Categories
мэдээ цаг-үе

Хэрэг зөрчил багатай, осол аваар ихтэй нааджээ

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА “40 МЯНГАТ”-ЫН ШАТСАН ОРОН СУУЦЫГ ЯАРАЛТАЙ ЗАСАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ-

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ наадмын өдрүүдэд онц ноцтой хэрэг зөрчилгүй, иргэд тайван наадсан талаар мэдээллээ. Цагдаагийн байгууллагын 3000 гаруй алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангахаар ажилласан бөгөөд тэдний 1600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд хамгаалалтад гарчээ. Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 187 хэрэг бүртгэгдсэнээс 143-ынх нь эзэн холбогдогчийг тогтоож, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулж байгаа аж. Наадмаар хулгайн хэрэг арав гаруй бүртгэгдсэн байна. Мөн согтуугаар бусдын биед гэмтэл учруулах, нийтийн хэв журам зөрчих хэрэг арваад бүртгэгджээ. Энэ жил Хүй долоон худагт хяналтын камер олныг суурилуулсан нь иргэдийг тайван наадамлахад нөлөөлсөн гэнэ. Гэхдээ эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд төөрсөн дуудлага цагдаагийн байгууллагад цөөнгүй иржээ. Тодруулбал, Хүй долоон худагт 54, Төв цэнгэлдэх хүрээлэнд 65 хүүхэд төөрсөн байсныг цагдаагийн байгууллагынхан эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Найман сартай хүүхдээ Хүй долоон худагт үзэгчдийн сандал дээр орхиод явсан тохиолдол хүртэл гарчээ. 

Иргэд амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорихдоо гэр орноо хамаатан садан, хөршдөө захиж үлдээхийг цагдаагийн байгууллагаас санууллаа. Мөн хамгийн ойр байрлах цагдаагийн хэлтэст бүртгүүлвэл цагдаагийн алба хаагчид эзэнгүй айлыг эргэж тойроод байх боломжтойг ч хэлсэн юм. 

ЖОЛООЧ НАР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦСОН ГЭВ

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ наадмаар зам тээврийн осол цөөн бүртгэгджээ. Замын хөдөлгөөний ачаалал их байсан ч жолооч нар соёлтой, нэгийгээ хүндэлж хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн ноцтой осол гараагүй гэдгийг Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээллээ. Харин орон нутгийн замд жолооч нар хурдаа хэтрүүлж явснаас үүдэж зам тээврийн гурван осол гарч 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Наадмын дараа Төв аймгийн нутагт хоёр машин мөргөлдөж хоёр хүн ослын газар дээр амиа алдсан байна. Мөн нэг хохирогч эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Жолооч нарыг орон нутгийн замр хурдаа тааруулж явах, өмнөх машинаа гүйцэж түрүүлэхдээ болгоомжтой байхыг сануулсан юм. Мөн бага насны хүүхдээ зориулалтын суудал дээр суулгах, өөрсдөө хамгаалалтын бүсээ зүүж хэвшихийг зөвлөлөө. 

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 18 ХҮН УСАНД ОСОЛДЖЭЭ

Энэ зун хур бороо ихтэй байгаагаас ихэнх гол мөрөн үертэй байгаа. Баярын өдрүүдэд 18 хүн усанд осолдсон харамсалтай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө. Тэдний дунд хоёр настай хүүхэд ч байгаа аж. Тухайлбал, энэ сарын 14-ний өдөр Туул голд хоёр эрэгтэй хүн, Сэлэнгэ аймагт 18-20 насны таван залуу осолджээ. Тэр үеэр Хэнтий аймгийн Дархан сумын Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч өвчтэй байсан ч аврах ажиллагаанд дайчлагдсан байна. Аврах ажиллагааны үеэр салаан захирагчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан харамсалтай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн юм. Иргэдийг голын эрэг дагуу аялж, зугаалахдаа болгоомжтой байхыг санууллаа. 

ЦАХИЛГААНЫ АЧААЛАЛ ХЭТЭРСНЭЭС ГАЛ ГАРСАН ГЭВ

Өнгөрсөн даваа гаригт Баянгол дүүргийн нутаг “Модны 2”-т байрладаг Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэшнл” компанийн байранд гал гарч, онцгой байдлын алба хаагчид гал унтраах зургаан машинтайгаар хүч нэмэгдүүлэн ажиллаа. Уг гал бүрэн унтраагүй байхад олны нэрлэж заншсанаар “Дөчин мянгат”-ын 40 дүгээр байрны дээврийн зүүн хэсгээс гал гарч, 42, 44 дүгээр байрны дээвэрт гал авалцсан юм. Дуудлага өгснөөс 18 минутын дараа аврагчид ирж гурван цаг гаруй ажиллан галыг унтраалаа. Оршин суугчид цахилгааны ачаалал нэмэгдсэнээс болж гал гарсан гэж ярьцгааж байв. Тэдний ярьж байгаагаар “40 мянгат”-ын орон сууцнуудын нэг дүгээр давхарт зоогийн газар, үйлчилгээний байгууллагууд ажилладаг. Үйлчилгээний газрууд цахилгаан их зарцуулдаг хэрэгсэл ашигладаг бөгөөд айлуудын цахилгаан байнга шахам тасардаг аж. Энэ сарын 11-ний өдөр цахилгаан удаан хугацаагаар тасарсан аж. Цахилгаан тасарсан талаар оршин суугчид СӨХ-дөө мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй гэнэ. Энэ мэтээр цахилгааны ачаалал хэтэрч, хэлбэлзэл үүссэнээс гал гарсан гэж оршин суугчид үзэж байгаагаа хэлсэн. Харин мэргэжлийн байгууллагууд галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж шатсан гурван орон сууцыг яаралтай засах үүрэг өгсөн. Тиймээс засварын ажилд хэдий хэмжээний хөрөнгө орохыг өчигдөр судалсан байна. Улмаар тооцоо судалгаагаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мэдэгдэж, өнөөдрөөс засварын ажил эхлэхээр болжээ.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *