Categories
мэдээ цаг-үе

Хэрүүлийн бай болсон Халх голоос сурвалжилсан нь

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 263 (5215) дугаарт>>

Халх гол сум руу орох хоёр зам байдаг аж. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг хаагуур нь ирэхийг мэдэхгүй байсан болохоор даваан дээр харуул тавьсан нь тэр хэдэн хүүхнүүд бололтой. Баянхошууны гаалийн байрнаас гараад замдаа жаахан саатсан цуваа харуй бүрийгээр л Халх гол сум руу орж таарлаа. Зам дагуу арван жилийн сургуулийнх болов уу гэмээр жаахан охид гараа алдлаад эгнэн зогссон байна. Дахиад цааш багахан яваад хүний бөөгнөрөлтэй тулгарлаа. Олон машины гэрэл, тэр гэрэлд холхих урт, богино сүүдрүүд, айсуй өвлийн дохио болсон хүйтрэлээс үүдэлтэй хүмүүсийн биеэс гарах уур цан, цагаан хоолойгоор “Бурмаа сайд та буцаад яв. Халх гол сум руу оруулахгүй” гэж зарлах, төрөл төрлийн хоолойгоор өөр өөр үгийг хашгиралдахтай нь хосолж тогоотой шөл буцлах мэт дүр зургийг үүсгэж байв.

Өдөр Ялалт баг дээр эсэргүүцлийн цуглаан хийсэн хүмүүс тэнд очсон яваа нь анзаарагдаж байлаа. Удаан хүлээсэн бололтой нэлээд даарч нүүр, гар нь ягаарсан хүмүүс харагдана. Зам таглаад хоёр машин зогсоочихож. Хажуугаар нь нэлээд хэдэн машин эгнүүлжээ. Улаанбаатарын дугаартай жипнүүд ч олон байв. Уг нь зам хаасан машинаасаа наашаа замын хоёр талаар эгнэж эсэргүүцсэн лоозунаа барьж зогсохоор төлөвлөсөн бололтой. Гэвч дунд нь ороход тал талаас нь шаваад замбараагүй байдал үүсгэлээ. Аймгийн төвөөс ирсэн хэдэн цагдаа, сумын цагдаа нартай нийлээд арав орчим хүнтэй болсон байв. Гэвч хүмүүсийг зайлуулж зам гаргаж чадсангүй. Харин ч машин руу ойртуулахгүй байх гэж дэмий л хичээцгээж харагдана. Цагдаа нарын завсар зайгаар гарч ирсэн хүмүүс машинуудын хаалгыг татаж үзэх аж. Цаанаас эмэгтэй хүмүүс “Чирээд буулгаад ир ээ” хэмээн үе үе хашгирна. Мөн “Хүч хэрэглэж болохгүй шүү” гэж ам амандаа орилолдоод дахиад л “Чирээд буулгаад ир” гэсэн үг сонстох юм. Цагаан хоолойгоор “Өвөг дээдсийн цусаа урсгаж үлдээсэн газар орныг чөлөөт бүсэд өгөхгүй. Бурмаа сайд та буцаж явна уу” гэхийн зэрэгцээ “Хүмүүс ээ. Бурмаа сайдыг дагаж яваа телевизийнхэнд ярилцлага өгч болохгүй шүү. SBN телевизэд л ярилцлага өгөөрэй” хэмээж байв.

Цуглаанд оролцож байгаа насанд хүрсэн эрэгтэйчүүд арай намуун байгаа харагдана. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд нэлээд идэвхтэй байх аж. Машины цонх жаахан доошлуулахад л “Буугаад ир хөөе”, “Зайл, энэ бол бидний газар шороо”, “Та нар энд юу хийж яваа юм, алуулах нь дутаа юу” гэх зэрэг үгийг хэлээд авах юм. Эргээд гарах гэтэл машины ард талд зургаан настай болов уу гэмээр улаан куртиктэй хүүхдээ дагуулсан эмэгтэй гүйж ирж гараараа тулчихаад хөдөлдөггүй. Урагшлах гэхээр урд бас нэг цагаан шаргал өнгийн үстэй нас тогтсон эмэгтэй ирээд наалдчихаж. “Урагшаа явах гэвэл намайг дайраад гараарай. Үхсэн ч та нарыг оруулахгүй. Үхтлээ тэмцэнэ” гэж орилоод байх. “Бид буцаад гаръя. Та нар жаахан холдож бай” гэтэл “Бууж ирээд хэрэлд. Буугаад ир” гэж орилолдоно. Ийн машинд тулчихаад байгаа нь хажуу тийш салаалсан шороон замаар ороод явчих вий гэж эмээснийх бололтой. Өөр нэг хүний “Та хэд наад замаараа битгий гаргаарай. Машинд нь тул, дайрч чадахгүй” гэх нь сонсогдож байсан юм.

Сумын цагдаа нар нь зам гаргаж, уулзахаар ирэгсдийг оруулж чадахгүй нэлээд бужигналаа. Хууль зүйн яамныхан хилийн отрядуудаар шалгалт хийх удирдамжтай явж байсан юм. Тэднийгээ ядаж оруулахаар хичээх аж. Машинууд руу нэлээд дөхсөн хэсэг хүүхдэд сумын цагдаагийн хэлтсийн дарга Ц.Санчир “Миний дүү нар энэ хүмүүс Хууль зүйн яамнаас шалгалтаар явж байгаа хүмүүс юм. Оруулчих” гэх зэргээр гуйж байгаа нь сонсогдоно. Гэвч “Хууль хүчнийхнээр бамбай хийж орох гэж байна” хэмээн нэг хүн хашгирахад мөн л оруулалгүй бүчээд авлаа. Ингээд орж чадахгүй нь тодорхой болсон болохоор цагдаа нараар хүмүүсийг холдуулуулаад машинаа эргүүлээд явцгаав. Наана Хамар даваан дээр гарч ирээд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон аймгийн удирдлагуудын төлөөлөл буцсан юм. Хууль зүйн яамныхантай арваад минутын хойно эргээд очиход цугларсан хүмүүс бүгд тарсан байв. Хүйтэнд гадаа удаан зогссон хүмүүс машин цааш явангуут л шууд тарсан нь тэр аж. Мөн Баянхошуу хилийн боомтоос наашаа цуварч гарахдаа хойно гарсан нэг машин буцах юм байна гэж ойлгоод Ялалт баг руу явчихсан юм. Түүнийг хүлээж цаг алдсан хэрэг л дээ. Харин Халх гол сумынхан дунд нэг машин нь ирэхгүй удсан болохоор осолд орсон байх гэсэн цуу яриа хүртэл гарчихсан байна.

Халх гол суманд байрлах цэргийн отряд дээр хоноглоод маргааш нь сумын төвөөр явлаа. Эхлээд ганц хоёр дэлгүүрээр оров. Худалдагчтай нь ярилцахад “Үе үе хотоос хүмүүс ирж уулзалт хийдэг. Би түүнд нь очдоггүй болохоор сайн мэдэхгүй юм. Хэд хоногийн өмнөөс л Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ирэх гэж байна. Нутаг орныг худалдах гэж байна, тэмцээрэй гэсэн яриа гарч эхэлсэн. Би тэр жагсаалд нь очоогүй” гэв. Гараад мотоцикльтой нэг хүнтэй таарахад “Хөдөөнөөс дөнгөж орж ирээд явж байгаа болохоор мэдэх юм алга. Бурмааг хөөж явууллаа. Манайх шиг сайдыг хөөж явуулсан сум байхгүй гээд нэлээд л хөөр болж байна” хэмээв. Түүнээр сумын ЗДТГ-ын байранд хүргүүллээ.

Халх гол сумын Цагдаагийн хэлтсээс мэдэгдэж байгаагаар 150 орчим иргэн жагсаалд оролцсон гэнэ. Ингэхдээ сумын захиргааны ажилтнууд мөн сургуулийн багш нар сурагчдыг дагуулан эсэргүүцлийн цуглаанд очсон аж. Тус сумын Засаг дарга В.Мөнхтайван, ИТХ-ын дарга Ц.Сүхбаатар нар амралтаа авсан байв.

Сумын Соёлын төв нь ЗДТГ-тайгаа нэг хаалгаар ордог юм байна. Үүдээр нь хэдэн хүн холхино. Даваа гариг бүрт сумынх нь удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан болдог аж. Сумын Соёлын төвийн захирал Мягмарсүрэн “Бурмаа өмнө нь нэг ирнэ гэж байгаад больчихсон. Тэр үед нь бид Соёлын төв рүүгээ оруулахгүй, урд талбайд нь эсэргүүцлийнхээ бичгийг бариад хүлээж авах гэж байсан. Харин сүүлд нь бүр оруулахгүйгээр шийдсэн” гэж ярилаа. Түүнд эсэргүүцэж байгаа хүмүүстэй уулзмаар байна гэтэл утсаа гаргаж ирээд “Энд “Өдрийн сонин”-ы сурвалжлагч ирчихээд яриа авъя гээд байна. Хүмүүсээ дагуулаад ир” гээд тасалчихлаа. Хэсэг хугацаанд Соёлын төвийн номын сангийнх нь хоёр гурван эмэгтэйтэй ярилцлаа. Тэд “Халх гол чөлөөт бүс байгуулагдвал баахан хятадууд ирж бид эрлийзжээд дуусна. Энэ газар нутаг, удмын эрүүл байдлаа хойч үедээ үлдээх хэрэгтэй байна. “Петрочайна Дачин Тамсаг” газар орныг аймшигтай болгосон. Тэнд биеэ үнэлсэн хоёр ч хүүхэн ДОХ туссан гэнэлээ” зэргээр ярив. Уг нь энд малын эрүүл бүс бий болгоод гадагшаа л мал мах, гурил экспортолдог болох гэж байгаа юм билээ. Ингэвэл монголчуудад их ашигтай тусах биш үү хэмээн ярихад анхааралтай сонсож байснаа “Монголын хууль гурав хоног гэдэг. Итгэх аргагүй шүү дээ. Тэгээд ч чөлөөт бүс байгуулчихвал бид аймгийнхаа төв рүү л хэдэн хоног тойрч явах болох юм билээ” гэж байв. Ингэж байтал хэд хэдэн хүн өрөөнд ороод ирлээ. Нэлээд биерхүү залуус харагдана. Зүс танихаас улсын начин Ж.Гансүх байна. Бусад нь барилддаг байрын хүмүүс аж. Бас хоёр эмэгтэй цуг ирсэн юм. Тэдэнд Хууль зүйн яамныхантай явж байгаа гэж учирлаж байж ярилцлага авахаар болов. Ингээд тэднийг төлөөлж Ц.Насанхүү ярилцлага өгснийг хүргэе.

Төлөөлөөд танаас ярилцлага авчихъя?

-Хууль зүйн яамныхан чинь Бурмаа сайдтай явдаг нь ер нь ямар учиртай юм?

Эд хяналт шалгалтаар явж байгаа юм аа.

-Цаанаасаа зохион байгуулагдсан юм шиг байна даа. Хаа байсан Хууль зүйн яамныхан Хүнс хөдөө аж ахуйн яамныхантай явж байдаг. Өөрийгөө хамгаалуулж байгаа юм уу, хаашаа юм.

Р.Бурмаа сайд ирээд нэлээд эсэргүүцэлтэй тулгараад буцаад явлаа. Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн талаар ямар байр суурьтай байна?

-Чөлөөт бүсийн талаар сумын ард иргэд УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагуудтай олон удаа уулзалт зохион байгуулсан. Бид үүнийхээ үр ашгийг хүртэж 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохын тулд зорьж яваа улсууд юм.

Манайхаас хоёр хөрш хүртэл мал авдаггүй. Хилийн хорио цээртэй, өвчин тусдаггүйгээр нь адууг л гаргаж байх шиг байна. Чөлөөт бүсийг байгуулчих юм бол эрүүл бүс болж экспорт гаргах боломж бүрдэнэ. Улс оронд орлого орох боломжтой болно гээд байгаа?

-Ер нь тэгээд аливаа зүйлийг хийхийнхээ өмнө сайхан ам гардаг шүү дээ. Яг амьдрал дээр тэр нь эргээд хэрэгжиж чаддаггүй. Өнөөдөр жишээ нь тэр Халх гол төслийн захирал Энхжаргал гэж хүн энэ нутагт амьдарч үзээгүй мөртлөө телевиз радиогоор ард түмний тархийг сайхан угааж байна шүү дээ. Энэ нутгийн онцлог ямар байдаг талаар наад захын мэдэгдэхүүнгүй. Биднийг басамжлан доромжилж байгаа юм шиг телевиз радиогоор мэдэгдэл хийж байгаа нь зохимж муутай байгаа юм. Нутгийн иргэдийн дургүйцлийг их хүргэж байгаа.

Мал гаргаж худалддаг болчих юм бол нутгийн иргэдэд ашигтай. Дээр нь Сүмбэр боомтын цаад талын Рашаант хотод жил бүр хоёр сая жуулчин ирдэг гэсэн. Тэд нь манай малчны амьдралыг харчихаад буцах хүсэлтэй байдаг тухай ярьж байсан. Энэ бүхэн нь нутгийнханд ашиг өгөхгүй гэж үү?

-Рашаантын хил өөрөө аялал жуулчлалын хил шүү дээ. Бидэнд тийм хүртээл байхгүй. Өнөөдөр Рашаантын боомт нээгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Орон нутагт жуулчдаас орж ирж байгаа хөрөнгө мөнгө гэж алга байна.

Одоо бий болох гэж байгаа юм биш үү?

-Бий болно гэж ярилаа. Ярьж байгаа юм нь хэрэгжихгүй байна шүү дээ. Энэ зөвхөн хэдэн хүний эрх ашгийн юм болчихоод байна гэж бид харж байгаа.

Чөлөөт бүсийн тухай хуулиар гурван сая төгрөгийн бараа гаалийн татваргүй болно. Ингэхээр нутгийнхны цагаан идээ зэргээс эхлээд ашиг олж болно гээд байгаа?

-Чөлөөт бүс байгуулна гэж яриад байгаа. Өнөөдөр Монгол Улсад хэд хэдэн чөлөөт бүс бий болчихсон байна. Тэднийгээ чөлөөт бүсийн хэмжээнд нь хөгжүүлж чадахгүй байна шүү дээ. Хамгийн наад зах нь Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс гээд олон жил ярилаа. Тэнд хийж байгаа юм юу байна. Юу ч алга. Тэнд монголчууд нь дээрэлхүүлээд байж байна. Яг тэр л энд үүснэ. Халх гол суманд чөлөөт бүс байгуулъя гэж байна. Энэ чинь суман дотор сум, аймаг дотор аймаг болсон эрх хэмжээ, тусдаа хуультай вант улс байгуулагдах гэж байна гэж бид ойлгож байгаа. Үүнийг бид маш эсэргүүцэж байна. Урьд нь байсан чөлөөт бүсүүдээ эхлээд хүний нүдэнд харагдахаар сайхан хөгжүүлчих хэрэгтэй. Ер нь монголчууд маань их ийш тийш явдаг болж байна. Хамгийн наад зах нь Эрээн рүү гарахад Замын-Үүдийн боомт Монгол талдаа ямархуу байна.

Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэхээр арай ондоо байх л даа. Мал гаргаж байвал улсад ашигтай. Энэ өнцгөөс нь харвал?

-Мал гаргахын тулд заавал тэгж чөлөөт бүс бий болгох шаардлагагүй. Өнөөдөр тэртэй тэргүй Монгол Улсад бид тал сайхан нутагтаа таван хошуу мал нь бүгдээрээ сайхан эрүүл өвсөө идээд явж байгаа шүү дээ. Яахав, шинжлэх ухаан талаас нь хэт их туйлширч тайлбарлаж ард түмний тархийг угаах гэсэн мэдээ мэдээлэл юм болов уу гэж бодож байгаа. Ер нь бол эсэргүүцэж байгаа.

Малын өвчин томуу гардаг, баталгаагүй гээд гадаадынхан мах авдаггүй талаар ярьдаг. Эрүүл бүс байгуулснаар гадаадуудад худалдах боломж нээгдэнэ гэж байгаа юм билээ?

-Эрүүл бүстэй болъё гээд байдаг нь ямар учиртайг бид яг мал аж ахуй, малын эмч биш учраас ойлгохгүй байна. Бидний ойлгож байгаагаар бол өнөөдрийн ардчилсан хүмүүнлэг нийгэм гэдэг маань иргэдийнхээ дуу хоолойг сонсдоггүй дээрэнгүй болчихсон. Хуучин өөрсдийн коммунистууд гэдэг арга барилдаа шилжчихээд байна. Аливаа юмыг төр нь иргэдээсээ хүчээр булааж авдаг. Иргэдийнхээ үг дууг сонсдоггүй ийм болчихоод байгаа юм.

-“Хансолмогэдэг Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид сумын удирдлагууд нь мэдээд 30 мянган га газар эзэмшүүлэхээр өгчихсөн байсан гэж ярьж байна. Тэр талаар мэдэх үү?

-Мэдэлгүй яахав. Тэр шийдвэр нь буруу гараад тэр “Хансолмо” гэдэг компани цуцлагдсан. Тэгээд эргээд бусад аж ахуйн нэгжүүдэд газрыг нь шилжүүлсэн байдаг юм.

Гадаадын аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх нь УИХ зэрэг дээр шийдэх асуудал?

-Дээрээ ярих ёстой зүйл биш юм л даа. Газрын тухай хуулиар сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга өөр өөрсдийнхөө эрхэлдэг аж ахуйн хүрээнд тодорхой эрх мэдлүүд байдаг. Түүнийхээ дагуу олгож байсан. Гэхдээ “Хансолмо”-гийн тухайд бол хууль бус шийдвэр гарсан.

Чөлөөт бүс байгуулснаар уул уурхайн олборлолтын түрэлт, лицензээс газрыг хамгаална гэж ярих юм билээ?

-Газар нутгаа хамгаална гэж ярьж байгаа бол өнөөдөр энд хамгаалалтын захиргааны харьяа байгууллага гурав байна. Юу ч хийж чадахгүй л байна шүү дээ. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гээд байж байна. Халх, Нөмрөг, Буйрын сав газрын хамгаалалтын захиргаа гэж бий. Ер нь бол одоо тэгээд төр нь иргэдийнхээ газар нутаг өмч хөрөнгөд халддаг ийм муухай жишиг Монгол Улсад сүүлийн үед элбэгшиж эхэлж байна даа. Иймэрхүү байдалтай байх юм бол халхголчууд бид тэмцлийн бас өөр хэлбэрийг сонгож энэ нутаг орон, хойч үе, үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэнэ. Зөвлөлт, Монголын ахан дүүс амиа золин байж хамгаалж ирсэн газар юм. Тэгээд үүнийг Монгол Улсын өрөнд өгөх гэж байгаа юм болов уу гэсэн хардах сэтгэгдэл төрж байгаа.

Арай ч гадныханд өгөхгүй байх л даа?

-Чөлөөт бүс байгуулах гэж байгаа бол газар өгөхгүйгээр байж болно шүү дээ. Яагаад газар авах гээд байгаа юм бэ гэхээр хүмүүст газраа ашиглуулахын тулд авах гээд байна.

Нэг хэсэгт нь тариа, нөгөө хэсэгт нь мал үржүүлэх бага газрыг хашаална гэж тайлбарлаж байсан?

-Та бас өөрөө жаахан буруу ойлголттой байх шиг байна. Тархи угааж байж авчихаад 500 мянган га газрыг яаж л бол яаж эвдэнэ шүү дээ. Нэгэнт үйл ажиллагаагаа явуулаад эхлэх юм бол дур зоргоороо аашилна. Бид тэгэхэд мянга эсэргүүцээд нэмэргүй, суманд ямар ч харьяалалгүй болчихож байгаа юм.

Сумаасаа ярилцаад хил дамнасан эсвэл хил дотроо чөлөөт бүс байгуулъя гэсэн хүсэлт хэд хэд очиж байсан гэсэн?

-2008-2012 оны хооронд чөлөөт бүс болгоё гэсэн саналууд явуулж байгаагүй. Ирж байсан. Гэхдээ үүнийг нутгийн иргэд дэмжиж байгаагүй. Анхнаасаа Халх гол төсөл гэж хэрэгжүүлэх гээд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболд хүртэл ирж байсан. Нутгийн иргэд бид энд хуралдаад уулзалт хийгээд эсэргүүцээд явж байсан. Ерөнхийдөө тэгээд Халх гол төсөл гэдэг нь явж явж чөлөөт бүс болоод хувирчихаж байгаа юм. Одоо загвар аж ахуй гээд 200 га газар дээр үйл ажиллагаа явуулж байна. Уг нь тэдний анхны санаа нь 200 мянган га газар авах сонирхолтойгоор орж ирсэн улс хэмээв.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *