Хэнтий аймагт Хурхын байгаль орчин судалгааны олон нийтийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус аймгйн Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар нь дэлхийд ховордож буй хэд хэдэн зүйлийн тогорууны үржлийг тэтгэж, нүүдлийн үед нь маш чухал амрах газар нь болдог аж.
Тухайн байршилд цэн тогорууны 70 гаруй үржлийн хос өндөглөн зусдаг агаад цэн тогорууны Ази дахь хамгийн өндөр үүрлэх нягтралтай бүс нутаг юм. Иймд Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын тогорууны сангаас Байгаль орчны яамтай байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тогоруу болон экосистемийн урт хугацааны мониторинг судалгааг тогтмол явуулж, мөн нутгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, уулзалтыг зохион байгуулсаар иржээ.
Улмаар төв хэсэгт орших Хулст толгойн бэлд судалгаа, олон нийтийн төв барьж, судлаачид судалгаагаа хийж, нутгийн иргэдэд чиглэсэн экологийн боловсрол олгох сургалт, уулзалтууд зохион байгуулах юм байна.