Баянгол дүүргийн I хорооны иргэн Б.Ганбат
Олон арван үйлдвэр, цахилгаан станцууд, хороолол, үйлчилгээний төвүүд, хэдэн зуун сургууль, цэцэрлэгүүд, ХАА-н олон мянган трактор, комбайнууд, улсын хэрэгцээг бүрэн хангасан газар тариалантай холбоотой үйлдвэрүүд, дэд бүтцүүд, усжуулалтын иж бүрэн систем, тээврийн бааз, хэд хэдэн хотуудын бүтээн байгуулалт зэргийг социализмын үед ЗХУ-аас авсан 11 тэрбум доллартай тэнцэх хөрөнгөөр бий болгосон. Үүнээс хоёр дахин их мөнгийг сүүлийн 10 гаруйхан жилийн дотор гадаадаас зээлээр авч үрэн таран хийжээ. Хэдэн аймгийн төв рүү тавьсан зам, гудамж төсөл, ард түмэнд наалдаагүй 21000 зэрэг энэ өчүүхэн хоёр, гурван ажлаас өөр юу ч бүтээгээгүй байхад энэ их хөрөнгө алга болжээ. Яагаад ийм болов. Газар нутгаа ухаж, алтыг нь авсан боловч хэдхэн хүн баяжиж, ард түмэн улам ядуурлаа. Яагаад ийм байдалд хүрэв. Одоо бүр хэдхэн тонн алтнаас болж Ноён уулаа ухаж, өвөг дээдсийнхээ онгоныг хөндөж хилэгнүүлэх нь. Ямар их сүйрэл дагуулахыг яагаад төсөөлөхгүй байна вэ. Энэ олон лицензийг олгосон том алдааг залруулж, цуцлах ажлыг яагаад хийхгүй байна вэ. Төрөөс зөв бодлого явуулж чадвал гурван сая гаруйхан хүнтэй Монгол Улсын хөгжлийг 60 сая малын бүтээгдэхүүн өлхөн хангах атал яагаад газраа ингэж хавтгайруулж ухаад байна. Газраа ухах тусам гамшиг улам нэмэгддэгийг эрх мэдэлтнүүд яагаад ухаарахгүй байгаа юм. Оюу толгойн гэрээгээр өөрийнхөө баялгийг гадныханд алдаж, Монгол өрөнд оров. Барууны сорон мөлжигчдийн шахалт, лоббигоор 1990-ээд оны сүүлээр баталсан зарим хуулийн дагуу өөрийнхөө юмыг гадны хүнээс худалдаж авсаар л байх уу. Авлигын хар гай энэ биш үү. Өвөг дээдэс минь эх орноосоо урвах байтугай, гол горхио бузартуулсан хүмүүнийг хатуу цээрлүүлдэг байсныг та бид мэднэ. Эх орноо хайрладаг хүний ой тойнд хэзээ ч оромгүй, урвахаас ч долоон дор эрээ цээргүй үйлдэл хийж, улс орондоо маш их хохирол учруулсан оффшорчидтой яагаад хатуу хариуцлага тооцохгүй байна. Монгол төрийн эрх баригчид минь эдгээр асуултуудад хариулт өгнө үү.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН
С.ЦОМОРЛИГ