МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХИЛ БАЙТАГ БОГДЫН ТУЛГАРАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, ахлах дэслэгч Г.Хаянхирваад Байлдааны цусан гавьяаны улаан тугийн одон гардуулав
Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж, хүн төрөлхтөнд энх амгалан цаг айлчлан ирсэн ч НҮБ-д ч элсэж амжаагүй Монгол Улсын хувьд хил хязгаар үргэлжид түгшүүртэй байв. Тэр л үед өөрсдөөсөө арван тав дахин их зэвсэгт хүчинтэй дайсантай тулгарч алтан амиа өргөж, ариун цусаа өгөн эх орныхоо сөөм газрын төлөө тулалдсан Байтагийн арван баатрын түүхийг бид хэзээ ч мартаж үл чаднам. Ай, ямархан аавын хөвүүд тэгж ард үлдсэн бүхнээ огоорон ард олныхоо төлөө амиа өгдөг байнам даа. Байтаг Богдын тулгаралтад есөн дайчнаа удирдан эрэлхэг тулалдсан Хилийн 24 дүгээр отрядын аравдугаар заставын улс төрийн орлогч, дэслэгч Гомбожавын Хаянхирваагийн охин Алтанцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.
Х.Алтанцэцэг
-Монголын ард түмэн “Байтагийн арван баатрын домог”-ийг бүгдээрээ мэднэ. Таны аав Г.Хаянхирваа тэр есөн баатрыг удирдаж явсан хүн дээ?
-Миний аав Гомбожавын Хаянхирваа 1921 онд хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Намнан уулын өвөр Арслан толгой гэдэг газарт төрсөн гэдэг. Эцэг Сосорбурам нь тайж хүн байсан учир өвөг Гомбожаваараа овоглосон байдаг. Эх нь Цэрэнчимэд гэж малчин хүн байсан. Аав маань эцэг эхээс есүүлээ, айлын хоёр дахь хүүхэд. Зулай дээр нь гишгэж төрсөн ах нь Загдаа. Дүү нар нь Хишигт, Дуламсүрэн, Дугар, Загдаасүрэн, Дэлгэрэх, Чулуун, Наваан гэж хүмүүс байлаа. Аав маань бага насаа эцэг эх, дүү нартайгаа өнгөрөөж, Намнан уулын хүрээний хамба лам, нагац ах Дамдин гавжид долоохон насандаа шавилан 18 нас хүртлээ шавилсан түвд, монгол бичигтээ гарамгай хүн байсан юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд шашны өндөр боловсролтой, нүгэл буяныг гүнээ ойлгосон лам хүн л байхгүй юу даа. Аав минь шашин номын талаар ил цагаан яриад байхгүй ч аливаад сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Аавын нутгийнхан мал маллахаас гадна шар будаа тарьдаг байж. Аав багаасаа л энэ төрлийн ажлыг хийдэг байсан юм билээ.
-Аавын тань энгийн амьдралын намтрыг мэдэх хүн цөөхөн. Хамгийн гол нь Байтаг Богдод юу боллоо гэж харах хүн олон. Буун дуу тасраагүй дайны утаа суунаглаж байсан тэр л жилүүдийн тухай юу хуучилдаг байв?
-БНМАУ-ын Халхын голд болсон 1939 оны дайн, 1941-1945 онд болсон дэлхийн хоёрдугаар дайны ялалт зарим улс орны эрх ашигт нийцээгүй нь анзаарагддаг. Эзлэн түрэмгийлж колоничлох байдлаа хадгалж үлдэх нь их гүрнүүдийн амин чухал асуудал байж. Хятадад Ардын чөлөөлөх арми ялалт байгуулахын эсрэг гоминдан, хасгийн дээрэмчин Оспаны оролцоотой Шар сүмийн районд тагнуулын хэд хэдэн отряд байгуулан, тэднийг зэвсгээр хангаж америкийн мэргэжилтнээр удирдуулан хичээллүүлж бэлтгэсэн байдаг. Эдгээр дээрэмчид Монгол Улсын баруун хилийн амгалан тайван байдалд мөнхөд заналхийлж байв. Зөвхөн 1947-1950 оны хооронд хилийн зөрчил тулгаралт, байлдаанд манай 240 гаруй хүн эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө алтан амиа алдсан байдаг.
-Та бид хоёрын яриа түүхийн албан ёсны хуурай цөл рүү даялаад байх шиг санагдах юм. Хамгийн гол нь аавын чинь тухай ярих гэсэн хэрэг шүү дээ?
-Мэдэж байна аа. Байтаг Богдын тулгаралт жирийн нэг жалгын толхилцоон биш байсныг л хэлэх гэж эгч нь ийн улиглаад байгаа хэрэг. Би аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж “Эх орны төлөө зүтгэе” гэсэн дурсамж номыг энэ онд хэвлүүлсэн. Амьд ахуйдаа үгэн-суман сийчүүлсээр сэтгэлийн зовлонтой буцсан аавынхаа гэгээн сүнсийг баярлуулах гэсэн юм. 1948 оны долдугаар сарын 8-нд гоминданы 170 гаруй зэвсэглэсэн дээрэмчдийн эсрэг манай арван хилчин тулж байлдан ялсан түүхэн үйл явдлыг бодохоор сэтгэл шимширмээр санагддаг. Эгч нь энэ номоо сэтгэл зүрхний хөөрлөөр биш, дан түүхэн баримтад түшиглэн бичсэн. 170 дайсан болоод есхөн хүнийг харьцуулаад бодохоор тэд манайхнаас арван тав дахин их байсан байдаг. Энэ хилийн манааны ахлагчаар томилогдон ажиллаж байсан миний аав, ахлах дэслэгч Г.Хаянхирваа цэргийн амьдралтай хэрхэн холбогдсоныг дурдвал 1939 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотод ирээд, 1940-1943 онд Цэргийн төв сургуульд суралцан төгсөж, улмаар 1943-1946 онд Сүхбаатар аймгийн Олон булгийн, Дорнодын Чоно голын заставт улс төрийн орлогч, 1946-1948 оны дунд үе хүртэл Халхын голын Сүмбэрийн долдугаар заставын улс төрийн орлогчоор, 1948 оноос Байтаг Богд, Бүдүүн Харгайтад байх Дамжигийн усанд байрлах заставт улс төрийн орлогчоор тус тус ажилласан байдаг. Аав Дорнодын Чоно гол, Халхын голын хилийн заставт ажиллаж байхдаа “Онц хилчин”-ээр тодорч байсан хүн дээ.
Зүүн гараас урд эгнээ Г.Хаянхирваа, хүү Баатархүү, эхнэр Ажаахүү Арын эгнээнд охин Алтанцэцэг, дүү Түмэндалай
-Аав тань тэр хилийн манааны ахлагчаар томилогдсон байсан гэл үү?
-Монгол Улсын баруун хилийн хамгаалалтыг чангатгах зорилгоор шилэгдсэн хилчин дайчдыг зүүнээс баруун руу шилжүүлэхэд аав хамрагдан 1948 оны тавдугаар сард Ховд аймгийн Булган сумын Байтаг Богд Дамжигийн усанд байрлах хилийн заставт шилжин ирж ажилласан юм билээ. Аав маань газар орны байдалтай танилцахын зэрэгцээ элстэй хайрцаг хиймэл дүрсэн дээр хилчдийг хаана, яаж байрлуулах, ээлжээр яаж амраах, хэрэв дайсан тулгарвал хэрхэн цохилт өгөх, ар талын нэмэгдэл хүчтэй ямар дохио зангаагаар харилцах зэрэг сургалтыг сумангийн дарга ахмад Мадригийн хамт судалж байсан гэдэг. Аавын удирдсан арван хилчдийг манаанд гарахын урд өдөр буюу 1948 оны долдугаар сарын 5-ны өдөр дайсны 20-иод морьтой цэрэг хилд ойртон ирж үүнээс дөрвөн хүнтэй тагнуулын хэсэг манай хилийн постын байранд 200-300 м ойртон тагнаж байгаад буцсан тухай мэдээг хүлээн авсан байдаг. Энэ цаг үе нь улсын баяр наадам ойртож байсан цаг үетэй давхцаж байсан зэргээс шалтгаалж хилийн постыг хүч нэмэгдүүлэн офицероор ахлуулах даалгаврыг дээд удирдлагаас сумангийн дарга ахмад Х.Мадригт үүрэг өгсөн гэдэг. Аав баруун хилд ирэхээс өмнө Халхын голын Олон булгийн сумангийн харьяа Сүмбэрийн заставт ажиллаж байхад сумангийн дарга Х.Мадригтай ажиллаж байсан байдаг. Иймээс ахмад Х.Мадриг ажлын туршлагыг харгалзан итгэл хүлээлгэн эгзэгтэй үед хилийн манааны ахлагчаар аавыг томилсон юм билээ.
-Ямар шийдвэрээр томилсон байдаг бол?
-1948 оны долдугаар сарын 6-нд заставын даргын тушаалаар аавын удирдлагад тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, байлдагч Л.Даваадорж, Н.Дандархайдав, Б.Баян, Ч.Пэлжээ, Ч.Гончигзэгвэ, Д.Чойжин, Э.Архад нарт хүч нэмэгдүүлсэн хилийн постын үүргийг гурван хоног гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн байдаг. Эд нар тус бүрдээ 120 сумтай винтов, хоёр ширхэг гранаттайгаас гадна дундаа нэг хөнгөн пулемёт авч явжээ. Дайсан нэвтэрч болзошгүй гэж үздэг байсан Бүдүүн Харгайтын голын адаг хэсгийг долдугаар сарын 6-7-ны шөнө боож, отож хянаж хоножээ.
-Тулгаралтын эгзэгтэй мөч хормын тухай аав чинь юу гэж ярьдаг байв?
-Долдугаар сарын 8-ны өглөө долоон цагийн орчим Б.Тэгшээ, Б.Баян хоёрыг хилийн постондоо үлдээж бусад хилчид цайгаа чанах гэж байтал “Дайсан ирлээ” гэдэг дохиог хүлээн аваад бүгд санд мэнд галаа унтрааж постын өндөрлөгт очиж байраа эзлэхэд Бүдүүн Харгайтын голыг уруудан 20 орчим морин ачаанд зэр зэвсэг ачсан 170 гаруй, рот орчим цэргүүд гол уруудан ирж яваа харагджээ. Эд бол Мэргэн ууланд бут цохигдсон 22 дайчныхаа өшөөг авч амьд хэл баривчлах зорилгоор “баатар” хэмээгдсэн Манатаар гэдэг хүнээр ахлуулсан 170 орчим цэргийг Сантуха тосгон дахь хуарангаас явуулж байсан байдаг. Эдгээр дээрэмчид Америкийн зэвсэг техникээр иж бүрэн зэвсэглэсэн байж. Дайсан уулын цаанаас далд хараагаар бууддаг 50-75 мм-ийн миномёт 4, хүнд пулемёт 2, хөнгөн пулемёт 6, винтовын бөмбөг буудагч хоёртойгоос гадна хүн бүр Америкийн хутган жадтай винтовоор зэвсэглэсэн байсан тухай зэвсгийн шинжээчид тогтоосон байдаг. Зэвсэглэсэн дайсан хилд тулж ирээд өдөөн хатгаж байгаад буцах тохиолдолд манай хилчид хэт давуу хүчний эсрэг эхэлж гал нээж дайн өдөөхгүй байх зарчим баримталдаг байсан юм билээ. Манай улсын хилд ихээхэн хэмжээний хүн хүч зэр зэвсэгтэй дайсан тулж ирэн дайн өдөөх болсон шалтгаан нь манай хилчдийн байлдааны арга техник хүн хүч үзэл санааны байдлыг сорин танихын зэрэгцээ мөн оны зургадугаар сарын 2-6-нд Мэргэн ууланд болсон тулгаралтад манай дайчдад бут цохигдсон дайсны талын шилдэг гэгддэг 22 хүнийхээ өшөөг авах мөн амьд хэл олзлох, боломж гарвал газар нутгаас тасдан эзэмшин хяналтаа тогтооход давхар чиглэгдэж байсан гэдэг. Энэ удаа манай хилчдээс 12-15 дахин илүү хүн хүч, зэр зэвсэгтэй зэвсэглэсэн дайсан манай улсын хилд тулж ирээд ачаа бараагаа буулгах хандлагатай болсон тул дайн өдөөх нь гарцаагүй болсон байна. Иймээс аав маань хүчээ дайны үеийн зохион байгуулалтад оруулж, дайчдаа хуваарилсан байдаг.
-Тэгээд яасан бол?
-Хилчин Ч.Пэлжээг морьдын хамгийн сайныг шилж унуулан 36 км-ийн зайд байрлах ар талд яаралтай холбоо барихаар явуулах, Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг баруун хойд талын өндөрлөгийг эзлэн байрлах, Д.Чойжин, Н.Дандархайдав, Л.Гочингзэгвэ нарыг зүүн талын өндөрлөгийг эзлүүлэн байрлуулахаар тогтжээ. Энэ хоёр өндөрлөгийн голын онинд командын удирдлага болох аав, Б.Баян нар байрласан байгаа юм. Э.Архад ар талын хэвгийд морь барьж хамгаалахаар болсон байна. Хилчдийг таран байрлахаас өмнө ахлах дэслэгч Г.Хаянхирваа дайчдадаа хандан хэлсэн үгийг хамт байлдсан Д.Чойжин 1948 оны долдугаар сарын 27-нд өгсөн ярилцлагадаа “Айх хэрэггүй, сумаа гамнасугай, харин түргэн групп удаж магадгүй. Сум дуусвал гранатаа өөр дээрээ тэслэх хэрэгтэй” гэхэд, бүгдээрээ “За мэдлээ” гэж хэлээд гурван толгойг эзлэхээр болж бэлхэнээ болсон” гэсэн байдаг. Зэвсэг техник, хүн хүчний давуу байдалдаа эрдсэн дайсан гал нээх тушаал өгөх тэр агшинд хилийн манааны ахлагч Г.Хаянхирваа улаан пуужингаар гал нээх тушаалыг дайчдадаа өгсөн байна. Дайсны эхний цохилт манай холбоочныг саатуулахад чиглэгдэж байсан боловч хамгийн сайн сургуультай Баянбалын Тэгшээгийн хүрэн халзан морийг унасан Ч.Пэлжээ дайсны суман мөндрөөс гарч асга, хад, гуу жалга, атираа, нугачаа ихтэй 36 км-т байрлах ар талд холбоо барьж чадсан түүхтэй. Энэ дайны дараа хүрэн халзан морийг дархалсан гэдэг.
-Байлдааны үйл явцын тухай аав тань ярьдаг байв уу?
-Байлдаан эхэлж байх тэр үед манай дайчдын хөнгөн пулемётын дуу тасралтгүй тачигнаж, винтовын мэргэн галд дайсан хиар цохигдон байх тэр агшинд Байтаг Богд Бүдүүн Харгайтын голын лус савдаг эзэн нь эрэлхэг дайчдынхаа эр зоригийг бахархан бас өрөвдөн байрлаж байсан болов уу гэж аав минь дурсан ярьж байсан. Байлдаанд хилчин Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан нар сумаа дуустал эр зоригтой байлдаад олон удаа шархдаж эгзэгтэй үед өөрсөд дээрээ гранат тэсэлж, барихаар тойрон ирсэн дайсныг устган алтан амиа эх орондоо өргөсөн байдаг. Байлдагч Л.Дандархайдав байлдааны явцад хэд хэдэн удаа шархдан байраа өөрчилж байлдаж байсан боловч хүч тамир нь буурахад дайсан түүнийг амьдаар нь барихаар ойртоход дайснаас өрсөж өөрийгөө буудаж, цугласан олон дайсны өмнө эх орон газар шороо, аминаас үнэтэй байсныг харуулж чадсанаараа тэдэнд сэтгэл зүйн том цохилт өгч байсан гэдэг. Л.Дандархайдав маш сайн ухуулагч байсан бөгөөд зүүн хязгаараас манай аавын хамт шилжиж ирсэн байсан юм билээ. Хилийн манааны ээлж болоогүй байхад өөрийн саналаар манаанд гарч байсан гэхээр ямар гайхамшигтай эр зоригтой хүн байсан нь мэдэгддэг. Байлдагч Б.Баян дайсны өөдөөс нилээн сайн эсэргүүцэн байлдаж байсан боловч тулалдааны явцад шархдан буу нь гацаж хүндрэл учирснаас аргагүй давуу хүчинд автан дайсны суманд оногдож амиа алдсан юм билээ.
-Дайн гэдэг ч хүн хүсэхээргүй зүйл гэдэг нь тодорхой доо?
-Байлдаан эхлэхээс өмнө нам гүм, тайван байсан орчинд буун дуу тачигнан хад чулуу нүргэлэн цуурайтахад зогсоолдоо байсан манай морьд догшрон цовхорч, тал тал тийшээ зүтгэлэхэд хилчин Э.Архад эр чадлаараа тогтоох гэж үзсэн юм билээ. Энэ үед манай холбоочин Ч.Пэлжээ морио унаад хяр давж байгааг харсан дайсан энэ зүгт галын хүчээ төвлөрүүлснээр морьдыг хянахын зэрэгцээ байлдаж байсан хилчин Э.Архад дайсны суманд оногдож амиа алдсан нь гунигтай. Тэмцэлдэн байлдаж байгаа хоёр талын галын хүч дээд цэгтээ хүрч, аль аль тал нь ихээхэн хохирол амсч байх тэр агшинд дайсны командлагч манай суманд өртөн амиа алдсан гэдэг. Энэ үед дайсан галаа түр зогсоосон боловч хэсэг хугацааны дараа дайралт улам ширүүсч манай амьд үлдсэн гурван дайчдыг тус бүрд нь бүслэн олзлохоор улайран дайрсан юм билээ.
М.МӨНХСАЙХАН
Үргэлжлэл бий