Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар, УОК-ын дарга Т.Баярхүү нар Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа. Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа юм.
Энэ үеэр Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, малчдын санаа бодлыг нь сонслоо.
Д.Машбат “Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч, зүтгүү орсон тул энэ жил бог малаа айлд тавьж, өөрсдөө зөвхөн үхэр сүргээ өвөлжүүлж байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс цас багатай ч намар эрт эрс хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсон нь малд халгаатай байна” гэлээ. Мөн оны өмнө хивэг, тэжээлийэ үнэ өсөж 30 мянган төгрөгөөс даваад байсан бол өнөөдрийн байдлаар буурч 25 мянган төгрөг болж байгааг дуулгав.
Малчдын хувьд арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зуны тухайд хонины ноос худалдаж аваагүй, ихэнх нь хаягдсан талаар малчид хэлж байсан юм.