газардлаа. Тэндхийн 17 цаг нь Монголын оройн 20 цаг буюу манайхаас гурван цагийн зөрүүтэй аж. Очлоо, онгоцноосоо буулаа. Халуун орон гэдгийг нь мэдсэн ч манайхны хэлдгээр ёстой нохой гаслам халуун орон юм санж. Онгоцноос түрүүлж хэвлэлийн баг хойд хаалгаар нь бууж байрлалаа эзэлсний дараа урд хаалгаар ёслолын улаан хивстэй шатаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт угтан золгох Узбекистаны албаны хүмүүстэй гар даллан мэндчилэн буулаа.

Тэртээ 1992 оны эхээр Монгол, Узбекистан хоёр улс дипломат харилцаа тогтоосон байна. Түүнээс хойш төрийн тэргүүний түвшинд болж буй анхны айлчлал нь энэ ажээ. Энэ утгаараа айлын орон манайхныг гүн хүндэтгэлтэйгээр угтан авав. Очсон даруйдаа манайхаар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маягтай газартаа дагуулан очлоо. Энэ газраа тэд Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг байна.

Тэнд нь тусгаар тогтнолын түүхийг илтгэх хөшөө байх. Манай Зайсан толгойн орой дээр Халхын голд эрлэгээр тулалдаж явсан Орос, Монголын дайчдын дурсгалд зориулсан хөшөө байдаг шиг Узбекистан улсын эрт эдүгээ бүх цаг үеийн тусгаар тогтнолын цагалбарт хөшөө тэнд байв. Тэртээ XIII зууны үеийн Хорезм хэмээх улс нь өнөөгийн Узбекистан аж. Нэг мянга хоёр зуун арван есөн онд Чингис хааны их цэрэг энэхүү Сартуул иргэнийг дайлаар мордоод улмаар нутаг орныг гүрэндээ нэгтгэснээс Мавереннахр Цагаадайн улсынх болсон түүхтэй. Тиймээс узбекчүүд Цагаадай хэмээх нэршлийг хүндэтгэн, хэн хүнгүй мэддэг байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарт айлын хүмүүс ийнхүү түүхэн дурсгалаа танилцуулан явахад манай төрийн тэргүүн нэгэн хоржоонтой үг хэлжээ. Түүхэн цагалбар хөшөөн дээр нэгэн хаан зарлиг буулгаж байгаа мэт гараа дээш өргөн зогсоно. Харин доор нь хэсэг албатууд зарлигийг нь даган бөхөлзөнө. Энэ хөшөөний үйл явдлыг түүхч “Энэ бол тэртээ XIII зууны үеийн Хорезм улсын тусгаар тогтнолын түүхийг харуулсан дурсгал” хэмээн тайлбарлах зуур манай төрийн тэргүүн “Энэ бол Цагаадай. Манай Чингис хааны хүү. Хорезмыг байлдан дагуулчихаад амарч байгаа агшин бололтой” хэмээн хэлж инээмсэглэв.

Сэтгүүлч би хувьдаа Ерөнхийлөгчийн энэхүү үйлдлийг монгол хүн хаана ч очсон эх түүхээрээ бахархан, эх гүрэн улс явсныг бусад улс оронд сануулсан бахдам сэтгэлийн илэрхийлэл гэж бодлоо. Яг энэ агуулгаар узбекчүүд Монгол Улс, монголчуудыг мэддэг, хүндэлдэг бололтой байсан. Учир энэ улсын иргэд өнөөгийн Монгол Улсыг тэртээ XIII зууны их гүрэн шигээ агуу том газар нутагтай, иргэд нь эр зоригтой улс орон мэтээр төсөөлөн боддог ажээ. Ямартаа ч тэндхийнхэнд би монгол хүн байна гэхээр “Аан Чингис хаан. Цагаадай хаан, Төмөр хаан” гэх зэргээр мэддэгээ хэлж, Монголын түүхийг бахархан хүндэтгэж байгаагаа царайндаа нууж чаддаггүй санагдсан юм. Доголон Төмөр хаан гэхээс илүү Цагаадайг илүү сайн мэддэг аж. Цагаадай гэх нэршилтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүхэн газрууд Узбекистанд олон байдаг гэнэ. Ерөнхийлөгчийн айлчлалын эхний өдөр Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөх ёслол, түүхийн музей үзэх байдлаар өндөрлөлөө.

АЛБАНЫ БУС ЦАГААР ТАШКЕНТ ХОТООР…

Нийслэл Ташкент хотод нийт найм орчим сая хүн ам амьдардаг ч дотроо хуучин, шинэ гэж хоёр хуваагддаг. Үүнээс шинэ Ташкентад 3.8 сая хүн амьдардаг байна. Анх онгоцноос буугаад шинэ Ташкентын төвд байрлах “Холидэй” зочид буудал хүрэхэд манайхаар Хөшигийн хөндийгөөс “Улаанбаатар” зочид буудал орох зайтай санагдсан. Ташкент хот газар нутгаараа Улаанбаатараас ялимгүй том. Гэхдээ л манай хотоос гурав дахин илүү хүн амтай. Ийм олон хүн ийм бага газар нутагт байна гэхээр Улаанбаатар хотын хөгжлөөр бол аль хэдийнэ авто зам нь тэг зогсолтод орж, хүн хөл гишгэх зайгүй болчихсон байна биз. Гэвч тэнд эсрэгээрээ авто замын түгжрэл гэж алга. Төв зам нь найман эгнээ хоёр урсгалтай. Хажуугаар нь явган хүний болон дугуйн замтай. Манайх шиг 100 метр яваад нэг уулзвар, олон чиг заасан гэрлэн дохио тэнд алга. Хэдэн мянган метр явж байж нэг уулзвар таарна. Зарим уулзвар нь давхар зам, гүүртэй. Тиймээс уулзвар нэвтрэх гэдэг тэнд ямар ч гацах, зогсох, түгжрэх гэх зовлон алга. Гудамж, талбайгаар нь хүн зогсоо зайгүй нааш цаашаа холхих дүр зураг харагдсангүй. Их сийрэг гудамжтай аж.

Өнөөгийн улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа метро гэдэг зүйл тэнд тэртээ 1977 онд анхны шугам нь ашиглалтад орж байж. Одоо Ташкент хотын газар доор гурван том метроны шугам явдаг байна. Тиймээс газар дээрх хөл хөдөлгөөнөөсөө газар доорх нь илүү байх шинжтэй. Метроны шугам гэдэг нэг талдаа авто замын түгжрэлийг бууруулах ч нөгөө талдаа их хотыг эмх цэгцэнд нь оруулдаг ач холбогдолтой болов уу гэж бодогдох шиг. Энэ хотын үйлчилгээний газар, дэлгүүр хоршооны хаяг, реклам нэлэнхүйдээ латинаар тэмдэглэгдэх аж. Зарим хүмүүс станы орон гэхээр хуучин ОХУ-ын социалист улс мэтээр ойлгодог байх. Гэтэл энд үнэндээ барууны соёл илүү дэлгэрсэн гэлтэй. Барууны том том брэнд сүлжээ их дэлгүүрүүд хаа сайгүй. Хүнсний дэлгүүрт нь орсон ч манайхны “супермаркт”-тай адилхан л бараа, бүтээгдэхүүн байх. Мөнгөний хэрэглээ нь Узбек Сум. Манай нэг төгрөг тэндхийн 3.5 орчим сумтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, тэндхийн нэг килограмм помидор 1000 сум гэвэл манайхаар ойролцоогоор 280 гаруй төгрөг гэсэн үг. Үүгээрээ өртөг харьцангуй багатай хот гэж ойлгож болох. Сарын дундаж цалин нь 1.5 сая сум. Манайхаар бол таван зуун мянга орчим төгрөг юм уу даа. Албан ажил дууссаны орой 21 цагийн үед хэвлэлийнхэн бид Ташкентын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэнгээр зугааллаа. Тэнд 21 цаг гэдэг маань Монголд хэдийнэ 00 цаг өнгөрсөн гэсэн үг.

Дараа нь оройн хоол идэхээр буудлынхаа ойролцоо байх нэгэн зоогийн газарт орлоо. Хэдий орой болсон ч гэсэн сэрүүн болно гэж байдаггүй газар аж. Агаарын хэм 32-ыг заана. Энэ халуунд үйлчилгээний гудам, хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад усыг тоосруулан цацаж орчноо сэрүүцүүлдэг байна. Халуун орон учраас иргэдийнх нь өмссөн, зүүсэн нь их энгийн. Дээгүүрээ цагаан майк, зарим нь футволкатай. Доогуураа дандаа шорттой, эсвэл нимгэн бэлтгэлийн өмд өмсөж, сандал эсвэл тавчик углажээ. Үнэндээ үүнээс илүүг биедээ тогтоох боломж ч алга. Гудмаар нь явахад эрчүүд голцуу холхино. Эмэгтэйчүүд нь ийм цөөхөн юм уу эсвэл шашин, ёсоо дагаад шөнө орой гардаггүй байж мэдэхээр. Цөөн харагдах эмэгтэйчүүдийнх нь ихэнх нь гэвлүүртэй явах аж. Үлдсэн нь богино өмд, ахар цамцтай явах ч тэд нь голцуу залуу, жоохон охидууд бололтой. Бид олуулаа ширээ нийлүүлэн сууж, хоолой захиаллаа. Үндсэн хоол ирэхээс өмнө помидор, огурцыны салат, мөн давстай талх, хүйтэн интоорын шүүс өгдөг байна. Энэ нь үнэгүй. Учир нь Узбекистан жимс, ногооны эх орон гэнэ. Тэр дундаа Ташкент хот помидор, ногоон огурцыгээрээ их алдартай ажээ. Тиймээс энэ хоёр хүнсээрээ салат, хөнгөн зууш гээд хэлбэр, амтыг нь өөрчлөөд янз бүрийн зүйл хийдэг байна. Манайхаар бол мах, гурил хоёр юмдаг уу даа. Манайх чинь мах, гурил хоёроор бууз, хуушуур, шөлтэй, шөлгүй гээд янз бүрийн хоол хийдэг дээ. Үүнтэй адилхан помидор, ногоон огурцыгээрээ янз бүрийн хачирууд хийдэг бололтой. Халуунд бүгчим газар ороод хүйтэн интоорын шүүс уулаа. Ёстой нэг амны цангаа тайлж, дотроос сэрүүцүүлэх ид шидтэй ундаа гэмээр. Амт, хүйтэн нь янзтай, орчинтойгоо үнэхээр зохицжээ. Ингээд үндсэн хоолоо идэхээр Узбекийн алдарт плов, шорлогийг нь захиалах гэлээ.

Гэтэл үдээс хойшоогоо үндэсний хоол болох плов нь хийгддэггүй гэнэ. Хэрэв хийж өглөө гэхэд хуучирсан хоол өгч, зочноо хүндэтгэхгүй байхын илэрхийлэл хэмээн үздэг байна. Пловыг голцуу өглөө иддэг бололтой. Харин янз бүрийн шорлог ирлээ. Амт нь нэгнээсээ гоц гойд өөр биш ч хэлбэр, орц нь ялгаатай байх юм. Элгийг сэмжтэй нь эсвэл сүүлтэй холиод шорлочихож. Махыг үхэр, хонь зэргээр нь ялгаад тус тусын амтлагчаар амтлаад өгч байна. Харин адууны махаар төрөл бүрийн каз бэлтгэж зүсээд, нөгөө л нэг помидор, огурцытэйгээ хамт таваглачихдаг байна. Хоол болгон нь ямар нэгэн байдлаар махны орц ихтэй аж. Үүгээрээ монголчуудтай адилхан гэлтэй. Цагаан сараар бид буузнаас уйддаг шиг энд бол шорлог, махнаас уйдахаар шинжтэй.

МАНАЙД Ч, ТЭДНИЙД Ч АШИГТАЙ БАЙХ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД

Узбекистанд мал аж ахуй бий. Гэхдээ Монголоос адуу, үхэр, хонины мах багагүй хэмжээгээр импортоор авдаг. Хоёр улсын худалдааны эргэлт жилд 10 гаруй тэрбум ам.доллар. Үүнээс манай улс 4.6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах, полиацетал, поликарбонат зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5.4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортоор авсан гэх тооцоолол бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Узбекистанд хийсэн анхны айлчлалаараа Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг дагуулан явсан нь хоёр улсын хоорон дахь худалдаа, эдийн засгийн харилцааг илүү шинэ түвшинд, тэр дундаа хувийн аж ахуйн нэгжүүдийн хоорондох харилцааг түлхүү анхаарсан айлчлал болсон гэж хэлж болно. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол суурь бол тээвэр, ложистик. Энэ утгаараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт багтсан шууд нислэгтэй болох асуудал Ерөнхийлөгчийн айлчлалаар албажиж, гарын үсэг зурагдсан. Өөрөөр хэлбэл, тун удахгүй Монголоос Узбекистан руу шууд нислэгтэй болно гэсэн үг. Энэ нь хоёр улсын харилцааг илүү бодитой болгох хамгийн чухал хөшүүрэг гэдгийг тэдний тал ч, манай тал ч хэлж байсан юм. Мөн автотээврийн хэлэлцээр ч байгуулаад амжсан нь ирэх жилүүдэд хоёр улсын эдийн засгийн харилцааг эрс дээшлүүлэх боломж харагдаж байгаа юм. Магадгүй хоёр улсын худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар байсан бол ирэх жилүүдээс 20-30 цаашлаад 200-300 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байх нөхцөлийг Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцээрийн түвшинд бодитой болголоо. Узбекистан улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байгааг судлаачид хэлдэг. Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсчээ. Үнэхээр хөгжлийнх нь “нүд” нээгдсэн мэт түүхэн амжилт гэж хэлж болох юм. 2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2.510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байдаг аж. Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2.700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долдугаарт ордог орон. Тиймээс тус улсын хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбар цаашдаа дэлхийн түвшинд хүртэл хөгжих нь тодорхой байгаа юм. Манай улсын хувьд малын мах, малын гаралтай бүтээгдэхүүнээ бусад улсад экспортлох сонирхол их байдаг. Гэвч малын эрүүл мэндийн асуудал энэхүү сонирхолд том нөлөөлөл учруулдаг. Тиймээс узбекчүүд монгол малын эрүүл мэнд, элдэв халдварт өвчнийг хянах, судалгаа хийх зэрэгт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийг чанартай, эрүүл хүнсээр хангах зөв бодлого гэдгийг нь сайшаагаад Монгол Улс эрүүл хүнс экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Ерөнхийдөө Узбекистан улсын хувьд хөгжлийн гараанаасаа хэдийнэ гарчээ. Салбар бүр нь эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Төв Азийн энэ улсад барилгажилт, бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэржилт нь эрс нэмэгдэж буй нь бусад орны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Узбекистан улс нэгэнт хөгжлийн замдаа орсон гэсэн үг.

Тиймээс тэдний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаараа дэмжиж, хамтран ажиллах ямар л боломж байна түүгээрээ нэгдье, нийлье гэдгээ үг, үйлдэл болгондоо илэрхийлж байлаа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улсын нийслэл Ташкентад Монгол Улсын Элчин сайдын яамыг шинээр байгуулсан. Узбекистанд Монгол Улсын 30 орчим иргэн сурч, ажиллаж амьдардаг байна. Эдгээр иргэд маань хүний газар өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах яамтай болж байгаадаа талархалтай хүлээн авч байв. Зөвхөн тэнд суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалахаас гадна хоёр улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам илүү өргөжүүлэх бодит институци бий болж байгаад Ерөнхийлөгчийн хувьд таатай байгаагаа илэрхийлж байлаа. Узбекистан улсын 90 орчим хувь нь хуурай цөл газар. Үлдсэн 10 хувь нь үржил шимтэй хөндийг бүрдүүлдэг гэж байгаа. Тэгвэл энэ улсын хөгжил, цэцэглэлт, эдийн засаг нь бордоотой ургамал шиг л өдөр ирэх тусам өргөжин тэлж, өссөөр. Дунайртсан халуун орон ч гэлээ нозоорч суулгүй салбар болгоныхоо хөгжлийг усалж, тэтгэж яваа төрийн бодлого нь хөгжлийн баянбүрдийг бий болгосоор байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *