ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Штефан Кауфманнтай уулзлаа.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 45 жилийн түүхтэй Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж буйг дурдаад цаашид эрдэс баялаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт харилцаа хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх боломж буйг тэмдэглэв. Мөн 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжихэд Германы улс төрийн Конрад Аденауэр, Ханс Зайдел, Фридрих Эберт сангууд зөвлөгөө өгч, дэмжин ажиллаж байсанд талархлаа илэрхийллээ.