Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвийн боов үзмэр төдий болж хувирах вий

Багадаа цагаан сараар бэмбий нухах ажилд дайчлагддаг сан. Хожим бууз чимхэх, хэвийн боов хийх нүсэр ажлаас түвэгшээх болсон ч эргээд бодоход энэ бүхэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг чухал зүйл байж дээ.

Багачууд бид цагаан сарыг хоног тоолон хүлээдэг сэн. Олуулаа бууз чимхэж, бэмбий нухаж инээж хөхөрч байсан нь цагаан сарын тухай гэгээн дурсамж болон үлджээ. Өвөө маань ханцуй шамлан, ул боов хийх ажилдаа ордог.

Хүүхдүүд чадлаараа бэмбий нухна. Нухах тутам цагаан сарын боов амттай, өнгө зүс сайтай болно гэж өвөө хэлдэг сэн. Хэвийн боов тосонд чанах үеэр үүд онголзуулж гүйгээд байвал боовон дээр цэврүү үсэрдэг гэж томчууд захина. Өвөөгийн маань хэвлэж, сэтгэлээ шингээж хийсэн хэвийн боов тун ч амттай. Цагаан сарын дараа хэвийн боовон дээр сүүтэй цай хийж идэх сайхан. Гэтэл одоо хэвийн боовыг амтархан иддэг хүн хэр их бол. Өнгөрсөн цагаан сарын дараа хэвийн боовыг ихээр хаясан тухай мэдээлэл интернэтээр тэнэсэн. Гар урлалын бүтээгдэхүүн улам бүр үнэд орж байгаа дэлхийд хэвийн боов маань улам бүр “үйлдвэр”-ийнх болж, биднээс алсарсаар байгаа мэт санагдана. Үйлдвэрт тэр бүр “өндөр ээжийн сэтгэл шингээж” чадаа ч уу. Гэсэн ч орчин үед айл бүр гэртээ хэвийн боов хийх аргагүй.

Харин цагаан сараас бүтэн сарын өмнө худалдаанд гардаг хэвийн боов хүнс гэхээсээ үзмэр мэт сэтгэгдэл төрүүлнэ. Сар хадгалж болдог л юм байх даа. Тэгээд ч монголчуудын дунд жингийн илүүдэл асуудал болоод байгаа. Ийм үед их хэмжээний гурил, тос идэх сонирхол багассан байлгүй. Улам бүр өөрчлөгдсөөр байгаа хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг үйлдвэрлэгчид хэр анзаардаг бол. Уламжлалт хэвийн боовноос гадна эрүүл хооллох дуртай хэсэгт зориулсан шинэ бүтээгдэхүүн ч илүүдэхгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *