Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А/879 дугаар бүхий хөрөнгө гаргах тухай захирамж гаргажээ. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжсэн гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлаас хэмнэсэн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 19, 20 дугаар гудамжийн айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах 20 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгосон байна.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.