Дэлхий дахины сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүдийг уншиж суухдаа хүмүүс бид заримдаа нэгнийхээ хэрэгт дэндүү орж, хов живэнд гайхалтай шунан дурлах юм даа гэж бодлоо. Үнэндээ ч хэний ч анхаарлыг татаад байх мэдээлэл биш л дээ. Гэхдээ хэвлэлд мэдээлж байгаа нь, түүнийг сонирхон хүлээн авч байгаа маань биднийг нэгнийхээ амьдралд дэндүү оролцдог болсныг илтгээд байх шиг. АНУ-ын Мичиганд 12 хүүтэй хос саяхан шинэ хүнтэй болсон бөгөөд мөн хүү байжээ. Уг мэдээнд хосуудыг 12 хүүтэй атлаа 13 дахь хүүхдээ ямар хүйстэй болохыг мэдэхийг оролдоогүй байсан талаар хачирхан бичжээ. Үнэндээ тэдний хувьд хайрын бэлгэдэл болж ирсэн үр хүүхэд нь хүү байна уу, охин байна уу хамаагүй байж болох шүү дээ. Гэтэл хүмүүс бид нэгнийхээ амьдрал руу дэндүү өнгийх юм. Манайхан ч хүүгүй бол “Удам залгах хүүтэй болохгүй нь дээ” гэж эсвэл охингүй бол “Гэрээр дүүрэн бахиалууд, идэж уух нь дийлдэхгүй байгаа биз” хэмээн өрөвдөх, тавлахын хооронд хэлэлцэнэ. Үнэндээ нөгөө хүмүүс нь тэгж боддог ч юм уу, эмзэглэдэг ч юм уу. Бас нэг гадаад мэдээнд Сан Диегогийн амьтны хүрээлэнд өнгөрсөн гуравдугаар сард мэндэлсэн бяцхан усны үхрийн хүйсийг арайхийн охин хэмээн мэдсэн талаар өгүүлжээ. Эх усны үхэр шинэ мэндэлсэн үр төлөө цөөрмийн ус ургамал дунд нууж, дөрвөн тонн том биеэрээ халхлаад байсан тул эр, эмийг нь мэдэж болохгүй байсан талаар онцолсон байх юм. Тэгээд ямартай ч охин усны үхэр гэдгийг арайхийн хоёр сарын дараа мэдлээ хэмээжээ. Үнэндээ хүмүүс бидний эр, эм хүйст ач холбогдол өгч, айл гэрийн амьдрал байтугай амьтны үр төлийг ч сонирхож, элдвийг чалчдаг байдал хэрээс хэтэрчээ. Тиймээс амьтан хүртэл үр төлийнхөө хүйсийг нуудаг ч болсон юм билүү, хэн мэдлээ.
Э.ЭНЭРЭЛ