Урлаг судлаач Ж.Энэбиш
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нэрээ өөрчилснийг би хувьдаа сайн ойлгохгүй л байна. Тус чуулгын удирдлагууд төр, засагтаа хэлэх үгээ арай өөр өнгөөр, тойруу замаар ойлгуулж шийдвэр гаргууллаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, манай ард түмний шоглож хэлдгийн адилаар эрдмийн чуулга “драм” болчихов уу гэх гайхаш төрж байна. Уран сайхны бодлогын гажуудал социализмын тогтолцооны үед манай мэргэжлийн театр чуулгуудын уран бүтээлийн амьдралд тохиолдож байсныг бид мэднэ. “Хөдөө орон нутагт хөгжимт драмын театр олширч, урын сан нь хомсдоод ирэхээр театруудын нэр үүдэн дээрээ үлдэв” гэж шүүмжлэгдэж байсан үе бий. Үүн лүгээ адил XXI зууны эхэнд Үндэсний дуу бүжгийн чуулга олширч, урын сангийн бүрдэл нь ижилсээд ирэхээр ҮДБЭЧ нэрээ өөрчлөх болов уу гэж эргэлзэх болов. Чуулгууд олширсныг буруу гэх нь юу л бол. Тэгэх тусмаа ҮДБЭЧ-ын урын сангийн бодлого, бүтээлийн төрөл бусдаасаа ялгарна уу гэхээс бусдыг дуурайгаагүй. Тэгээд ч тус чуулгын уран бүтээлчдийн уран чадвар, концертын найруулга байнга шинэчлэгдэж, өсч өндийж ирснийг чуулгын 66 жилийн түүх гэрчилнэ. Энэ чуулгын урын сан, найруулга зүй, уран бүтээлчдийн өсөлтөд “байнгын харуул” хийж ирсэн миний шүүмжүүдийн үнэлгээ ч дээрх түүхэн амжилтад дэм болсон байж юу магад. Бодит байдал ийм байсаар байтал дэлхийд алдартай энэ чуулга яахаараа “эрдмийн чуулгаа их театраар” солих болов оо! Төр засгаасаа өрх тусгаарлах санал авсан нь сайшаалтай. Ингэлээ гээд чуулгын урын сангийн бодлого, концертын байгууллагын үндсэн чиглэл өөрчлөгдөх үү? Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар өөрчлөгдөнө гэж үү!